Хүнсний аюулгүй байдлын талаар ойлголтгүй гэгддэг Хятадын хамгийн том хар зах буюу Гуанши хотод төрөл бүрийн нохдын махны амталтгаат үзэсгэлэн худалдаа болжээ.
Гуанши хотын Юлин захад болсон үзэсгэлэн худалдаанд хэдэн зуун нохдын махыг төрөл бүрийн хоолны орц болгон хэрэглэгчдэд хүргэсэн байна. Нохойн махны фестивальд зочилсон АНУ-ын гэрэл зурагчин Томас Нийдсоны тэмдэглэснээр нохдын махыг амтлах хүсэлтэй хэдэн мянган оршин суугч захын энд тэндгүй холхилдож байжээ.
Хятад улс амьтны эрхийг хамгаалах талаар Азид хамгийн болхи арга барил хэрэглэдэг. Тиймдээ ч нохой, харх, төрөл бүрийн халдвар тээгч амьд биетийг хүнсэндээ хэрэглэсээр олон зуун жилийн ард гарчээ.
Нохойн махны үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэд Бээжин хаваас эхлээд бохир цустай гудамжны нохдын мах амталж буй зураг, дүрс бичлэгээ нийгмийн сүлжээнд цацаж, бахархал мэтээр тайлбарласан байна. Тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулагч Де Яа Фун “Бид амьтдын махыг маш олон төрлийн хоолонд ашигладаг. Энэ нь Хятад үндэстний зоогийн ширээн дэх төрөл зүйлийг нэмж, хоолны нэр төрлийг баяжуулдаг тустай” хэмээн тайлбарлажээ.
Амьд нохойг халуун тогоонд чанаж, арьсыг нь хуйхлан зоогийн ширээнд тавьж буй Юлин зах дээрх дүр зураг дэлхий даяар шүүмжлэлд өртөөд байна. Үүнийг дагаад Гуанши хотын иргэд жагсаал зохион байгуулж, хөөрхий нохдын төлөө тэмцсэн байна. Өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа ч эрх баригчид нохойн мах амтархагчдад ямар нэгэн арга хэмжээ авахгүй нь тодорхой аж.
Гэхдээ хүнсний гол орц болж буй нохдоос халдварт өвчний шинжилгээ авах ёстой гэдгийг Гуанши хотын Мал эмнэлгийн лабораторийн мэргэжилтэн Фэн Ду ярьжээ. Тэрбээр “Энэ онд засгийн газар нийгэм дэх элдэв гаж үзэгдлүүдийг зогсоох арга хэмжээ авч байгаа. Гэвч энэ фестиваль бол чухал ач холбогдолтой. Нохойн махыг төрөл бүрээр ангилан, хоол бэлтгэдэг уламжлал Хятадын эртний соёлоос өвлөгдөж ирсэн гэдгийг мартаж болохгүй. Юун түрүүнд фестивальд зоогийн гол орц болж байгаа нохдоос шинжилгээ авсан байх шаардлагатай. Юлин захын лангуу бүрийн тогооч нар үүнийг ухамсарладаг” гэжээ.
Нохойн махны фестивалийг үзэж сонирхсон фото сэтгүүлч Томас Нийдсон тэмдэглэлдээ “Миний бодлоор энэ хот нохдын хувьд там. Захаар орох үед энд тэнд нохдын гасалж, гийнах дуу сонстох нь аймшигтай. Тэд нохойны амийг тасалсны дараа зоог бэлтгэдэггүй. Ингэвэл мах амтгүй болдог гэж үздэгтэй холбоотой. Тэр байтугай гэдсийг нь заазуураар авсан ноход үхэлгүй, гөлийгөөд хэвтэж байх нь өрөвдмөөр” хэмээн бичжээ.
Бүтэн сар гаруй үргэлжлэх амьтны махан фестиваль энэ сарын дундуур хаалгаа барина. Тэр хүртэл хэдэн мянган ноход Хятадын тансаг ресторануудад хүргэгддэг аж. Хамгийн үнэтэй рестораны цэсэнд үнэд хүрсэн нохдын мах Юлин захын яргачин тогоочдоор дамждаг гэнэ.
Эх сурвалж: