Нийслэлийн дүүрэг, харьяа газар, агентлагуудад хийсэн шалгалтын дүн гарлаа

p19deb0rdqk1v1bl01s471l3qo5t1Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх ажлын хэсгийг байгуулж, Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудад 01 дүгээр сарын 12-ноос 23-ны өдрүүдэд шалгалт хийжээ.

Шалгалтын ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146, 2015 оны А/03 дугаар захирамжуудыг мөрдлөг болгон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, Нийслэлийн төсөвт 22 байгууллага, Өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн 17 газар, Нийслэлийн есөн дүүрэгт 2014 оны үйл ажиллагааны үр дүн, төсвийн Ерөнхийлөн захирагчаас ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагуудын дүрмээр хүлээсэн үүрэг, холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.

p19deb0rdq1aoqm0f1qedlm51emo2Шалгалтын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамжийн хэрэгжилт, Мэдээллийн ил тод байдал, Хэрэглэгчийн үнэлгээ, Шилэн дансны систем, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, шинээр хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ зэрэг хэрхэн биелэж, ажиллаж байгааг тодорхой болгожээ.
Жишээ нь, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг  дүүргүүдийн Засаг дарга, ЗДТГ тайлагнахдаа зарим ажлуудын үнэлгээг үндэслэлгүй өндөр гаргасан, албан бичиг стандартын шаардлага хангаагүй, дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд хүрсэн эсэх нь тодорхойгүй зэрэг нийтлэг дутагдалтай байжээ.  Харин Нийслэлийн төсөвт байгууллагууд бодлогын зорилтуудыг төлөвлөхдөө хэрэгжүүлэх байгууллагуудыг оновчтой тодорхойлох, төсөвт байгууллагуудад хамааралтай ажлуудыг төлөвлөөгүй зэргээс хамаарч бодлогын зорилтуудыг өөрсдөө сонгон авч хэрэгжүүлсэн байна.

Шалгалтын ажлын хэсгээс нийтлэг дутагдал, зөрчлийг арилгах, цаашид тайлан, гаргах, албан бичиг хөтлөхөд хэрхэн анхаарч ажиллах талаар тухайн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажилласан бөгөөд үнэлгээ хийх журмын дагуу үнэлгээ өгчээ. Ингэхдээ 5 бүлэг, 31 шалгуур үзүүлэлт, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар баталсан Удирдамжинд заагдсан 7 чиглэлээр Бүрэн хангалттай, Хангалттай, Ажил сайжруулах шаардлагатай гэж үнэлсэн байна.

p19deb0rdq7me17l04chgn1hve5“Бүрэн хангалттай” үнэлгээ- Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг,  Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын Хүүхдийн ордон, Авто замын газар, Архивын газар, Нийтлэг үйлчилгээний газар,  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн газар
“Ажил сайжруулах шаардлагатай” үнэлгээ Асгат, Багачууд хүнс, Ахмадын хотхот-1, Улаанбаатар лифт НӨААТҮГ, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Эдийн засгийн хөгжлийн газар.
Харин бусад дүүрэг, харьяа газар, агентлагууд “Хангалттай” гэсэн үнэлгээ авчээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд шалгалтын дүнтэй танилцсаны дараа зарим асуултад хариулт авлаа.

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Дүүргүүд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, эрх шилжүүлсэн ажлуудыг хэрхэн гүйцэтгэсэн талаар үнэлгээнд орсон эсэхийг тодрууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлд  Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг хангалттай, Баянзүрх, Багануур дүүрэг гүйцэтгэл дутуу, анхаарах шаардлагатай байсан. Харин эрх шилжүүлсэн ажлыг Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг хангалттай гэх үнэлгээтэй гүйцэтгэсэн бол Баянзүрх, Баянгол дүүрэг хангалтгүй үнэлгээ авсан” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Хяналт шалгалт, үнэлгээ өгөх нь чухал ажил. Гэхдээ төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, боломжийг сайжруулахад бас анхаарах хэрэгтэй. Тухайлбал Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас жижиг өрөөнд олуулаа сууж ажиллаж байгаа гэх гомдол ирж байсан. Шалгалтын ажлын хэсэг энэ асуудалтай танилцсан уу” гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дарга Ү.Ганболд “Бид үүнтэй санал нэг байна. Чингэлтэй дүүрэгт нэг жижиг өрөөнд 6-8 хүн сууж ажиллаж байгаа тохиолдол бий. Тус дүүргийн байранд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамт байрладаг. Тухайн жигүүрийг чөлөөлвөл нэг хүнд ногдох талбай хүрэлцэхүйц болох юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалж байгаа” гэж хариуллаа.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ажил дүгнэх, хяналт, шинжилгээ хийх шалгалт төдийлөн үр дүнтэй болохгүй байгааг шүүмжилж, ирэх жилүүдийн шалгалтыг өөр байдлаар хийх шаардлагатай гэсэн саналыг гаргасан юм. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Жил бүрийн эхэнд үр дүнгийн гэрээ байгуулахдаа гэрээний хэрэгжилтийг хэрхэн хангах, хариуцлага алдсан болон хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудлыг тодорхой болгох”-ыг Нийслэлийн ЗДТГ-т үүрэг болголоо.

Энэ удаагийн шалгалтаар “Ажил сайжруулах шаардлагатай” гэсэн үнэлгээ авсан газруудад сануулах арга хэмжээ авах бол жил дараалан авсан газрын удирдлагад хариуцлага хүлээлгэхээр тогтлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …