Урагшгүй төрд ухаангүй албат

10956657_857200064338994_530557362_o1Ардчилалын түүхийг ярья гэвэл 2500 жилийн өмнөх рүү эргэж харах  хэрэгтэй болно. Тэр цагт эртний Грект ардчилал анх үүссэн байдаг. Ардчилалын анхны хэлбэр бол шууд ардчилал. Үүнийг энгийнхээр хэлбэл   иргэд томоохон талбай дээрээ цуглаад асуудлыг олонхоороо шийддэг   хувилбар. Мэдээж үүний дараа ардчилалын олон хэлбэр үүссэн. Үүний нэг бол төлөөллийн ардчилал. Өнөө цагт иргэд бид  улс төрийн элдэв асуудалд  байнга  санаа сэтгэлээ зориулж байх цаг зав, боломж нөхцөл ч  байхгүй. Тиймээс тодорхой хугацаанд  иргэдийн дунд санал хураалт, сонгууль явуулж иргэд өөрсдийгөө төлөөлж шийдвэр гаргах хүмүүсийг сонгож, тэднээр дамжуулж улс төрийн эрхээ эдэлдэг. Энэ бол ардчилалын сонгодог зарчим болох төлөөллийн ардчилал.

Иргэд бид улс төрчдийг шийдвэр гарга гэж эрх мэдэл өгдөг. Улс төрчид ч  иргэдээс “виз”-ийг авч,  иргэдийн тусын тулд шийдвэр гаргаж ажилладаг нь олон улсын жишиг.  Магадгүй улс төрчдийн  гаргаж байгаа зарим шийдвэр нийтэд таалагдахгүй байж болно. Түүнийг нь эсэргүүцэж иргэдийн зарим хэсэг нь цуглаж, жагсаж, шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж болно. Энэ ардчилалын өөрийнх нь үнэт зүйл. Ингэсний төлөө улс төрчид тэр бүр гаргах гэж байсан, гаргасан шийдвэрээ цуцлаад байх албагүй. Гол  нь улс төрчдийн гаргаж байгаа шийдвэр нь  нийтийн эрх ашиг, улс орны хөгжлийн төлөө л байх учиртай. Тэдний шийдвэрийн буруу зөвийг дараагийн сонгууль, цаашлаад цаг хугацаа л нотлон харуулдаг. 1236046_779391238819334_933367103456281099_n

Харин манайд бол асуудал өөр бололтой. Бидний өмнөөс “Шийдвэр гарга” гээд эрх мэдэл өгсөн улс төрчид нь эргээд иргэдээсээ асуух жишээнийх. Асуух асуухдаа асуудал нь ойлгомжгүй, хоёрдмол утгатай, хоёуланг нь дэмжмээр байх нь сонин. Бас  дээр нь гар утас, цахим хэлбэрээр асуулгын хариултаа авч байгаа нь буруу. Ямарч  сайн программыг админий зүгээс өөрчилж болдог. Товчхондоо бол магадгүй Ерөнхий сайдын асуугаад байгаа асуултын хариултыг Ерөнхий сайдын хүссэнээр үүрэн телефоны операторууд гаргаад өгөх боломжтой гэсэн үг.

Үнэхээр  иргэдийн дунд санал асуулга явуулах гэж байгаа түүнийг хэрхэн явуулдаг талаар Үндсэн хууль болон холбогдох хуулинд тодорхой бий.

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  дараах 2 асуултыг ард түмнээсээ  гар утсаар нь дамжуулан асуугаад дараа  нь  олонхийн шийдвэрийг нь даган ажиллах юм гэнэ.

EC teneg asuulga

Сошиал орчинд түүний асуултыг хараад гайхах хүмүүс олон байна. Үнэндээ   дээрх 2 асуултын агуулгыг сайн ажиглавал: “Хүн хоёр  хөлтэй, гэхдээ бид заавал нэг хөл дээрээ явна, чухам аль хөл дээрээ явахаа шийд” гэж асуугаад байгаагаас өөрцгүй зүйл. Хэрвээ үүнийг  жаахан энгийн болгон, айл өрхийн хэмжээнд авч үзвэл, Гэрийн үзэн гэргий үр хүүхдүүдээсээ  асуухдаа: “хэдүүлээ  ажлаа сайн хийгээд давхар илүү боломжтой ажил хийгээд гэрийнхээ орлогыг нэмэгдүүлэх үү,  эсвэл та хэд өдөр бүр авдаг  иддэг боорцогоо зөвхөн талх болгож, сүүтэй цай уудаг байсан бол одооноос хар цуй ууж,  ажил хичээлдээ  автобусаар явалгүй алхаж, үүнийгээ яс  дагаж мөрдөж явах уу” гэж асуусантай адилхан хэрэг юм.

Дашрамд сонирхуулахад формаль логикт “эсвэл” гэдэг хэллэг   сонголттой хувилбаруудын зөвхөн   аль нэгийг нь заавал сонгохыг шаарддаг. Харин үүний оронд  “буюу”  гэсэн хэллэг орсон бол  дээрх 2 хувилбарыг хоёуланг нь дэмжиж болох бололцоотой байдаг.

Ерөнхий сайд дээрх 2 асуултын зэрэгцээгээр:

– дээрх  хоёр хөгжлийн замыг хоёуланг нь дэмжиж байна

– дээрх хоёр  хөгжлийн  замаас хоёулангаас нь татгалзаж   байна

гэсэн  4 хариулттай хувилбар сонгосон бол эрүүл ухаанд энгийнээр ойлгогдох байлаа.

Хөгжлийн зам мэдээжийн хэрэг олон янз, энд дурьдагдаж байгаа замыг алийг нь ч сонгохгүйгээр өөр хөгжлийн зам байж болно гэдгийг Ерөнхий сайд маань олж харахгүй байгаа бололтой. Ахиад л энгийнээр хэлбэл, “ажлаа тараад гэртээ харих олон зам байна. Манай ерөнхий сайдын хувьд бол нэг бол таксигаар, нэг бол хоёр “зээрдээрээ” л гэртээ харих гэсэн 2- хон замыг  олж хараад  бидэнд санал болгоод байна, гэтэл бид  ажлаа тараад  найзаараа гэртээ хүргүүлж болно, бүр автобус,  тролебусаар харьж болно, тэр ч  бүү хэл гэртээ харихгүй ажил дээрээ хонож ч болно” гэсэн ийм олон хувилбар байгааг  тэр анзаарахгүй байна уу, анзаарахыг хүсэхгүй байна уу.

Магадгүй Ерөнхий сайд “санал асуулгын дараа нэгдүгээр хувилбарыг  ард түмэн сонголоо” гэвэл нэг их гайхаад байх хэрэггүй биз.  Нэгдүгээр хувилбарт зардалаа хэмнэх  ёсгүй шүү дээ…

Монголчууд эртнээс “урагшгүй төрд, ухаангүй албат”   гэж хойч үедээ хэлж захиж ирсэн байдагсан. Үүнээс илүү юу хэлэх бэ бид…

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …