ХХААЯ-наас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан билээ.
Өнгөрсөн онд хөдөө аж ахуй салбарынхан улсын хэмжээнд 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн улаан буудай, 164 мянган тн төмс, 102,2 мянган тн хүнсний ногоо хураан авч, нийт хураан авсан үр тариа, улаан буудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн, нэг га-гаас хураан авсан ургацын үзүүлэлтээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн 55 жилийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт үзүүлсэн юм. Нөгөөтэйгүүр, мал сүргийн тоо 52 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 6,8 сая толгой буюу 15,1 хувиар өссөн амжилтаар ХYII жарны ялгуусан хэмээх хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн баяраа угтаж байна. Ийнхүү ажил хөдөлмөрөөрөө бусдаасаа шалгарсан улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олонд Засгийн газар, ХХААЯ-ны төлөөлөл энэ сарын 13-нд орон нутагт шагналыг нь гардуулж өгөх юм. “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарсан малчид, малчдын бүлэг, фермер, тариаланчдын нэрсийг энд дарж үзнэ үү.