Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж Монголын Залуучуудын Холбоо МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр болсон уг хүндэтгэлийн арга хэмжээнд 70 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд тэд залуу халуун насаа дурсаж, тэдний хойчийг залгамжилж яваа залуучууддаа үнэтэй сургаалиа хайрлалаа. Тэдний дунд хамгийн ахмад нь буюу 90 гаруй настай Д.Дулмаа байсан бол Б.Зинамидэр, Ц.Дашдондов, Д.Бор, Б.Сүхээ Ч.Содномдорж, Б.Даариймаа зэрэг Залуучуудын байгууллагад ажиллаж байсан үе үеийн алдартай ахмадууд байлаа.
Манай ахмадууд бол эх орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө залуу, халуун нас, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулж ажилласан бидний өмөг түшиг болсон хүмүүс. Ахмад настнууд хэдийгээр нийгэмд аль хэдийнэ хувь нэмрээ оруулсан боловч өнөөдөр хүртэл гэр бүлийн дунд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Тэднийхээ алдар гавьяа, үүх түүхийг марталгүй ирээдүй хойчдоо сануулж, ахмад буурлуудаа хүндэтгэн дээдлэх нь залуус бидний үүрэг юм. Тиймээс үе үеийн ахмадуудаа жил бүр хүндэтгэн хүлээн авдаг юм. Ахмадууд ч “Биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэгт үргэлж баярлаж бас энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг” гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Ийнхүү Залуучуудын байгууллагын үе үеийн ахмад зүтгэлтнүүд төрөлх гэртээ цугларлаа.