ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2015оны 2 дугаар сарын 5-нд ҮДБЭЧ-ын тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.
Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсероор Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ын захирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат, Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, ҮДБЭЧуулгын маркетингийн алба ажиллаж байна. Гол дүрүүдэд:
- Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ,
- Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,
- Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,
- Бөртэ хатан бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал,
- Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,
- Сорхагтан хатан – бүжигчин МУСТА М.Бямбаа,
- Чимбай- бүжигчин Л.Энхболор,
- Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,
- Мандухай – бүжигчин МУСТА Ж.Мандухай нар болон
- ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал
- Удирдаач Н.Буянбаатар
- Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.
“МОНГОЛЫН ИХ ХАТДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжиг хатдын танилцуулга
1. Хоо марал хатан / Хоо марал хатны дүрд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, бүжигчин Саранцэцэгийн Цэцгээ/
Бида хэмээх Монгол Улсын анхны ноён Хиад /Хиад Боржигон/ овгийн удирдагч Бөртэ чину, Гэргий Хоо маралын хамт 8-р зууны үед Эргүнэ-Хун хэмээх нутгаас /Сияны нуруу/ нүүдэллэн Онон, Хэрлэн, Туул голын эхэн Бурхан Халдун уулнаа ирэн суурьшсан домогтой. Батцагаан /Батачихан/ хөвүүнийг төрүүлсэн буюу. Монголчууд бидний бахархалт дээд өрлөг эх болох бөлгөө.
2. Алун гоо хатан / Алун губай хатан/- Алун гоо хатны дүрд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, бүжигчин Гэрлээгийн Уянга
Алун гоо хатан бол Хорь түмэдийн ноён Хорилдай мэргэн, Баргужин гоо хатан хоёрын охин 10-р зууны үед амьдарч байсан /930-940 оны үед төрсөн/. Бөртэ чинугийн арав дахь үеийн ач, Чингис хааны арван нэг дэх үеийн дээд өвөг Добу мэргэний гэргий.
Бүгүнүдэй, Бэлгүнүдэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүн төрүүлсэн. Алун гоо хатны үр хүүхдүүддээ захиж сургасан сургаал нь олон үеийн туршид Монгол төр ёсны оршин тогтнох эв эеийн сургаал номлол болон уламжлагдаж ирсэн билээ.
3. Өэлүн хатан / Өэлүн хатны дүрд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, бүжигчин Төмөрхуягийн Ариунжаргал/
Хатан төрсөн үжин эх
Хатаасан шор барин явж
Халдун уулыг өгсөж уруудаж
Хавийн мангирыг малтан түүж
Хаад хөвүүдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идүүлж өсгөв./ Монголын нууц товчоо/
Сурвалж бичигт тэмдэглэснээр Өэлүн хатан 1143 / заримд нь 1139 онд/ онд төрсөн. Хонгирад /аймгийн/-ын Горлос аймгийн Олхонуд овгийн Нохосын охин. Хиад Боржигоны Есүхэй баатрын гэргий. Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн, Тэмүлүн охин төрүүлсэн.
Чингис хааны зарлигаар 1206 оны Их хуралдайд “Төрийн хатан эх”-ээр өргөмжилсөн. 1220 онд нас барсан.
4. Бөртэ хатан / Бөртэ хатны дүрд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, бүжигчин Пүрэвмашын Мөнхцацрал/
Дэй сэцэн эцгийнхээ өргөөнд
Дэлгэрч ургасан охин заяа
Дэлхийг тохиноосон хаан Чингисийн
Дэргэд заяасан хатан заяа
Суут Чингисийг есөн ослоос
Сэрэмжлэн аварсан Бөртэ сэцэн
Хонгирад аймгийн Босхаул овгийн Дэй сэцний охин. 1161 онд төрсөн. Чингис хааны их хатан. Зүчи, Цагадай, Өгэдэй, Толуй дөрвөн хөвүүн, Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Түмэлү, Толой зургаан охин төрүүлсэн. 1265 онд Хубилай хаан өөрийн эмэг эх Бөртэ хатныг “Богдын түшээ, гэгээн ивээлт хатан” эрхэм цолоор нэхэн шагнасан.
5. Дөргэнэ хатан /Туркана хатан/ /Дөргэнэ хатны дүрд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, бүжигчин Энхтайвангийн Номин/
Найман аймгийн удирдагч Тогтоа бэхийн ахмад хөвүүн Худугийн хатан байгаад 1204 оны мэргэдийг байлдан дагуулсан дайнаар олзлогдсонд Чингис хаан өөрийн хөвүүн Өгэдэйд хатан болгон өгсөн.
Дөргэнэ хатан Гүюг, Годан, Хүлгэн, Хүчү, Хадаан таван хөвүүн төрүүлсэн. Өгэдэй хааныг нас барснаас хойш 1241-1246 оны хооронд Их Монгол Улсын төрийг барьсан хатан.
Төр барих хатан ухаан, шантаршгүй зоригтон байсан боловч төрийн хуйвалдаанд оролцон Их Монгол Улсын дотоод хямралыг дэгдээгч алдаатан хэмээгдэн түүхэнд үлдсэн.
6. Сорхагтани хатан / Сорхагтани хатны дүрд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан , бүжигчин Мягмарын Бямбаа /
Хэрэйд аймгийн ван Тоорилын дүү Жаха хамбугийн Онхожин овогт Сорхагтани 1203 онд Чингис хааны отгон хөвүүн Толуйн хатан болсон.
Сорхагтани хатан бол их хаан Мөнх, Юань улсыг үндэслэгч Хубилай, Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү, уугуул Монгол орноо захиран суусан Аригбөх дөрвөн их хааныг төрүүлсэн их гавьяатан.
1225 онд Чингис хааны зарлигаар “Төрийн бөө цэцэн хатан”-аар өргөмжлөгдсөн. 1252 онд насан эцэслэх хүртлээ Их Монгол Улсын Их хуралдайн даргаар томилогдон ажилласан төрийн мэргэн түшээ, чадварлаг удирдагч хатан байв.
7. Чимбай хатан /Чабуи хатан/ /Чимбай хатны дүрд бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор /
Хонгирад аймгийн Алчи ноёны охин. Хубилай хааны олон татвар эмээс оюун ухаан, авьяас билгээрээ тодрон Юань гүрний их хатан болж чадсан ухаант хатан.
Дорж, Мангала, Чингим, Номгон дөрвөн хөвүүн төрүүлсэн.
1294 онд Хубилай хааны ач хөвүүн Өлзийт Төмөр хаан эмэг эх Чимбай хатныг “Гэгээн ухаант зохист хатан эх” хэмээн өргөмжилсөн.
1284 онд нас барсан.
8. Самар хатан /Самур хатан/ / Самар хатны дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжигчин Шагдарын Одонтуяа/
Элбэг нигүүлсэгч хаан Майдарбал, хатан Гэвгүдэй хоёрын охин. Ойрадын Батулай чинсаны гэргий, жинхэнэ боржигон овгийн хатан. Монгол төрийн “Харанхуй үе” гэгддэг 14-р зууны үед Чингис хааны алтан ураг, Боржигон аймгийн ганц удам Баянмөнх жононг аварсан их гавьяатан. Алтан ургийн төлөө, нийт монголчуудын эв нэгдлийн төлөө өөрийн ач хүү Ойрадын Эсэн тайжтай өндөр дээд настай ч / 70 гаруй настай/ тулалдаан хийж явсан баатар хатан.
9. Мандухай сэцэн хатан/ Мандухай сэцэн хатны дүрд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, бүжигчин Жамсрангийн Мандухай/
Түмэдийн энгүд овгийн Цоросбай Төмөр чинсангийн охин Мандухай сэцэн хатан 1448 онд төрсөн / зарим сурвалж бичигт 1438 онд төрсөн гэж бичсэн/.
1465 онд 16 настайдаа Мандуул хааны хатан болсон. Мандуул хааныг нас барсны дараа алтан ураг, Монгол Улсын төлөө 7 настай Батмөнх хүү /Баянмөнх жононгийн хүү /-тэй сүй тавьж Монгол төрийг удирдсан. 1470 онд Батмөнхийг хаан ширээнээ суулган “Даян хаан” хэмээн өргөмжилсөн. 1488 онд Хэрлэн мөрний хөвөөнд их найр хийж төр улсаа засах дархан эрхээ шилжүүлэн өгсөн.
Мандухай сэцэн хатан Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Алчуболд, Ичирболд, Очирболд 7 хөвүүн, Төрөлт гүнжийг төрүүлсэн өрлөг эх. Бүх Монгол Улсаа 40 жил нэгтгэн захирсан сэцэн билэгт хатан, төрийн гарамгай бодлоготон.
www.Urlag.mn