Кино урлаг тэр дундаа сонгодог болон артхаус киног монголчуудад таниулах зорилготой төрийн бус байгууллага болох “Алтан хальс” холбоо нь авангард, эксперименталь кино урлагийг таниулах, дэмжин хөгжүүлэх, тус төрлөөр кино урлагийн бүтээл туурвиж буй уран бүтээлчид, хүүхэд залуусыг дэмжих, урам өгөх зорилгоор Монгол улсад анх удаа “Монголын андерграунд кино уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан энэ оны 4-р сард зарлагдсан бөгөөд 6-р сарын 15-ны өдөр бүтээлүүдийг цахим болон биетээр хүлээн авч дууссан билээ. Уралдаанд нийт 26 бүтээл оролцож байна.
Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд кино зохиолч, найруулагч Д.Төрмөнх, төрийн соёрхолт зураач, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, кино найруулагч Т.Мөнх-Оргил, МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, урлаг судлаач Ж.Бодьбаатар нар багтжээ.Түүнчлэн кино уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Бодь Электроникс”-ийн “Энтера” дэлгүүр, ивээн тэтгэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, Гуру Медиа, Непко Хэвлэлийн Газар хамтран ажиллаж, МУЗ-ийн ХААН Банк дахь “Улаан гэр” галерэй дэмжлэг үзүүлэн оролцож байгаа аж. Мөн “Боловсрол Суваг” ТВ, “Оллоо” ТВ, “Гоодаль” сэтгүүл, Нийслэл хөтөч, Топ99 вэбсайт, “Е-магазин” онлайн сэтгүүл зэрэг олон арван байгууллагууд мэдээллийн ивээн тэтгэгчээр дэмжин ажиллаж байгаа бөгөөд уралдаанд оролцсон бүтээлүүдээс түүвэрчлэн “Боловсрол Суваг” телевиз цуврал нэвтрүүлгэ болгон олон нийтэд хүргэх ажээ.
Уралдааны шагнал гардуулах ёслол 2013 оны 6-р сарын 22-ны өдөр 13.00 цагт МУЗ-ийн ХААН Банк дахь “Улаан гэр” галерэйд болох ба арга хэмжээний үеэр оролцсон бүх бүтээлийг олон нийтэд хүртээл болгоно. “Улаанбаатар Олон Улсын Кино Наадам”-ын хөтөлбөрт оролцох шилдэг 5-н бүтээлийг энэ үеэр зарлаж эхний 3-н байрны эзэнд мөнгөн шагнал гардуулна. Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүн, ивээн тэтгэгчид болон кино найруулагч С.Бямба нар уран бүтээлчдийн шилдгийн шилдгүүдийн шагналыг гардуулах юм.