Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчиллын үнэт зарчимд тулгуурлан хөгжиж яваа улс билээ бид. Тэгвэл нэг хүний эрх ашгаар нийтийн эрх ашиг хохирч байгаад өнөөдөр хариуцлага тооцох нь бүү хэл толгойг нь илээд сууж байгаа нь харамсалтай.
Учир нь Налайх дүүргийн 2015 оны төсөв 02 сарын 06 хүртэлх хугацаанд батлагдаагүй, төрийн албан хаагчид цалин урамшууллаа авч чадахгүй “төрийн ажил гацаанд” ороод байна.
Дүүргийн ИТХ-ын аас Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан ч өдгөө хүртэл ИТХ-ын тогтоол шийдвэрийг эсэргүүцэн ажлаа хийсээр байна. Энэ талаар нийслэлийн удирдлагууд ч тоймтой арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэхгүй байснаас дүүргийн иргэд, оршин суугчид хохирч байна.
Налайх дүүргийн 2015 оны төсөв өнөөг хүртэл батлагдаагүй тул 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус дүүрэгт санхүүжилтийн түр горимыг тогтоохоор нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” А/103 дугаар захирамж гаргажээ.
Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 02 дугаар сард 416 480 300 төгрөг, 03 дугаар сард 210 000 300 байхаар тогтоож, зарцуулах зардлын хэмжээг баталсан байна.
/мян.төг/
№ | Зардлын төрөл | 2015 оны 02 дугаар сар | 2015 оны 03 дугаар сар | Нийт дүн |
1 | Үндсэн цалин | 60,672.0 | 30,336.0 | 91,008.0 |
2 | Унаа хоолны хөнгөлөлт | 21,551.2 | 10,775.6 | 32,326.8 |
3 | НДШ | 9,044.5 | 4,522.3 | 13,566.8 |
4 | Бичиг хэрэг | 6,275.6 | 3,128.6 | 9,404.2 |
5 | Гэрэл цахилгаан | 15,074.9 | 7,537.8 | 22,612.7 |
6 | Түлш халаалт | 136,310.9 | 68,155.2 | 204,466.1 |
7 | Шуудан холбоо | 4,286.8 | 2,143.5 | 6,430.3 |
8 | Цэвэр бохир ус | 7,274.6 | 3,636.9 | 10,911.5 |
9 | Дотоод албан томилолт | 2,150.4 | 1,344.7 | 3,495.1 |
10 | Урсгал засвар | 4,500.0 | 3,500.0 | 8,000.0 |
11 | Байрны түрээс | 882.2 | 441.1 | 1,323.3 |
12 | Хог хаягдал зайлуулах | 111,957.2 | 55,978.6 | 167,935.8 |
13 | Бараа үйлчилгээний бусад зардал | 6,500.0 | 3,500.0 | 10,000.0 |
14 | Орон нутгийн нөөц хөрөнгө | 30,000.0 | 15,000.0 | 45,000.0 |
Дүн | 416,480.3 | 210,000.3 | 626,480.6 |
Нийслэлийн дагуул хот болохоор иргэд оршин суугчдын саналаар сонгогдсон Налайхчууд хэдий болтол санхүүжилтийн түр горимтой, огцрогдсон ч ажилтайгаа сууралдсаар суугаа Засаг даргатай, бүтээн байгууллалтын ажил удаашрал хоцрогдолтой явах вэ?
Ард олноосоо “нисдэг дарга” хоч хүртсэн Х.Болдбаатар даргыг Үүл баатар эцсээ хүртэл цээжээрээ хамгаалах бололтой. Учир нь ИТХ-аас Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулсан талаар тогтоол шийдвэрээ явуулсаар атал өнөөг хүртэл хариуг ирүүлээгүй байгаа аж.
Хамгийн хачирхалтай нь “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” захирамжиндаа
“Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болгож, санхүүжилтийн түр горимын биелэлтэд хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэсэн байна.
Энэ нь Засаг дарга Х.Болдбаатарыг халах солих бодолгүй, тухайн дүүргийн ИТХ-ын тогтоолыг “тоохгүй” байгаа нэг үндэс юм.
Налайх дүүрэгт хот байгуулсанаар өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох тооцоотой буй Налайхчуудын хамгийн ойрын хүлээлт нь Засаг даргын асуудлыг нэг талд шийдэж, ИТХ-аас төсвөө баталж, төрийн ажил хэвийн горимд шилжихийг хүсэж буй.
Г.Эрдэм