Хайр гэдэг энэ ертөнцөд хүмүүсийн сэтгэл зүрхэнд байгаа хамгийн ариун нандин, бас гайхамшигтай мэдрэмж. Бид аавыгаа, ээжийгээ бас өөрийн үр хүүхдээ хүртэл ямар их хайраар хайрладаг гээч. Харин бид үүнийгээ цаасан дээр бичиж илчилж, бас дурсан хадгалж үлдээдэг билүү гэвэл бас үгүй. Тэр дундаа өнөөгийн нийгмийн хандлага онлайн ертөнц рүү чиглэж, хүн хоорондын бодитхарилцаанд нөлөөлж буй нь бидний амьдралаас харагдсаар байна. Тиймээс Монголын Залуучуудын Холбооноос “Хайр”-ын сарын нэрэмжит “Хайрын захидал” сэдэвтнээлттэй уралдааныг зарлаж байна. Хүн захидлыг бичихдээ зүрхээ чагнаж, сэтгэлээ илчилж, үгсийн гайхамшигийг сонгож бичдэг болохоор зүрхэнд нь хүрдэг. Тийм учраас чин сэтгэлээсээ хүндэтгэн хайрладаг хамгийн дотны эрхэм хүндээ хайр шингэсэн захидал бичиж, сэтгэл зүрхнийхээ үгийг бэхийн үзүүрээр сийлэх сэжимийг хөгжүүлэхэд уг уралдааны гол зорилго оршиж байгаа аж. Уралдаанд гэр бүлийнхэндээ, Хайртдаа, Дотны найздаа, Үл таних нэгэнд хандсан захидлаа ирүүлж болох бөгөөд тус бүр дээр шилдэг нэг захидлыг тодруулах юм байна. Мөн ирүүлсэн материалаас цэвэр бичигтнийг шалгаруулж шагнах аж. Захидлыг өнөөдрөөс эхлэн 2015 оны хоёрдугаар сарын 13–ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд МЗХ-ны төв байр, 207 тоотод өөрийн биеэр авчирч өгөх ба хөдөө орон нутгаас оролцогчид Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-42, шуудангийн салбар 20а гэсэн хаягаар ирүүлэх боломжтой юм байна.
Сэтгэлийн чанадад байгаа их хайраа цаасан дээр буулган хайртай хүмүүстэй илгээгээрэй. Чин сэтгэлээ харамгүй зориулж бичсэн “Хайрын захидал” нь хайртай хүмүүст тань хамгийн нандин бэлэг болох юм.