НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын суурьшил бүхий 27.680 га нутаг дэвсгэрийн 21.823 га газрыг гэр хороолол эзэлж байна. Гэр хороололд Улаанбаатар хотын нийт хүн амын 68 гаруй хувь буюу 186.000 гаруй өрх амьдарч байна гэсэн статистик судалгаа байгаа юм. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг. Энэхүү журам нь нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд 6 бүлэг 98 зүйл заалттай.
“Газар шинэчлэн зохион байгуулах” үйл ажиллагаанд иргэдийн санал санаачилгыг тусгаж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх 9 алхам төсөл байдлаар явуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм. Ингэхдээ иргэд газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдах талаар хүсэлт гаргана – Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хүсэлтийг хүлээн авч анхан шатны судалгаа хийнэ – Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хамрах хүрээг тогтооно – Тогтоосон хамрах хүрээнд иргэдийг бүлгээр зохион байгуулна – Мэдээлэл, сурталчилгаа, сургалт, суурь судалгаа хийнэ – Иргэдийн санал санаачилгыг тусгасан хотын ерөнхий төлөвлөгөө бүхий төслийг боловсруулна – Боловсруулсан төслийг Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар гэх мэт байгууллагатай харилцан зөвшилцөнө – Иргэдийн ашиг сонирхол болон хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн төсөл бэлэн болно – Төслийг НИТХ холбогдох төсвийн хамт батлах юм. Мөн газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг төслийн бэлтгэл үе шат, төсөл боловсруулах үе шат, төсөл хэрэгжүүлэх үе шат, төслийн төгсгөлийн үе шат гэсэн үндсэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Бэлтгэл шатанд гэр хорооллын иргэдийг мэдээллээр хангах, төслийн талбарыг тогтоох, төслийн талбарт нийгэм, эдийн засгийн болон төлөвлөлтийн судалгаа хийх, судалгаанд дүн шинжилгээ хийх, иргэдийн бүлэг байгуулагдахад дэмжлэг үзүүлэх.
Төсөл боловсруулах үе шатанд төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний даалгаврыг баталж, эх загвар, зургийг боловсруулах, газар өмчлөгч, эзэмшигчидтэй хамтран төслийн баримт бичиг боловсруулж батлуулах.
Төсөл хэрэгжүүлэх үе шатанд инженер, геологийн судалгаа хийх, ажлын зураг боловсруулах, батлуулах, төсөл хэрэгжүүлэгч талууд гэрээ байгуулах, барилга байгууламжийг барих, нөөц газрыг борлуулах.
Төслийн төгсгөлийн үе шатанд батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх, газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг шинэчлэх бүртгүүлэх, борлуулсан нөөц газрын эрхийг шилжүүлэх, төслийн хэрэгжилтийн тайланг дүгнэх гэсэн 4 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.