Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/112 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3 дугаар заалт буюу Аюулгүй, Амгалан Улаанбаатар зорилтын “Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан “хөршийн хамгаалалт” амгалан тайван байдлын тогтолцоо бүрдүүлнэ” заалтыг хэрэгжүүлэхээр “Хөршийн хамгаалалт” журам, төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга “Хөршийн хамгаалалт” хөтөлбөр, төлөвлөгөөг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны дотор боловсруулан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх үүргийг ажлын хэсэгт өглөө. “Хөршийн хамгаалалт” хөтөлбөр боловсруулахад шаардлагатай 27 342 000 төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгажээ.