Өнөөдөр аавын минь төрсөн өдөр бид бүхний баярын өдөр. Аав минь байхгүй хоёрдугаар сарыг үзээд 16 жил болжээ.
Нас ахих тусам ээж минь улам бодогдоно гэдэг аавынхаа нийтлэлийг одоо унших бүртээ аавынхаа сэтгэлийг улам ихээр ойлгож сэтгэл гэдэг танихын нэр бус даван туулж гэтлэхийн нэр гэдгийг улам бүр ухаарсаар.
Миний аав олон хүмүүсийн сэтгэлд авьяастай найрагч, эх оронч хүүгээрээ үлдсэн бол охиныхоо зүрх сэтгэлд эр хүн гэдэг ямар уярмаар, хайрламаар, зөөлөн оршихуй байдгийг мэдрүүлсэн жинхэнэ баатар байв. Олон зун би аавыгаа дагаж хөдөө нутгаар аяласан.
Аавынхаа энгэрт эрхлэн наадаж хорвоо ертөнцтэй танилцана гэдэг хүн болохын эхлэл бөгөөд тэр л зөөлөн дуу хоолойгоор эх орны гоо сайхан хийгээд юмсын мөн чанар, өнгийг танин мэдэж хорвоо ертөнцийн үйлийг даван туулах, орчлонгийн хуурамч бүхний өөдөөс сөрөн зогсох сэтгэлийн хүчийг өгсөн билээ. Аав минь амьд ахуй үедээ бусдын атаа хорсол, гүтгэлгийн суманд сэтгэл зүрхээ нэг бус удаа шархлуусан ч түүний бусдыг энэрэн хайрлах, уучлан өршөөх сэтгэл нь улам тод гэрэлтэж үлдсэн юм. Аав минь
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү бүү түлх гэж хорь хүрээгүй насандаа найрагчийн бус бурханы сэтгэлээр үр хүүхэд ард түмнээ ухааруулан бичиж
Аяа, бурхан минь
Хүнд туслах ганц агшин ч болов хайрла
Алтан өдрүүд хайрлавал
Амьтны тусыг бүтээнэ би
Ганц өдөр, ганц өдөр
Ганц агшин, ганц агшин, ганц агшин
Газар дээр хүнд туслах он жил хайрла хэмээх гэрэлт мөрүүдээ зөвхөн бусдын сайн сайхны төлөө зориулан бичсэн юм.
Аавын минь мөнхийн хүслэн эх орон аюулгүй байж, ард түмэн нь аз жаргалтай амьдрахыг харах байсан бөгөөд түүний эх орны тухай шүлгүүд ард түмнийхээ дуу хоолой болж хүчтэй хэлсэн үгнүүдийг эргэн санахад аав минь өөрөө эх орныхоо уул толгод бүрт шингэж ус мөрний нэгээхэн хэсэг болон үлджээ.
Аав минь хэзээ ч ан гөрөө хийж байгаагүй бөгөөд үргэлж амьтан хооллож нялх балчир амьд бүхнийг энэрэн хайрладагсан… Тал нутгаар аялж явахдаа үргэлж эрх эргүүлэн маань тоолж эсвэл зөөлөн намуун хоолойгоор “Үлгэр домгийн буурал талдаа үүлэн хэвнэг нөмөрч өслөө би” хэмээн алсыг гунигтайгаар харан дуулдагсан.
Гунигтайгаар харсан харцанд нь аавынхаа морийг хөтлөөд алхсан хээр тал, ижийдээ түүж өгч дуусаагүй аргал нь харагддаг байсан бизээ. Аавыгаа алсын одонд алдчихсан тэр гунигт харцыг ааваа алдсан сэтгэл л ойлгох байсанг муу охин нь одоо л ухаарч байна.
Аавтайгаа хамт Алтан-Овооны бэлд хонож үүрээр, манан дунд хөл нүцгэн алхдаг байсан тэр үеүд одоо охиных нь сэтгэлд яруу найраг мэт гэгээн тунгалаг зураглал болон үлджээ. Амьдралд хэзээ ч хуучирдаггүй хүний үнэт зүйл бол бусдыг хайрлах энэрэх сэтгэл гэдгийг та үр хүүхэд бидэндээ сургаж амьдарч буй хором мөч бүхэндээ талархан бахархах үзлийг аав минь та л бидэнд ойлгуулсан билээ.
Дүүрэн аз жаргал гэж хэрвээ байдаг бол тэр нь эцэг эхийн хайр буюу дундуур дүүрэн хорвоод ааваа гэж дуудах, аавдаа үнсүүлэх тэр л аз жаргалыг ахин би хаанаас авах билээ… Эгэл жирийн ард түмний хайртай хүү, үр хүүхэд биднийхээ бахархал болсон хайрт эцгийнхээ мэндэлсэн өдөр хайр энэрлээр дүүрэн шүлгүүдийг тань давтан хэлж, гэрэлт мөрүүдийг нь сэтгэл зүрхнээсээ даган мөрдөж бусдын сайн сайхны төлөө үргэлж зүтгэж явахаа амлая! Та минь эх орон, ард түмэн, энэрэн хайрлахуйн шүлэг, бадаг, мөр бүхэндээ амьд сэрүүн байх болно.
АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ!
Эх сурвалж: www.dorgio.mn