Үндэсний их баяр “Цагаан сар”-ыг угтан нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2015 оны 2 дугаар сарын 7-ны бямба гаригт зохион байгуулав.
Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Улаанбаатар нэгтгэл, хог тээвэрлэгч байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, СӨХ, иргэд оролцлоо.
Их цэвэрлэгээний өдөр нийслэлийн 9-н дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ хийж нийт 2 010 600 м2 талбайн 2802,3 тн хог хаягдлыг 687 удаагийн рейсээр ачиж тээвэрлэж хогийн төвлөрсөн цэгт хүргэсэн байна. Нийт 7796 байгууллага, аж ахуйн нэгжийн 40868 хүн их цэвэрлэгээнд оролцож 362 байгууллагад мэдэгдэх хуудас хүргүүллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.