Өнгөрөгч оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын иргэн Г.Буяндоржид 2,3 жилийн ял оноосон билээ. Энэ шүүх хуралдаанаар иргэн С.Билэгтийн нэр хүндийг сэргээж Г.Буяндорж түүнд зарсан “Ноёд констракшн” компаниа буцаан авахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн, шүүхийн захирамж гаргуулсан, хэвлэл мэдээллээр гүтгэлэг тараасан гэдгийг л тогтоосон.
Г.Буяндоржийн захиалгаар С.Билэгтийн талаар ор үндэсгүй гүтгэлэг тараасан сэтгүүлч 27 сая төгрөгөөр торгуулснаас гадна төрсөн ах Г.Дамдиндорж нь зургаан сарын баривчигаа сонссон билээ.Хэвлэлийнхэн Г.Буяндоржтой холбогдох энэ удаагийн шүүх хурлыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн баяжмал авч өгөх нэрээр хятадуудыг зальдсан, шүүгч нараар хуурамч захирамж гаргуулсан гэх гэмт хэрэгтэй хольж хутгаад байгаа юм. Эдгээр хэргүүдийн хохирогч, холбогдогч нарын хүсэлтээр шүүх хурлыг тусгаарлан хийхээр болсон юм билээ.
1999 оноос эхлэн Г.Буяндорж залилангийн хэрэгт нэр холбогдон шүүх цагдаад дуудагдаж байсан удаатай. Хэд хэдэн удаа шоронд орох дөхсөн ч торгууль, тэнсэн харгалзах, өршөөлд хамрагдан мултарч байсан юм билээ. Цаг хугацаа явах тусам зальдуулсан хохирогчдийн тоо нэмэгдэж Г.Буяндоржтой учирсан, хөлд нь тээглэсэн хүмүүс ийн амьдрал шаазан аяга шиг бут үсэрч хог дээр үсэрч байсан түүх бий.
Амьдралаа сүйрүүлсэн ах дүү нар
1992 онд ах дүү дөрөв нийлэн хүнсний бөөний төвийн чиглэлээр “Цэн трейд” компаниа байгуулсан юм билээ. Банкны зээлтэй хэдий ч 200 гаруй ажилтантай, 2-3 салбартай, зах дээр цэгтэй, 24 цагаар бэлэн мөнгө урссан компанийн захирал Ц.Эрдэнэбат. Тухайн үедээ томоохон бизнесменүүдийн тоонд орж явахад Г.Буяндорж архи нийлүүлэх нэрээр анх танилцсан байдаг. Хар нүдний шилнээс салдаггүй залуу эхэндээ архиа нийлээд мөнгөө авдаг байсан бол сүүлдээ нэрээ бичүүлээд л авдаг болжээ.
Нэг л мэдэхэд Г.Буяндорж 4,121,806,309 /дөрвөн тэрбум нэг зуун хорин нэгэн сая найман зуун зургаан мянга гурван зуун ес/ төгрөг авчихсан байдаг. “Цэн трейд” компанийн захирал Ц.Эрдэнэбат мөнгөө нэхээд эхлэнгүүт Г.Буяндорж зугтаагаад эхэлсэн юм билээ. Аргаа барсан ах дүү дөрөв Г.Буяндоржийг хууль хяналтын байгууллагад өгсөн цагаас эхлэн найман жил заргалдсан ч хохирлоо барагдуулж чадаагүй юм.
Г.Буяндоржтой заргалдсан найман жилийн хугацаанд банкны барьцаанд тавигдсан орон сууцаа алдаж бизнесээ дампууруулж орхисон. Дэвжин дээшилж байсан залуусын амьдрал сүйрч эхэлсэн гэхэд болно. Дүү Ц.Нацагдорж гэнэт нас барж хүргэн нь орон сууцаа алдсандаа гутарч элэгний өвчин олоод төд удалгүй бурханы оронд илгээгдсэн байдаг. Бас нэг дүү охины бие муудаж, байнгын асаргаа, сувилгаа шаардагдаж эхэлсэн байна. Хоёр охин дүү нь хүүхдүүдтэй гудамжинд гарч Ц.Эрдэнэбат дараалсан цохилтуудыг тэсч чадалгүй тархинд нь цус харважээ.
Арван жил араас нь гүйсэн Н.Эрдэнэбаатар
Даймонд трейд компанийн захирал Н.Эрдэнэбаатар Г.Буяндоржтой бүхэл бүтэн арван жил Ард Аюуш шиг заргалдсан байдаг. Уг нь Г.Буяндоржтой нэг айлын хүргэцүүл болж байсан удаатай юм билээ. Маргаан юунаас эхлэв гэхээр тэр хоёр хамтарч Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд архины үйлдвэр байгуулаад ажиллаж байжээ. Бизнесийн харилцаанд сэв суусан учраас тус тусынхаа хувийг аваад салахаар болсон байна. Г.Буяндорж архины үйлдвэрээ авч, Н.Эрдэнэбаатарт 570 сая төгрөг өгөхөөр тохиролцсон байдаг.
Үнэндээ бол тэр архины үйлдвэрийг Н.Эрдэнэбаатар байгуулсан юм билээ. Г.Буяндорж төлбөр тулах дургуй учир дахиад л Н.Эрдэнэбаатараас зугтаагаад эхэлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудаас зугтаагаад л , шүүхдээд л арван жил болжээ. Энэ хугацаанд Н.Эрдэнэбаатарын амьдрал, бизнес будаа болчихсон. Яагаад хохирлоо барагдуулдаггүй юм бэ гэхэд Г.Буяндоржийн нэр дээр нэг ч өмч байдаггүй. Улсын бүртгэлд “Ноёд” групп гэдэг компани байхгүй.
Мөн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрынхан Г.Буяндоржтой бүхэл бүтэн арван жил хөөцөлджээ. Н.Эрдэнэбаатар “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болохоор ирдэггүй, худлаа ярьдаг, зугатаадаг, хойшлуулдаг, хүнд өр төлбөрөө барагдуулахгүй байхад ашиглаж болох бүхий л аргыг хэрэглэж зугатан зайлдаг хүн. Тиймээс Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрынхан түүний хойноос уйгагүй хөөцөлдөж явсаар аргагүйд хүрч гэр орныг нь битүүмжилэхээр “Өө, энэ миний нэр дээр байдаг эд хөрөнгө биш.Манай эхнэрийн нэр байдаг зүйл. Эхнэрийн хөрөнгөнд халдлаа” гээд 2012-2013 онуудад шүүх хурлаар орж байжээ.
Шүүх гомдлыг авч хэлэлцээд “Гэр бүл болсноос хойших хөрөнгө бол дундын өмчлөлийн хөрөнгө. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зөв явагдсан байна” гэж эцэслэн шийдвэрлэсэн. Гэвч Г.Буяндорж элдэв гомдол гарган маазруулж, завааруулсаар 27 удаа шүүх хурал өнгөрөөсөн дөө” хэмээн ярьсан байдаг юм. “Даймонд трейд”-ийн компанийн захирал Н.Эрдэнэбаатарыг уймраа, жаахан “юмтай” гэх нь бий. Р.Чойномын “Олон үгтэй уймраа болж, оочсон цайндаа цацдаг болж. Уг ийм хүн байгаагүй юм.Ийм болгосн хүн нь би байна” гэжшүлэглэсэн дээ.
Түүнтэй адил Н.Эрдэнэбаатарыг уймраа, түргэн ууртай, хашгичдаг болгосон хүн Г.Буяндорж шүү дээ. “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгтийн нэхэмжлэлтэй шүүх хурлын өмнөхөн Г.Буяндорж Н.Эрдэнэбаатарын мөнгийг өгчихсөн дуулдав. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрынхан болон Н.Эрдэнэбаатар арван жил хөөцөлдсний эцэст нуруугаа амраав бололтой. Тэр архины үйлдвэрийн тухайд гэвэл Г.Буяндорж Н.Эрдэнэбаатарт мөнгийг нь өгөөгүй байхдаа даян аварга А.Сүхбатад зарчихсан юм билээ.
Архины шошгоны төлөө олон хүн шоронд оржээ
Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн албаны мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нар Г.Буяндоржийн архины үйлдвэрээс их хэмжээний хуурамч шошго хураасан байгаа юм. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад Г.Буяндорж өөрийн ажилтнууд болох харуул хамгаалалтын албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нарыг цагдаа нартай уулз, идэж уу гээд явуулсан байдаг. Цагдаагийн ахмад Д.Бямбадорж хошууч Д.Саруул нарт мөнгө өгөхөөр тохирч 18 мянган ширхэг хуурамч шошгоо буцаан авахаар болжээ.Алдарт Г.Буяндорж цагдаа нар авлига авч байх үед бичлэг хийх үүргийг харуул хамгаалалтын албаны дарга Д.Мөнхзулд үүрэгдсэн гэнэ.
Төд удалгүй цагдаа нарт авлига өгсөн хэрэг мандаж Д.Мөнхзулын гэрт байгаа бичлэг нэгжлэгээр гараад ирсэн байх юм. Ийм бичлэг хийгдсэн гэдгийг Г.Буяндорж, Мөнхзул хоёроос өөр хүн мэдэж байсангүй. Цагдаа нар авлига авсан, Г.Буяндоржийг 277 сая 158 төгрөгийн татвараас зугтаасан, нягтлан бодогч Б.Гантулга, П.Энхцэцэг нарыг хуурамч тайлан гаргасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Хан-Уул дүүргийн шүүх дээр Г.Буяндорж “Би Мөнхзулд авлига өг гэж хэлээгүй, утасдаагүй. Цагдаа нарыг авлига авч байх үед гадаадад байсан” хэмээн мэдүүлсэн байна. Ажилтнууд нь болохоор захирлын тушаалаар авлига өгсөн, санхүүгийн хуурамч тайлан гаргасан гэж мэдүүлсээр байжээ. Авлига авсан хэргээр хошууч Д.Саруул, ахмад Д.Бямбадорж нар таван жил 10 хоногийн ял оноож, Д.Мөнхзулд нэг жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Улсын яллагч Ё.Сагсай Г.Буяндоржид Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар зургаан жил хорих ял төлөвлөсөн ч тэнсэн болоод тэр нь өршөөлийн хуульд хамрагдаад хэрэгсэхгүй болсон юм билээ.
Хятадуудыг зальдсан хэрэг үндэсний бахархал уу
2011 оны эхээр БНХАУ-ын Тяньжин хотын “Тайшин” худалдааны экспорт, импортын компанийн захирал Хаинг Донг Шинг Улаанбаатар хотод хөл тавьсан аж. Түүний гол зорилго бол Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс төмрийн хүдрийн баяжмал авах зорилготой байжээ.Үүнийг нь мэдэж байсан Г.Буяндорж өвөрмонгол найз Э.Хурцаатай очин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал нар утас цохих зэргээр итгэл олж авчээ.
Уулзалтын үр дүнд Г.Буяндорж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит компаниас төмрийн хүдрийн баяжмал авах ажлыг хариуцах, харин түүний найз Э.Хурцаа нь “Тайшин” худалдааны экспорт, импортын компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллах болсон аж. Тэр гурав Дархан хотод очин хэд хэдэн бүдүүн даргатай уулзсан байдаг юм. Ямартай ч гэрээ бэлэн болж Хаинг Донг Шинг төмрийн баяжмалын төлбөр болох 1,2 сая ам.долларыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү шилжүүлсэн хэдий ч Г.Буяндорж, Э. Хурц нар хуурамч итгэмжлэх ашиглан “Скай Таэур Энхбуян” компанийн данс руу хийсэн байна.
Энэ компанийн данс руу хийхийг Г.Буяндорж үүрэг болгосон байгаа юм. Хэрэг явдал болохоос сарын өмнө “Скай Таэур Энхбуян” компанийг Г.Буяндорж эгчийнхээ хүү Ч.Ууганбаярт байгуулж өгсөн юмсанж. Мөнгө ороод ирснийг мэдсэн Г.Буяндорж Ууганбаярыг өдөртөө хэд хэдэн удаа банк руу явуулж ам.доллар авчруулж байсан байдаг. Нөгөө хятад мөнгөө өгчихөөд галт тэргээр ирэх төмрийн баяжмалаа нүдээ чилтэл харуулдсан биз. Тэгээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага руу гэрээнд заасан хугацааны дагуу төмрийн баяжмалаа нийлүүлээч гэсэн шаардлага хүргүүлжээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс “Мөнгө төлөөгүй байж” гэснээс үүдэн Г.Буяндоржийн залилангийн гэмт хэрэг илэрчээ. “Муусайн хятадуудыг залилахад яадгийм” гэсэн далд бахархал, омогорхол Г.Буяндоржийн ойр тойрны хүмүүсээс сонсогдож байгаа юм. Хятад, Канад, Солонгос, Оросууд гээд бүгд гадны хөрөнгө оруулагчид учраас Г.Буяндоржийг “Шилийн сайн эр” гэж шүүх өөгшүүлэхгүй л болов уу. МАН-ын бага хурлын гишүүн, улсын бүртгэл байхгүй “Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндоржийн залилангийн хэргийн зах зухаас өгүүлэхэд ийм байна. Түүний “Зоос” банк, Хөтөлийн цементийн үйлдвэр зэргийг хохироосон асуудлыг энд дурьдсангүй.
Алдарт Г.Буяндоржоос болж шоронд орсон Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан, хуурамч захирамж гаргасан, баталгаажуулсан асуудалд холбогдсон Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн шүүгч, нотариатч, үеэл Д.Батжаргал гээд түүний замд тааралдсан олон хүмүүсийн амьдрал бүрхэг болсон байдаг. Яагаад Г.Буяндорж шоронд оров гэсэн асуултанд ингээд гэж дээрх хэргүүдийн хохирогч нар хариулах биз.
Ц.Мөнх