Аливаа өвчнийг оношлоход улам бүр хялбар болж байна. Саяхан Колумбын Их сургуулийн эрдэмтэд ухаалаг гар утасны тусламжтайгаар 15 минутын дотор ХДХВ, тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчнийг оношлох шинэ технологи нээсэн байна. Одоогоор эдгээр өвчнийг оношлоход зориулсан машиныг 18 мянган ам.долларын өртөгтэйгээр үйлдвэрлэж байгаа бол эрдэмтдийн бүтээсэн шинэ технологи ердөө 34 ам.долларын үнэтэй байх гэнэ.
“Science Translational Medicine” сэтгүүлд бичсэнээр эрдэмтэд Руандагийн 96 өвчтөнд энэхүү шинэ технологийн туршилтыг явуулсан бөгөөд шинжилгээний дүн лабораторид хийсэн шинжилгээний хариутай 92-100 хувь таарсан гэжээ. Ийнхүү оношлогооний энгийн технологи нэвтрэснээр өвчнөөс шалтгаалсан эрт нас баралт, өвчлөл эхээс урагт дамжих зэрэг эрсдлийг таслан зогсоох боломжтой болж байгаа аж.
Хэрэв энэхүү төхөөрөмж албан ёсны шалгуурт тэнцвэл ДЭМБ бэлгийн замын халдварт өвчинд ихээр нэрвэгдсэн улсуудад ашиглах магадгүй гэнэ.