Монгол улсын мэргэжлийн боксын спорт дэлхийн түвшинд хүрч, тамирчид маань тив дэлхий, олимпын наадмын дэвжээн дээр эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсээр байна. Амьдралынхаа 41 жилийг боксын спортыг хөгжүүлэх үйлсэд зориулсан Д.Банди багшийн удирдлага дор манай үндэсний шигшээ багийн тамирчид түүхэнд үлдэж, зуун жил ч үл хуучрах олон арван амжилтын эзэд болжээ.
Д.Банди багш 1966 онд анхлан бокс хэмээх их айлд хөл тавьж, 1973 оноос дасгалжуулагчаар ажиллаж эхэлжээ. Мөн “Алтан бээлий” нэртэй Монголын хамгийн анхны боксын клубыг 1990 онд үүсгэн байгуулж явсан бөгөөд 2006 оноос Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажллаж байна.
Банди багшын гараар нийтдээ 1200 гаруй тамирчид бэлтгэгдэн гарсан бөгөөд Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын хєдєлмєрийн баатар хоёр, Р.Отгонбаяр, Н.Энхбат, Т.Үйтүмэн, У.Мєнх-Эрдэнэ, Н.Тєгсцогт нарын 20 шахам гавьяат, 40 гаруй ОУХМ, 80 гаруй спортын мастер, 600 гаруй зэрэгтэй боксчдыг Монголын их спортод төрүүлж өгчээ. Дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа 1563 удаа тамирчнаа рингэнд авч гарч, тулаанд оруулсан байна.
Түүний нөр их хөдөлмрийн үрээр шавь нар нь Олимпын АЛТ-1, МӨНГӨ-2, ХҮРЭЛ-2, ДАШТ-ний АЛТ-1, МӨНГӨ-4, ХҮРЭЛ-1, Дэлхийн цомын мөнгө-1,Оюутны ДАШТ-ний АЛТ-4, МӨНГӨ-4, ХҮРЭЛ-10, Азийн аварга болон Олон улсын тэмцээнүүдээс 1000 гаруй алт, мөнгө, хүрэл медаль эх орондоо авч ирсан байна. Мөн 190 гаруй Улсын аваргын Алтан медаль хүртсэн байна.
Түүний Монгол улсын боксын спортод оруулсан хүч хөдөлмөр, байгуулсан гавъяаг нь төр, засгаас өндрөөр үнэлэж, 1990 онд Монгол улсын БТС-ын тэргүүний ажилтан цол, 1995 онд Монгол улсын “Шилдэг дасгалжуулагч” цол, 1997 онд Монгол Улсын Гавъяат Дасгалжуулагч цол, 2008 онд Монгол Улсын Ардын багш цолоор тус тус шагнаж байжээ.
Д.Банди Багшийн олон жилийн турш цуглуулсан мэдлэг туршлага, сургалтын арга барилын үрээр олон арван Монгол хөвгүүд дэлхийн чансаа өндөртэй тамирчдын тоонд зүй ёсоор багтаж, эцэг эх, багш, эх орныхоо нэрийг дуурсгасаар явна. Иймд Д.Банди багшийг Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнахыг еранхийлөгчид хандан уриалж байна.
Л. Ганзориг
www.sonin.mn