УИХ-ын өчигдрийн чуулганаар Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж, баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Арвин Малайз, Монгол улс хоёрын хооронд дахь дипломат харилцаанд сэв суулгахаар үг хэлж олныг алмайруулав. Түүнийг зөвхөн ингэж хэлснийх нь төлөө парламентын гишүүнээс нь огцруулах тухай асуудлыг хөндөж ч мэдэхээр юм.
УИХ-ын гишүүн Д.Арвин Элчин сайдаар томилогдсон хүмүүсийг боловсролтой, хүнлэг гэж ярьж байснаа гэнэт асав. Тодруулбал, тэрбээр “Малайзад суусан өмнөх элчин сайд их муу ажилласан шүү. Гадаад харилцааны яам Ш.Алтантуяагийн аавийнх нь хүсэлтээр ажилласан болохоос биш ер нь элчин сайдууд муу ажилласан. Учир нь Малайзын Засгийн газар Монголын ард түмнээс уучлалт гуйгаагүй байгаа. Өөр орон байсан бол бараг байлдах байсан байх. Хоёрын хоёр эмэгтэйн амийг авчихаад байхад бид нар энд гөлийчөөд сууж байгаа нь дэндүү хайхрамжгүй байна. Тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд дандаа толгойг нь илээд тэдний талд байсан нь мэдрэгдэж байсан. Та нар төрөөс цалин авч байгаа. Тэгэхээр Малайзад суух элчин сайд очоод Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдийг үнэхээр цаазаар авч байна уу, үгүй юу гэдгийг мэдээд Монголын ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Хоёрдугаарт Монголын ард түмнээс уучлалт гуйлгах хэрэгтэй. Мэдээж бурхан шийтгээд Малайзын онгоцуудыг сүйрүүлээд бодийг нь хөтөлсөн. Би мэдэж байгаа юм. Гэхдээ Монголын ард түмэн зүгээр сууж болохгүй” гэв.
Үүнийг сонссон УИХ-ын зарим гишүүд “Ий. 2 бүсгүйн амь нэхэх гэж байгаад хоёр онгоц унагасан хэрэгт орох нь байна шүү дээ. Бодож яриач дээ манай ангийнхаан” гэх мэтээр жиргээд авсан.
Ямартай ч Д.Арвин гишүүн ийм хариуцлагагүй мэдэгдлийг хийв. Тэрбээр үнэхээр заналч гэдгээ үүгээр харууллаа. Манайхаас өөр орон байсан бол дайтах байсан гэх мэтээр дайн тулаанд өдөөн хатгаж буйг нь анзаарахгүй орхиж болох ч “Бурхан шийтгээд Малайзын онгоцуудыг сүйрүүлээд бодийг нь хөтөлсөн байгаа л даа. Би мэдэж байгаа юм. Гэхдээ Монголын ард түмэн зүгээр сууж болохгүй” гэх мэтээр хэлснээс нь үзвэл өөрийгөө бөөгийн шашинтай Дондогдулам хатны онгодтой ярилцдаг гэх мэтээр ярьж явдаг нь ортой бололтой.
Одоогоос долоон жилийн өмнө болсон Ш.Алтантуяагийн хэргийн алуурчин олдож цаазын ял сонссон. Удахгүй цаазаар авах ажиллагаа болно. Энэ мэт хууль, шүүхийн байгууллагын хүрээнд шийдэгдэж буй асуудлыг хоёр орны дипломат харилцаанд хольж хутгаж буй нь Д.Арвин гишүүнийг үнэхээр мэдээлэлгүй харагдуулав.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу…