Хорлоо эмээ уйлж сууна

e46615537d87c25ebigСүүлийн өдрүүдэд зарим хэвлэл, цахим ертөнцөөр “Хорлоо эмээ байшингаа зарах гэж байна” гэсэн мэдээлэл гарах боллоо. Хорлоо эмээд туслах аян өрнүүлж, сувилалд хэвтүүлэн, байшин барьж өгөх ажлыг зохион байгуулсан “Монгол тусгал” ТББ-ын ажилтан н.Ням-Эрдэнээс тодруулахад, “Хаанаас, яагаад  ийм яриа гараад байгааг ойлгохгүй байна. Хорлоо эмээ яасан гэж байшингаа зарах юм бэ. Тэгээд ч айлын хашаанд байдаг байшин нь одоохондоо манай байгууллагын нэр дээр байдаг” гэлээ. Үнэн, худлыг настны амнаас сонсохоор Хорлоо эмээгийнд очив. Биднийг өглөө 8.30 цагт очиход Хорлоо эмээ дөнгөж галаа асаан, тогоонд цай чанахаар бэлдэж байв. Данх, шанага, цайны идээ, давсаа авахаар арайхийн босож байгаагаас хөл нь нэлээд хөндүүр байгаа бололтой. Өөрийгөө танилцуулаад, сэтгүүлч гэдгээ хэлтэл яриа нь ховордоод, дуугаа хураачхав. Хөшиг хаалттай тул байшинд нэлээд гэрэл муутай. “Эмээ гэрлээ асаачих уу” гэтэл “Тог байхгүй” гэлээ. Тогны мөнгөө төлөөгүй учир тэр хавийн хэдэн айлын тогийг таслаад хоёр хонож байгаа бөгөөд өнөөдөр хашааны эзэн айл мөнгөө тушаах юм гэсэн. Хорлоо эмээ тогны болоод хашааны түрээсийн мөнгө энэ айлдаа төлдөггүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Бидний яриа нэг л эвлэж өгөхгүй байсаар зуухан дээрх цай буцалж, эмээ сүүтэй цай аягалан өгөөд дээр үеийн бор шаргал шүүгээний булангаас амыг нь зангидсан ууттай зүйл гаргаж ирэв. Хоёр давхар торонд 24-ийн чихэр, хэвийн боов хагалан хийсэн байснаа таваглан бидний өмнө тавилаа. “Эмээ өөрөө цайгаа уугаач” гэхэд “Даралтын эмээ саяхан уусан, сүүтэй цай уучихвал даралт өсчихнө” гээд уусангүй.  Төслийн зууханд хуурай мод шажигнатал шатаж, эмээгийн байшин дороо л халуу төөнөөд ирэв. Зуухны амаар галын дөл ширтэн чимээгүй суусан эмээ  дэргэдэх сандлаа түшин босож дэргэд минь ирж суугаад, “Эмээ нь үхэхийн хооронд их юм үзэх нь. Яасан ч үхэж өгдөггүй зөнөг вэ гэж өөрийгөө харааж сууна. Би юу гэж энэ сайхан байшингаа зарах юм бэ? Намайг байшингаа зарах гэж байна гээд хэн тэр интернет гэдэг юманд биччихсэн юм бол? Тэр интернет гэдэг газар нь очиж, даргатай нь уулзмаар байна” гээд хоолой нь чичрэн, нулимсаа арчив.

Энэ асуултыг л би эмээгээс яаж шуу асуух учраа олохгүй суусан болохоор бүр ч яах учраа олж ядав. “Эмээ, та хаанаас ийм зүйл дуулаа вэ? Та тайван бай, өөрийгөө ингэж зовоох хэрэггүй” гээд аргадах үгээ ч олж ядлаа.

“Хөлдөж унамаар онгорхой муу амбаарыг минь олон түмний буянаар ийм сайхан байшин болгож өгөхөд яаж баярлах учраа олж ядан л суулаа, эмээ нь. Одоо харин яая даа гээд уйлж суух үе  байх юм. Уржигдар би хөрш Баярынд орсон юм. Залуу насандаа би Баярын аав, ээжтэй найзалж нөхөрлөж явсан болохоор орж гардаг юм л даа, эднийд. Гэтэл Баярынд суудаг оюутан охин “Та яагаад байшингаа зарах гэж байгаа юм, тэгээд хаана амьдрах гэж байгаа юм бэ” гэж асуугаад том утсан дээрээсээ миний зургийг үзүүлэн, энд ингээд биччихсэн байна” гэсэн юм. Тэгээд хэн бичсэнийг нь асуухаар “Интернет”-д гэх юм. Энэ нэрийг нь сайн тогтоогоод авах юм шүү гээд гэртээ орж ирээд Ням-Эрдэнэ рүү утсаар залган асуулаа. “Бидний ажилд хорссондоо зарим хүмүүс худлаа яриа гаргасан байна, Эмээ минь битгий санаа зов оо” л гэсэн. Гэхдээ би яаж санаа зовохгүй, тайван суугаад байж чадах билээ. Энэ байшинг барихад нэг төгрөг ч гэсэн хандивласан түмэн олон намайг юу гэж бодох билээ? гээд хоолой нь зангирчих юм.

Энэ үеэр хажуу айлынх нь хүн эмээгийнд орж ирж, гурвалсан яриа өрнүүллээ. “Хүмүүс ёстой муухай байх юм. Хорлоо эмээ уржигдраас хойш намайг орж ирэх бүрийд яриад, бичсэн хүнийг нь олмоор байна л гэх юм. Олоод яах вэ дээ. Та тайван сууж л бай. Танд зарах бодол байхгүйгээс хойш хүмүүс элдэв юм яриад яах вэ дээ гээд хэлээд л байгаа, ядаж байхад тогийг нь таслуулаад хоёр хоночихлоо. Өнөөдөр мөнгийг нь хүргэж тушаагаад залгуулна даа. Гэхдээ хороо хориныхон ч гэлээ энд нэг ийм хүн амьдардаг юм гээд ганц хоёр хоног тогны мөнгө оройтоход таслаад хаячихдагаа болимоор юм” гэв.

Гурвуулаа нам засаг, худалдаа наймаа, хүүхэд залуус гээд олон зүйлийн тухай ярилаа. “Эмээ нь дандаа ч ийм эрүү өвдөг нийлсэн үнгэсэн цаас шиг амьтан яваагүй юм. Залуудаа Ганган Хорлоо, Уран Хорлоо гээд нутагтаа нэртэй л явлаа” гээд хөгжилтэй хөхрөв. Хүн хөгшрөхөөр баярлаж, гомдох нь амархан болдог гэдэг үнэн бололтой. Эмээгийн инээд сэтгэлийн мананг чухам л сарнитал минь үлээлээ. Дахиад эмзэглэчихмээр юуны ч тухай ярихгүй юм шүү гэж хичээсээр эмээгийнхээс гарлаа. Эмээ ууттай чихрээсээ хоёрыг авч хармаанд хийж өгөв. Хорлоо эмээдээ эрүүл энхийг хүсье. Настны сонорт энэ мэт муу мэдээ дахиад бүү хүрээсэй.

Ц.Анхзул

Мэдээний линк: http://society.time.mn/content/53613.shtml

Эх сурвалж: www.time.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …