Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарыг тойрсон дуулиан шуугиан одоог хүртэл намжаагүй үргэлжилсээр. Учир нь 2014-12-19 нд хуралдсан дүүргийн ИТХ-ын 11 хуралдаанаар төлөөлөөлөгчдийн 56% хувь нь засаг даргаа огцоруулах шийдвэр гаргаж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Батүүлд өргөн барьсан боловч одоог хүртэл хариу өгөлгүй усанд хаясан чулуу мэт байсаар. Хуулийн дагуу бол тав хоногийн дотор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хариу өгөх учиртай. Энэ хугацаанд засаг дарга Х.Болдбаатарын эрх мэдэл хэрээс хэтэрч өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр газрын баялагийг дураар нь ухуулж, нүүрс олборлуулж цөөхөн эрх мэдэлтний халаас түнтийж хагартлаа баяжсаар… Гэтэл гар аргаар нүүрс малтаж байгаа жирийн уурхайчдад ийм боломж олдохгүй байгаа нь хачирхалтай. Ингэж дураараа авирлагчдын нэг М.Дашхүү захиралтай “Ундрах дөл” ХХК нь Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт нүүрс олборлох хууль бус үйл ажиллагааг олон жил хийж байна.
Нүүрс олборлох үйл ажиллагаа эрхлэхийн тулд ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох байгууллагуудаар гаргуулан уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын газраар батлуулсан байх ёстой байдаг. М.Дашхүү өмнө нь нүүрс олборлож байх хугацаандаа бусдад уурхайн ам түрээслэж ашиг олох, дүүргийн харъяалалгүй иргэдийг хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангахгүй орчинд бага хөлсөөр ажиллуулах,татвараас зайлсхийх зэргээр холбогдох хууль тогтоомжийг байнга зөрчин ажиллаж иржээ. Улмаар 2014 оны намраас эхлэн НӨҮГ-ын эзэмшилд бүртгэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ, хог хаягдлын төвлөрсөн цэгийн хонхорт нүүрсний ил уурхай гарган олборлолт явуулж эхэлсэн бөгөөд уг хонхорт нь Налайх дүүргийн 7 хорооны бүх хог хаягдал, устгасан золбин нохдын сэг зэм, эмнэлгийн аюултай хог хаягдлыг булж устгадаг юм.
М.Дашхүү нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012 онд сонгогдсон бөгөөд өөрийн намын анд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Өсөхбаяртай хувийн ашиг сонирхолоор нэгдэн давуу эрх эдэлж, 2015 оны зөвхөн 1 дүгээр улиралд 30,0 мянган тонн зуухны нүүрсийг тонн тутмыг нь 34,0 мянган төгрөгөөр тооцон нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэ нь улиралд 1 тэрбум 20 сая төгрөг,сард 340 сая төгрөг М.Дашхүүгийн халаасанд орно гэсэн үг. Ингэж газар нутгийг хууль бусаар ашиглан там болгож их хэмжээний ашиг олж байгаа Х.Болдбаатар болон түүний нөхдүүдийн үйлдэл хэрээс хэтэрч байгаад газар шороондоо хайртай Налайхчуудын эсэргүүцэл төдийгүй орон нутгийн хууль хяналтын байгууллага хүчин мөхөсдөж байгаа юм.
Эх сурвалж: garag.mn