Т.Батцэцэг: Загварын салбарт ойрын жилүүдэд ажиллах хүсэлтэй байна

10440674_1478744695728022_6263975285496087445_n9580185342015-02-03-10-35[www.urlag.mn]

Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор “Дэлхий мисс-2014” тэмцээний оролцогч, Азийн топ модель, мисс Т.Батцэцэгийг урьсан юм. Тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Лондон хотноо зохион байгуулагдсан бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд таниулаад ирсэн билээ.

-“Дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцсоноос хойш нэлээд завгүй байна уу. Таныг урих гэж олон хоног хөөцөлдлөө шүү?  

-“Дэлхийн мисс”-т оролцож ирээд хэсэг хугацаанд амарсан. Дараа нь загварынхаа ажилд орсон. Сүүлийн өдрүүдэд гадаад, дотоодод ажил хэргийн уулзалтуудыг нэлээд зохион байгуулж байна. Зарим байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулж, реклам сурталчилгаанд тоглох гээд зав зай их муутай байлаа.

-“Дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцож байх үеийн сэтгэгдлийг сонсвол. Тэмцээнд оролцож байх үед ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарч байв уу?

-Хэцүү, бэрхшээлтэй зүйлсийг яриад байвал дуусахгүй байх. Хүн биеэрээ туулахаас нааш ойлгодоггүй юм билээ. Тиймээс хэцүү байсан зүйлсийг нь орхиод сайхан зүйлсээс нь яръя гэж бодлоо. Тэмцээнд оролцож байх үед Лондонд амьдардаг монголчуудаас маш их сэтгэлийн дэмийг авч байлаа. Тэд маань нэгдсэн зохион байгуулалтад орж, финалийн тэмцээнийг ирж үзсэн. Үзэгчдийн суудлаас намайг дэмжихийг нь сонсоод үнэхээр их баярласан. Тайзан дээр алхаж байхад хэдэн талаас “Монгол” гэж хашгирахыг нь сонсоод өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, урам зориг орж байсан даа. Үнэхээр гайхалтай мөч.
-Энэ тэмцээнд оролцох хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн шийддэг юм бол. Улсынхаа нэрийг гаргаж байгаа гэх үүднээс хөрөнгө мөнгийг нь улсаас гаргах уу эсвэл оролцогчид өөрсдөө гаргадаг юм болов уу?
-Олон улсын тэмцээн уралдаанд Монголынхоо нэрийг гаргаад явж байгаа мисс бүсгүйчүүд ихэнхдээ өөрсдөө зардлаа гаргадаг. Энэ жилийн хувьд “Miss world Mongolia” тэмцээний шагналд тодорхой хэмжээний мөнгө дагалдаж ирсэн. Харин Лондонд очсоны дараа тэмцээнд шаардагдах бүх зүйлийг зохион байгуулагч улс гаргасан.

10846444_830122813696247_771252115289255183_n

-Тайзны, гоёлын, үндэсний, бүжгийн гэх мэт хувцсуудаа яаж хийсэн бэ. Хувцас загварын агентлагуудтай хамтран ажилладаг байх?

-Тэмцээнд өмссөн бүх хувцсаа өөрийнхөө зардлаар хийлгэсэн. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтарч ажиллая гэхээр зөрүүлээд их олон шаардлага тавьдаг. Тийм учраас яаж ийж байгаад өөрөө бүх зүйлээ зохицуулаад сурчихвал дээр юм шиг санагддаг юм. Бусад орны миссүүд болоод зохион байгуулагчид “Mонгол оо чиний хувцас ёстой гоё юм аа” гэж их хэлж байсан. Ер нь оролцогчид бие биенээ улсынх нь нэрээр дууддаг.

-Таныг улаан дээлтэй гарч ирэхэд яагаад энэ өнгийг сонгох болсон юм бол гэж бодож байсан?

-Би цагаан, улаан өнгөнд маш дуртай. Нэг талаараа тэгж сонгосон. Нөгөөтэйгүүр Монгол Улсын төрийн далбаанд улаан өнгө байдаг болохоор сонгосон гэж ойлгож болно.

-Мэдээж дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох гэж явсан гэдэг утгаараа нүүр будалтын ч гэх юм уу нэлээд том баг ажилласан байх гэж бодож байна?

-Би энэ тэмцээнд баг бүрдүүлж явсангүй. Гэхдээ надад туслаж, сэтгэлийн дэм өгч байсан хүмүүс байсан. Бусад орнуудын миссийн хувьд ч харьцангуй биеэ даасан байдаг. Зарим миссүүд орчуулагч дагуулж явдаг юм билээ. Харин тэмцээний эцсийн шалгаруулалтын үед нүүр будалт, үс засалтын баг гэж цаанаасаа ажилладаг. Мэдээж 130 гаруй орны миссүүд оролцсон гэхээр тэр бүгдийн сэтгэлд нийцүүлж эдгээрийг хийнэ гэдэг хэцүү л дээ. Гэхдээ надад бол тэр нүүр будалт, үс засалт үнэхээр таалагдсан.

-Таныг тэмцээнд оролцож байх үед нэлээд олон санал асуулга явж байсан. Монголчууд ч өмнөх “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг бодвол илүү ач холбогдол өгч, санал асуулгад идэвхтэй оролцох шиг болсон. Ер нь онлайнаар хичнээн санал авсан юм бэ?

-Албан ёсны саналаар бол эхний 25-д жагсаж байсан. Үүнд нөлөөлөх санал нь аплейкшн ашиглаж өгөх санал байсан. Манайхан өмнө нь иймэрхүү зүйлд санал өгч, оролцож байгаагүйгээс аплейкшнээ яаж татах вэ гэдэг дээрээ нэлээд будилж байсан юм шиг байна лээ. Харин бусад вэб сайтуудаар явж байсан саналууд бол нэг их ач холбогдолгүй ч, тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан.

10306623_785964718142549_1386050460682867890_n

-Дэлхийн мисст оролцож байхдаа нэлээд ачаалалтай ажиллаж байсан гэсэн. Өдөрт 3 цаг унтаж байна гэж фэйсбүүк хуудсандаа бичсэн байсныг санаж байна?

-Миссийн бүх тэмцээн адилхан. Ихэнх тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүд өглөөний 08:00 цагаас цугларцгаадаг. Тэгээд алхааны, бүжгийн гээд бэлтгэлүүдээ хийнэ. Ингэж явсаар байгаад хамгийн эртдээ гэхэд 22:00 цагт зочид буудалдаа очдог. Зарим тохиолдолд үүнээс ч хэтрэх тохиолдол бий. Өглөө яг 08:00 цагт нүүрээ будчихсан, үсээ янзалчихсан, өглөөний цайгаа ч уучихсан байж байх ёстой учраас өглөө нэлээд эрт босч байсан.

-Миссийн тэмцээнд нэг хүн хэдэн удаа оролцдог юм бэ. Танд дахиж оролцох боломж бий юу. Өнгөрсөн оны миссээсээ хэр их зөвлөгөө авч байв?

-Миссийн ямар ч тэмцээнд нэг хүн ганц удаа л оролцох хэрэгтэй байдаг. Өмнөх жилийнхээ миссүүдтэй уулздаг. Юунд илүү анхаарах вэ гэдгээс эхлээд их олон талын зөвлөгөөг өгнө дөө тэд маань. Өнгөрөгч онд миний хувьд “Дэлхийн мисс-2014” тэмцээн хамгийн сүүлийн тэмцээн маань байсан.

-“Дэлхийн мисс-2014” тэмцээний оролцогч олон улсын сайхан бүсгүйчүүдийн хувьд та хэр өндөрт орж байв. Монгол бүсгүйчүүдийн хувьд та нэлээд өндөр нуруутайдаа ордог шүү дээ?

-Энэ жилийн тэмцээнд өндөр охид олон байсан. Тийм болохоор нэг их намхан эсвэл өндөр гэдгийн аль алинд нь багтаагүй. Дундаж өндөртэйд нь орж байлаа. Харин өмнөх тэмцээнүүдэд бол нэлээд өндөрт тооцогддог байсан.

-Ямар улсын миссүүдтэй илүү дотно найзлаж, нөхөрлөв?

-Миссүүдийн хувьд өрөө өрөөнийхөө охидтой илүү дотно нөхөрлөдөг. Манай өрөөний охин Вьетнамын мисс байсан. Бид хоёр өглөөнөөс орой хүртэл байнга хамт байж, сайхан дурсамжийг бий болгож чадсан шүү.

-Тэмцээнд оролцсоны өмнөх болоод дараагийн өөрчлөлт хэр байна. Хүмүүс нэлээн таньдаг болсон байх?

-Нэлээд ялгаатай байна. Хүмүүс таарч баяр хүргэж, өөрсдийн санал бодлоо хэлж байгаа. Тэмцээнд оролцож байхдаа чи тэр тал дээрээ илүү анхаарах хэрэгтэй байсан. Цаашид түүндээ анхаараарай гэх мэтээр нөхөрсөг зөвлөгөө өгч байгаа нь маш их таалагддаг.

-Төсөөллийн гэмээр нэг зүйл асууя. Таныг монголчууд “Дэлхийн мисс” болно гэдэгт нэлээд итгэлтэй байсан. Хэрвээ та дэлхийн мисс болсон бол юу хийх байсан бэ?

-Дэлхийн мисс болсон бол миний дураар хийгдэх ажил цөөрнө л дөө. Гэхдээ нутагтаа ирээд ямартай ч хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлж, дэлхийн миссийн байр сууринаас олон оронд хүмүүнлэгийн ажил хийх байх.

-Ер нь “Дэлхийн мисс” шалгарсны дараах уур амьсгал ямархуу байдаг бол. Тэмцээний шүүлтэд бүсгүйчүүд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Янз бүрийн ааш гаргана. Зарим нь шударга биш боллоо л гэнэ. Зарим нь хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бүгдээрээ хоорондоо холбоо тогтоож, өөрсдийн орноороо зочлохыг, аялахыг урьдаг. Ерөнхийдөө уур амьсгал онцгүй талдаа. Дэлхийн мисс ч гэлтгүй Монголд болдог тэмцээнүүдэд ч уур амьсгал өөрчлөгддөг.

-Тэмцээний шүүлт танд ямар санагдаж байв. Бидэнд бол үнэхээр шударга биш санагдаж байсан?

-Яг үнэнийг хэлэхэд надад бас тэгж санагдсан. Гэхдээ сэтгэл санааны бэлтгэлтэй байсан болохоор нэг их асуудал гараагүй.

10961749_790171757698192_747544674_n

-“Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөж байгаа бүсгүйчүүдийгээ харахаар “Зорилго бүхий гоо бүсгүй” номинацид оноо алдаад байх шиг санагддаг. Саяын тэмцээн дээрээс ч мөн тийм сэтгэгдэлтэй үлдсэн л дээ? 

-Миний хувьд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд туслах үйл ажиллагааг сайхан сэтгэлтэй залуустай хамтран эхлүүлсэн байсан. Намайг дүрсээ аваад, бичлэгээ хийж байх үед энэ хүүхдийн маань эмчилгээний үр дүн гараагүй байсан. Лондонд очоод 14 хоносны дараа энэ хүүхэд маань хагалгаандаа ороод эрүүл болоод Монголдоо ирсэн. Миний эхлүүлсэн ажил “Дэлхийн мисс”-ийн энэ номинацид эхний 30-д шалгарсан. Хүмүүс болохоор манайх энэ номинацид оноо алдаад байна гэж ташаа ойлгоод байгаа юм билээ. Гол нь хүмүүнлэгийн үйлсийнхээ үр дүнг гаргасан байх хэрэгтэй байсан.

-Ер нь манай миссүүд хүмүүнлэгийн үйлс хий гэхээр л ямар нэгэн асрамжийн газарт очоод хооллож, ундалж, хамтдаа нэг өдөр байсан мэтээр гаргаад байх шиг санагддаг?

-Өмөөрөхөд, боломж бололцоо нь тэр байсан юм болов уу. Учир нь тэр мисс бүсгүйд хэн ч тусладаггүй. Тэмцээнд оролцохоосоо өмнө би ийм зүйл хиймээр байна туслаач ээ гэхээр тэмцээн дуусаад ирсэн хойно одоо туслах уу гэж хэлж байсан тохиолдолтой зөндөө таарч байсан.

-Таныг тэмцээнд оролцож байх үед фэйсбүүк дээр олон янзын хуудас нээгдэж байсан. Тэр дотроос “Т.Батцэцэгийг Мянганбаяраас хамгаалах клуб” гэх нэртэй фэйж хуудас анхаарал татсан. Түүнийг та харсан байх. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Одоо энэ ойлголт харьцангуй гайгүй болсон байх. Өмнө нь яг ийм ойлголт байсан шүү дээ. Энэ хүний эхнэрүүд л “Гоёл” наадмын шилдгийг хүртдэг байсан. Яахав зарим нэг нь тийм байдаг байж болох юм. Гэхдээ шударга хөдөлмөрлөөд, өрсөлдөөд гарч ирсэн нь илүү удаан загварын ертөнцөд оршин тогтнодог юм шиг санагддаг.

1620443_600845159987840_363658303_nЭмэгтэй хүн нуруу цэх, өвдөг нугарахгүй алхах хэрэгтэй

-Танд кино, клипэнд тоглох санал хэр ирж байна. Урьд нь ийм санал ирдэг байсан уу?

-Урьд нь ирдэг байсан. Одоо бүр их ирж байгаа. Киноны санал нэлээд их байна.

-Саналыг хүлээж авсан уу?

-Хүлээж авах бодол байгаа.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ?

-Олон Улсын харилцааны чиглэлээр дээд сургууль төгссөн. Өмнө нь телевизэд сэтгүүлч хийж байсан. Сэтгүүлзүйн салбарт хоёр сар шахуу ажиллаад гарсан. Цаашид энэ чиглэлээр явах эсэхээ бодож л байгаа. Энэ салбар нэлээд хүнд газар. Минут, дойл бүрийг алдахгүйн тулд ажилладаг. Анх ажиллаж эхэлж байхад наадам болоод би шууд эфирт орж байсан. Тэр үед үнэхээр их ядарсан.

-Энэ жилийн хувьд загвар, кино урлаг, сэтгүүлзүй гэх салбаруудын алинд нь илүү ажиллах вэ?

-Энэ жилийн хувьд загварын чиглэлээр ажиллана. Загварын нас богино байдаг учраас яг энэ салбарт өсч дэвжих насан дээрээ загвараараа нэлээд явах хүсэлтэй байгаа. Харин  дараа жилээс магистрт сурна. Ирээдүйд сурч төгссөн мэргэжлээрээ улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллахыг хүсч байна.

-Саяхан Япон улсаас танд ажлын санал ирсэн гэж сонссон. Энэ талаар тодруулбал? 

-Японы загварын агентлаг хамтран ажиллах санал тавьсан. Нэг жилийн хугацаанд Японд ажиллана гэхээр болохгүй болчихоод бараг татгалзах талаар бодож байгаа. Нэг хэсэгтээ Монголдоо амьдармаар байна.

-Та “Шилмэл загвар” агентлагт алхааны багш хийдэг. Шавь нарын тань хувьд насны хязгаар хэд байна?

-Загварыг хүмүүс “Залуу насны ажил” гэж ярьдаг. Одоо загвар өмсөх нас харьцангуй залуухан болсон. 14 наснаас эхэлж загвар өмсөж байна. Хүүхдүүдийн өсөлт ч сайн явагддаг болж. 14 настай мөртлөө биеийн өндөр нь хүрэх хэмжээндээ хүрчихсэн хүүхдүүд байна. Ер нь загварын насыг 14-25 нас гэж үздэг. Мэдээж энэ цаашаа үргэлжилж болно л доо.

10891459_787864141285940_3057405756985130222_n(1)-Тэгвэл эмэгтэйчүүддээ хандаж алхаа гишгээний талаар зөвлөгөө өгөөч?

-Манай ихэнх эмэгтэйчүүдийн нийтлэг алдаа нь өсгийтэй гутал өмсөхөөрөө өвдөг нь тахийгаад байдаг. Хувь хүн тэр алдаагаа хянаад, цэх шулуун алхаад сурчихвал түүнийгээ бүр хэвшүүлчихвэл ямар ч асуудалгүй. Эмэгтэй хүмүүс өсгийтэй гутал өмсөхөөрөө өөртөө  итгэлтэй болчихдог шүү дээ. Тиймээс өөртөө итгэлтэй байхын тулд өсгийтэй гутал дээр алхаж хэвших хэрэгтэй.

-Өсгийний өндрийн талаар нэлээд асуудал яригддаг. Өндөр нь муу, намхан нь сайн гэж их ярьдаг. Аль нь үнэн юм бол?
-Загварын бидний хувьд бол аль өндөр өсгийтэй туфлийг л олж өмсдөг. Хамгийн гол нь түүн дээрээ алхаж чаддаг л байх хэрэгтэй. Манайхан намхан ултай гутал өмсөхөөрөө хөлөө замбараагүй хаяж алхдаг. Ер нь бол намхан гуталтай ч гоё алхаж болдог гэдгийг санах хэрэгтэй. Сайн, муугийн хувьд эмч нар л илүү сайн зөвлөх байх.

10247499_704009513004737_8485730346882275227_nСайхан Монгол залуутай л гэрлэнэ дээ

-Т.Батцэцэг гэдэг хүний бага насны мөрөөдлийг сонсвол. Мисс болно гэж боддог байв уу? 

-Би багадаа мисс болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Зүгээр л эмэгтэй хүн гэдэг утгаараа гоё сайхан алхдаг болъё гэж анх загварын дугуйланд орж байсан. Тэгээд цаашдаа хийж байгаа зүйлдээ улам дуртай болж олон тэмцээн уралдаанд оролцох болсон доо. Би 2007 оноос загвар өмсөж эхэлсэн.

-Таныг тайзан дээрээс даашинзтайгаар их олон харж байж. Ер нь өдөр тутамдаа ямар хувцас өмсөх дуртай вэ?

-Биед чөлөөтэй хувцас сонгож өмсдөг. Жинсэн өмд, намхан гутал миний өдөр тутмын хэрэглээ. Мэдээж олон арга хэмжээ, уулзалт, тэмцээнд оролцох ёстой гэдэг үүднээс даашинз нэлээд худалдаж авдаг юм.

-Спортоор хичээллэдэг гэж сонссон. Ямар спортоор хичээллэдэг вэ?   

-Сагс, волейболоор хичээллэдэг. Спортын дэд мастер зэрэгтэй. Ахлах ангид байхдаа Дархан-Уул аймгийнхаа шигшээ багт тоглодог байсан. Оюутан болоод загвар руу илүү анхаараад спортоо түр хойш тавьсан. Гэхдээ одоо бөмбөг харах л юм бол зүгээр байж чаддаггүй. Найзуудтайгаа хааяа нэг заал авч тоглох дуртай.

-Гэр бүлийнхнийхээ талаар танилцуулаач. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Айлын бага. Хоёр ах, хоёр эгчтэй. Ээж маань спортын хүн байдаг.

-Айлын багуудыг хүмүүс эрх гэж ярьдаг. Ээждээ хэр эрхэлдэг вэ? 

-Гайгүй байх аа. Ээж маань намайг “Гайгүй ухаантай эрх” л гээд байдаг юм /инээв/.

-Дэлхийн миссийн финалийн тэмцээнд ээж тань очсон. Тайзан дээрээс ээжийгээ олж харж чадсан уу?  

10413417_781629768576044_8438549320197694883_n-Ээж намайг харж байгаа гэж болохоор л сайхан санагдаж байсан. Тэгээд тайзан дээр гараад алхаж байхдаа хаана байгааг нь харах гээд л үзэгчдийн танхим руу хараад л байсан. Тэгсэн миний баруун талаас нэг хүн даллаад байсан юм. Би ээжийг байна гэж бодоод өөдөөс нь далласан. Тэгээд сүүлд нь ээжтэй уулзаад асуусан чинь даллаад байсан тэр хүн биш байсан байна лээ.

-Шууд нэвтрүүлэг үзэж байхад Монголын төрийн далбаа барьсан хүмүүс олон харагдаж байсан. Төрийнхөө далбааг хараад юу бодогдож байв?

-Үнэхээр их омогшил төрж байсан. Намайг ирж дэмжсэн тэр хүмүүст үнэхээр их баярласан шүү. Бүгдээрээ нэг зохион байгуулалтад орж, миний зурагтай фудбольк өмссөн байсан нь сэтгэлийг минь ихэд хөдөлгөсөн. Сүүлд тэдэнтэй уулзахад “Олимп үзэж байгаа юм шиг байлаа” гэж байсан. Тэр хүмүүст болоод намайг дэмжсэн бүх монголчууддаа танай сайтаар дамжуулж баярлалаа гэж хэлье.

-Дарханы охидууд хөөрхөн гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Намайг жаахан байхад л “Дарханы охидууд хөөрхөн. Эрдэнэтийн хөвгүүд хөөрхөн” гэж ярьдаг байсан. Миний хувьд бол Монголын маань бүх охид хөөрхөн гэж боддог. Эмэгтэй хүн бүр өөрсдийн гэсэн нандин зан чанартай, дахин давтагдашгүй бүтээлүүд байдаг. Ер нь гадаадын орнуудад явж байхдаа тэр газрынхаа охидыг монгол бүсгүйчүүдтэйгээ харьцуулж харахаар манайх хамаагүй илүү хөөрхөн харагдаад байдаг л даа.

-Ямар шашин шүтдэг вэ?

-Бурханы шашин шүтдэг. Би бясалгалаар хичээллэдэг.

-Монгол уламжлал, ёс жаягаа хэр сайн мэдэх вэ?

-Ээжийнхээ зааж өгсөн тэр зүйлсийг өөрийнхөө хэмжээнд сайн сурсан. Эмэгтэй хүн ийм байх ёстой, тийм уламжлал мэддэг байх ёстой гэдгийг ээж минь их сургадаг даа.

-Сүүлийн үед хүмүүс жингээ барих тал дээр их анхаардаг болжээ. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ. Хүмүүс энэ асуудлаа шийдэхийн тул цагаан хоолтон болдог?  

-Хааяа нэг цагаан хоол иддэг. Гэхдээ миний хувьд 19:00 цагаас хойш хоол иддэггүй. Нэг их дэглэм бариад байдаггүй. Надаас олон хүн энэ талаар асуудаг л даа. Тэр бүрт би “19:00 цагаас хойш хоол битгий ид. Энэ нь турахаас гадна биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг юм шүү” гэж хариулдаг. Энэ эрэгтэй, эмэгтэй бүх хүнд хамаатай.

10665368_577609442370459_4280023082441765324_n-Найз залуутай юу. Амьдралаа хэзээ зохиох гэж байна даа?

-Ойрын 2-3 жилдээ амьдрал зохиох төлөвлөгөө байхгүй байна. Одоогоор найз залуу байхгүй.

-Ер нь ямар эрэгтэй таалагддаг вэ?

-Хүмүүс “эр хүн шиг эр хүн” гэж ярьдаг даа. Нөмөр нөөлөгтэй, амьдралын ухаантай, зовлон, жаргалыг туулаад амьдралаас их зүйлийг ойлгочихсон тийм эрчүүд таалагддаг.

-Өөрийн тань ирээдүйн хань монгол хүн байх уу, гадаадын иргэн байх болов уу. Монголын сайхан бүсгүйчүүд гадаадын иргэнийг ханиараа сонгох нь ихэслээ гэж ярих болсон? 

-Сайхан монгол эр хүнтэй л гэрлэнэ гэж боддог доо.

-Дарханы унаган охин. Ер нь малчны хотонд очиж үзсэн үү. Хөдөө хэр их явдаг вэ?

-Дархан хот гэж явдаг болохоор малчны хотонд амьдарч үзээгүй. Зуны улиралд гэр бүлээрээ хөдөө байдаг хамаатнуудынхаараа ордог.

-Морь унаж чаддаг уу?

-Чаддаггүй. Айгаад байдаг болохоор морь унахыг нэг их боддоггүй юм.

-Ер нь таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

-Ямар өдөр вэ гэдгээсээ шалтгаалаад өөр өөр. Одоо харьцангуй тайван байна. Өглөө гэрээсээ 09-10 цаг гэж гарч ажлаа амжуулдаг. Замын түгжрэл миний амьдралын нэлээдгүй цагийг авч байна.

-Найзуудынхаа талаар яриач. Эрэгтэй, эмэгтэй найзуудын аль нь арай их байна?

-Эмэгтэй найзууд нэлээд олон. Эрэгтэй найзууд бас бий. Бага байхдаа би ахтайгаа машинаар их тоглодог хүүхэд байсан. Тэр утгаараа эрэгтэй хүүхдүүдтэй их нийлдэг,  эршүүддүү зан чанартай хүүхэд байлаа. Найзуудтайгаа нийлээд граш дээгүүр гүйж тоглодог байсан маань санаанд орчихлоо.

10868081_878431392196854_5724535796327771955_n-Хүмүүс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн энгийн найзууд байх боломжгүй гэж ярьдаг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Энгийн сайхан найзууд байж болно. Миний хувьд эрэгтэй найзтай байх нь илүү амар байдаг. Хатуухан үг хэлчихэд гомдож, тунирхаад байхгүй амар шүү дээ.

-Таны авсан хамгийн сайхан бэлэг юу байв?

-Сэтгэлийн үгс юм уу даа. Сүүлийн үед олон сайхан хүмүүсээс чин сэтгэлийн сайхан үгс сонсож, шагнуулж байна.

-Та ер нь сэтгэлийн хөдөлгөөн хэр ихтэй хүн бэ?

-Уйлах тал дээр нэлээд хурдан ч сэтгэл хөдлөл ихтэй хүн биш гэж боддог.

-Айдаг амьтан бий юу? 

-Би зөгийнөөс үнэхээр их айдаг. Хараад л орилоод гүйчихдэг. Ер нь хорхой шавжнаас нэлээд айдаг. Хөдөө явахаараа аль байдаг битүү хувцсуудаа өмсөж л явдаг хүн дээ.

-Сүүлийн үеийн залуус жижиг хав тэжээх нь ихэссэн. Та амьтан тэжээдэг үү?

-Яг одоогоор тэжээдэг амьтан байхгүй. Бага байхдаа жижиг хав тэжээдэг байсан. Хоёр ах маань нохой сонирхож, тэжээдэг байсан юм.

-Та юунд илүү бухимддаг вэ?

-Удаан хөдөлгөөнтэй хүнийг харахаар үнэхээр их бухимдал төрдөг. Уурлаж бухимдах үедээ сайхан урт амьсгаа аваад л тайвширчихдаг даа.

-Ахлах ангид байхдаа хэр сурлагатай хүүхэд байсан бэ?

-Би арван жилээ алтан медальтай төгсөж байсан. Бүх хичээлдээ жигд сайн байсан гэж боддог.

-Арван жилийн нандин дурсамжийг хуваалцвал. Анхны захиа, анхны болзоо гээд л…?

-Би арван жилд байхдаа их бүрэг, даруухан хүүхэд байсан. Хайрын захиа авч байсан эсэхээ нэг их сайн санахгүй байна.

-Та спортод авьяастай. Харин хэр дуулдаг бол… ?

-Солгой биш хэрнээ их аяархан хоолойтой учраас дуулахаар гардаггүй юм. Тийм болохоор дуулахаас зайгаа бариад л явчихдаг даа.

-Тун удахгүй “Гэгээн хайрын баяр” тохиох гэж байна. Таны хувьд энэ өдрийг яаж тэмдэглэдэг вэ?

-Би Валентины баярт нэг их ач холбогдол өгдөггүй. Цагаан сар, наадам, шинэ жилийн баяруудыг л тэмдэглэдэг. Жаахан байхдаа Цагаан сараар айл их хэсдэг байлаа. Одоо ээждээ туслаад л гэртээ байдаг болсон. Гэхдээ мэдээж орох ёстой айлуудаараа орж, золгоно.

10805736_10152890411443114_3150238105842589243_n

-Цагаан сар дөхөж байна. Хаана шинэлэх вэ?

-Ээж рүүгээ явна аа. Ээж маань Дарханд гэртээ байгаа. Энэ долоо хоногт Дархан явж, сар шинийнхээ буузыг хийх санаа байна.

-Арван жилд байхдаа олон дугуйланд явдаг байсан гэсэн. Багш нарынхаа талаар яриач?

-Цэнгээнт бүжгийн багшийг маань н.Ганбаяр гэдэг. Багшдаа маш их баярладаг. Тэр үед болж байсан нэг хөгжилтэй зүйлийг яривал тухайн үед надад бүжгийн хос олддоггүй байсан юм. Би их өндөр, эрэгтэй хүүхдүүд болохоор нэлээд намхан. Бүр сургууль төгсөх болоод ирсэн чинь надад бүжгийн хос олдохоо больсон.

-Сүүлийн үеийн залуусын архи, тамхины хэрэглээ хэрээс хэтэрлээ гэх мэтээр ярьж байна. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Миний хувьд энэ зүйлсээс хол. Зарим нэг баяр ёслол дээр амсах төдий зүйл бол байдаг. Сүүлийн үед ажиглаад байхад арван жилийн хүүхдүүд хүртэл ичиж, зовох зүйлгүй архи уугаад, тамхи татаад хэт их Америк чиг хандлага руу яваад байх шиг харагддаг. Тиймээс миний хувьд тиймэрхүү хүүхдүүдэд сайнаар үлгэр дууриалал үзүүлэхийг хичээдэг.

-Үлгэр дууриалал гэснээс та хэнээс хамгийн их суралцдаг вэ?

-Би ээжээсээ үлгэр дууриалал авдаг. Ээж маань миний хувьд хамгийн хүчирхэг, ажилсаг, дайчин эмэгтэй хүн. Загварын хувьд топ модель Г.Уранцэцэг эгчийг хүндэтгэж явдаг.

-Цахим ертөнцийн талаарх таны бодлыг сонсъё? 

-Зарим хүмүүс нэгнийхээ асуудалд хэт их хошуу дүрээд байх шиг санагддаг. Нэг нь муулбал нийтээрээ муулж, сайлбал нийтээрээ сайнаар хэлэх жишээний.

-Таныг Монголдоо ирсний дараахан их хэмжээний мөнгөтэй хэтэвчээ хулгайд алджээ гэсэн яриа гарсан. Энэ үнэн юм уу?

-Үнэн. Гэхдээ ТВ5 телевизийн хувьд худлаа мэдээлэл тараасан. Тус телевизээр намайг өөрөө мартаж явчихаад ийм хэрэг өдөөсөн гэж ярьсан. Гэхдээ тийм зүйл болоогүй. Буцаад түрүүвчээ олохын хувьд олсон ч мөнгө нь байгаагүй.

10352355_898550466856527_3313427997587810928_n

Эх сурвалж: www.mnb.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …