Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцоруулья

g4ue2lac4nnfduf0dpncag6cmШинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг УИХ-аас улс орны эдийн засгийг хямралт байдалд хүргэсэн,  Чингис, Самуурай бондийн хөрөнгийг буруу зарцуулсан  болон бусад олон үндэслэлээр огцоруулсан. Үүний дараа нэлээд “хэл ам” болж байж одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдсон.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эн тэргүүний зорилго бол Засгийн газраа байгуулан, “элгээрээ сөхөрсөн” улс орны эдийн засгийг сэргээх явдал. Тэрээр үүний төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Тэгвэл эдийн засгаа эрүүлжүүлье гэж бодож л байгаа бол түүний хийх ёсой “ажлуудын”  нэг бол Монгол банкны одоогийн Ерөнхийлөгч  Н.Золжаргалыг огцоруулах асуудал юм.

Уг нь Монгол банкны Ерөнхийлөгчийг огцоруулах тухай саналыг  өнгөрсөн 6 сард УИХ-ын бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар УИХ-ын даргад өргөн барьсан. Тэд уг саналынхаа үндэслэлийг хэлэхдээ:  “Ажлаа муу хийсэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх ёстой. Монголбанк мөнгөний бодлогоо буруу явуулсан, мөнгөний бодлого алдагдсанаас эдийн засгийн өнөөгийн хямралт байдалд хүрлээ. Мөнгөний нийлүүлэлтээр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой атал барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж, хамаг валютаа гадагшлуулсан. Барилга импортын хамаарал ихтэй. Эдийн засгаа тэлэх бодлого нь зөв ч арга нь буруу байв. Импортыг дэмжих салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Тиймээс УИХ өөрийн томилсон Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой” гэж өнгөрсөн 6 сард хэлж байсан байдаг.  Мөн монгол төгрөгийн ханшийн уналтыг  зохицуулж чадаагүй гэдгийг тэд огцоруулах  үндэслэлдээ  тусгажээ.

Гэтэл өнөөдрийг  хүртэл УИХ-ын бие даагч гишүүдийн энэ саналыг УИХ-ын байнгын хорооны болон нэгдсэн чуулганаар авч хэлэлцээгүй байна.  УИХ-ын бие даагч гишүүдийн санал “хаданд хашгирах цуурай” мэт сарних нь юуны учир вэ?   УИХ-ын бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар ард түмний төлөөлөл биш гэж үү? Тэдний саналыг яагаад УИХ-д авч хэлэлцэхгүй байна вэ, хэлэлцүүлэх саналыг хэн, хаана “хав дарж” үлдээгээд байна вэ? Бие даагч гишүүд энэ саналаа хэлэлцүүлэхийн төлөө, улс орны банк санхүүгийн системийг эрүүлжүүлэхийн төлөө, эдийн засгийн хямралыг зогсоохын төлөө яагаад дуу хоолойгоо нэгтгэн дуугарахгүй байна вэ? гэдэг асуудал анхаарал татаж байна.

2014 оны 10 сард  УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ц.Даваасүрэн гишүүн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодорхой асуултууд асуухад тэрээр бүрхэг хариулт өгсөн  байдаг.

Монголбанкны тухай хуулийн 28.1.8-д “төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай асуудлын талаар Засгийн газарт мэдээлэх, түүнтэй хамтарч шийдвэр гаргах” гэж Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухайд  заажээ. Тэгвэл Н.Золжаргал Ерөнхийлөгч УИХ-д мэдээлэлгүйгээр 3.0 их наяд төгрөгийг зах зээлд /хэвлүүлэн/гаргасан  нь байж болох зөв зүйтэй асуудал уу. Харамсалтай нь тэрээр энэ тухай дорвитой хариулт өгсөнгүй, “…тэр зөв ч байх” гэж хэлээд сууж байх юм.  Энэ нь   түүнийг  магадгүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай “хуйвалдан” ийм хэмжээний мөнгийг дур мэдэн зах зээлд оруулсан юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.

Улс орны эдийн засгийн хөгжилд төв банкны бодлого буюу мөнгөний бодлого зөв зүйтэй явах нь нэн чухал үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд энэ үүргээ биелүүлэх нь бүү хэл, харин ч төгрөгийн ханшийг “алдсан” Монгол банкны удирдлагатайгаа Монгол улс  хир удаан цааш  явах вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг   улс орны эдийн засгаа “аврая” гэвэл  Монголбанкны Ерөнхийлөгчийг солих учиртайг энэ бүх баримтууд илэрхийлж байна.

 2012 онд Н.Золжаргал Ерөнхийлөгч ажлаа авахдаа: “2 жилийн хугацаанд имфляцийг бууруулж, 4 жилийн хугацаанд  имфляцийг   нэг оронтой тоонд барина” гэж мэдэгдэж байсан бол өнөөдөр  имфляцийн түвшин  12.3 хувийг аль хэдийнэ давчихаад байна.

 Монголбанкны тухай хуулийн 26.6.4-т: “Монгол банкны удирдлага  үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн бол  түүнийг албан тушаалаас нь  УИХ-аас  чөлөөлж болох”  тухай тодорхой заажээ. Ийм л учраас  УИХ-ын бие даагч гишүүдийн шаардлага,  улс орны эрх ашгийн үүднээс Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг албан тушаалаас нь чөлөлөх нь зүйтэй болоод байгааг  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон  ард түмний төлөөлөл болсон УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн мэргэн оюундаа анхааран үзнэ биз ээ. Эс бөгөөс бид хэдий болтол  эдийн засгийн эсрэг ажилладаг  Н.Золжаргалаар  Монголбанкаа удирдуулсаар байх вэ?

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …