МҮСБХ-ны Супер лигийн Бүх оддын тоглолт Буянт-Ухаа цогцолборт гурван өдрийн турш боллоо. Эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг, легионеруудын залуучуудын шигшээ багтай тоглож 10 онооны зөрүүтэй хожигдсон. Тэд ирэх зун болох “Оюутны Универсиад” наадамд оролцох бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн юм.
Тэмцээний ялагчид:
- Ур чадварын тэмцээний ялагч- Оюунболдын Цэлмэг,
- Slam Dunk тэмцээний аварга- Quincy Afamefuna Okolie
- Гурван онооны шидэлтийн аварга- Micheal Pugh нар эхний өдөр болсон тэмцээнүүдэд аваргаллаа.
Бүх оддын тоглолтын хоёр дахь өдөр шүүгч нарын саналаар шигшигдсэн шилдгүүд хоорондоо өрсөлдсөн юм. Энэ өдөр болсон “Спрайт” брэндийн нэрэмжит тэмцээнд:
- “Сэтгэл сэргээм” гурван онооны шидэлтийн аваргаар- Н.Золжаргал /Эрдэнэтрийлинг Ригс/
- Ур чадварын тэмцээний аваргаар- Ж.Алтаншагай /Хэнтий Чингис Сити/
- Багийн шидэлтийн тэмцээний аваргаар- “Дорноговь Сентоза Арслангууд”
- Үнэ цэнэтэй тоглогчоор- ОУХМ Б.Билгүүн
- “Sprite Slam Dunk”-ын аварга Jonathan Black нар шалгарлаа.
Бүх оддын тоглолтын сүүлийн өдөр буюу ням гарагт Инчёны Азийн наадмын шигшээ наймд шалгарсан Монгол Улсын шигшээ, АНУ-ын легионоруудын шигшээ багийн эсрэг тоглож 102:98-ын харьцаатайгаар хожил байгууллаа. Ингэснээр тэд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй дээд лигийн тоглолтын сүүлийн хоёр жилд нь АНУ-ын багийг дараалан хожоод байгаа нь энэ юм.
Энэ өдөр Монголын багаас Б.Билгүүн 30 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Одбаяр 23 оноо, Т.Санчир 17 оноо, О.Сэргэлэн, Н.Золжаргал, Мөнхболд, Ц.Азбаяр, Мөнхтүвшин, Болортулга, Ууганбаяр нарын шилдэг тоглогчид 10-аас бага оноо авчээ.
Америкийн багаас Jonathan Blake 29 оноогоор багаа тэргүүлж, Holmes 15 оноо, Hammonds, Chris Lawson нар тус бүр 13 оноогоор багтаа тусласан юм. Харин багийн бусад гишүүд нь 10-аас доош оноо авлаа.
“Ийнхүү Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг жилдээ нэг удаа АНУ, болон Европийн ур чадвар сайтай тоглогчидтой өрсөлдөж, дээд лигтээ тэднийг урин тоглож байгаа нь манай улсын шигшээ баг олон улсын түвшинд хүрэхэд ихээхэн түлхэц болж байна. Мөн үүний үр дүнг өнгөрсөн жил болсон Азийн наадмын амжилт баталсан” хэмээн МҮСБХ-ны удирдлагууд дүгнэж байлаа.
Эх сурвалж: MNB.mn