Хакуход анхааруулга өгнө

hakuhoЯпоны Эзэн Хааны цомыг 33 дахь удаагаа хүртэж, олныг баясгасан их аварга Хакүхо ганцхан өдрийн дараа шүүмжлэлийн бай болон хувирлаа. Башёд түрүүлсэн бөх маргааш өглөө нь дэвжээндээ хэвлэлийн бага хурал хийлгэдэг уламжлалтай. Миягино дэвжээнд цугласан сэтгүүлчдийн өмнө Хакүхогийн хэлсэн үг Сүмогийн холбооны эрх мяндагтнуудын уурыг хүргэж, хэвлэл мэдээллийнхний олз болж орхилоо. 33 дахь түрүүнийхээ тухай ярьж суусан их аварга “Сэтгэл гонсойлгосон ганцхан зүйл байна. Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаад ялчихаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэн дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав? Дүрс бичлэгээр нягталсан мөртлөө ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгч нар бүгд л урьд нь барилдаж явсан улсууд байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай. Үзэгчид дахин барилдуулья гэж хашгирсан ч үнэн зөв шүүх хэрэгтэй. Арьсны өнгө үүнд хамаагүй, магэ үсээ янзлаад дохён дээр гарсан л бол бүгд адилхан япон гэсэн үг. Бүгд ижилхэн л хүн” гэж засуулуудыг шүүмжилсэн билээ. Засуулууд ялангуяа тэр барилдааныг шүүсэн ояката нар үүнийг тун эмзэг хүлээн авсан нь ойлгомжтой. “Аварга хүний буурь суурьгүй байна”, “Үндэсний спортыг юу гэж бодоод байна” гэж шүүмжилсэн бол ерөнхийлөгч Китаноүми энэ сарын 29-нд болох холбооны хурал дээр Хакүхогийн багш Миягино оякатаг дуудан, хатуу анхааруулга өгөх болсноо мэдэгдсэн. Сүмогийн холбооны шүүлт хариуцсан ояката нар холбоонд хандан, ёкозүна Хакүхог дуудан, учрыг лавлах хүсэлт тавьжээ. Зарим ояката яагаад ийм үг хэлсэн талаар асууж лавлах биш Хакүход сүмогийн түүх, засуул, шүүгчийн ажлын талаар хичээл заая гэж ч санал гаргасан байна.

Наран орны хэвлэл мэдээлэл ч тэмцээн дууссанаас хойш Хакүхог нэлээд шүүмжилж байна. “Хатуу ширүүн барилдаж байна”, “Өрсөлдөгчөө ялчихсан хойноо нэмж түлхдэг”, “Шагналын мөнгө авахдаа хөмхий зуугаад л”, “Тайхо аварга ийм байгаагүй” гэхчлэн янз бүрээр өөлөөд буй. Хакүхогийн хэвлэлийн бага хурлын дараа Сүмогийн холбоонд 100 гаруй хүн утасдаж, Хакүхог шүүмжилсэн бол Хакүхог дэмжигчид харин түүний албан ёсны блогт дэмжлэгийн үгээ бичиж байна. Хакүхогийн блогт “Хакүхо бол ямар ч япон хүнээс илүү Японы зан заншлыг ойлгодог хүн”, “Хакүхо чи бол жинхэнэ самурай”, “Битгий ай, бид чамтай хамт” гэх зэргээр сэтгэгдлээ бичсэн байна. Харин Миягино ояката 27-нд “Хакүхог би дуудаж, анхааруулга өгсөн. Тэр уучлаарай хэмээн хүлцэл өчсөн” гэж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Гэхдээ 29-нд багш шавь хоёр хамтдаа Холбооны хуралд дуудагдаж, сануулга авах шинжтэй байна. Хацү башёд түүхэн амжилт тогтоосон их аварга Хакүхог зодог тайлсан хойноо ояката болж, дэвжээ нээхийн тулд Японы иргэн болох ёстой гэж Холбооны ерөнхийлөгч Китаноүми мэдэгдсэн билээ. Хацү башёгийн дараах хүлээн авалтанд сэтгүүлчид Миягино оякатагаас “Хакүхо Японы иргэн болох уу” гэж асуухад ояката “Ямар ч гэсэн Японы иргэн болох байлгүй. Өөрөө ч тийм бодолтой байгаа байх” гэж хариулсан байна. Харин хүүгийнхээ түрүүг тэмдэглэхээр Наран оронд очоод байгаа Ж.Мөнхбат аварга энэ асуултанд “Одоо иргэншлээ сольж байх цаг биш” хэмээн хариулжээ.

www.mongolnews.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …