АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ үзэглэжээ. Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байгаа тэрбээр мэргэжлийн боксын нэртэй промоутер Аль Хеймонтой гэрээ байгуулсан талаар гадны сайтууд мэдээлж эхэлжээ.
Н.Төгсцогт боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших “Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ базаах юм байна. Одоогоор гэрээний талаар нарийн зүйлс тодорхойгүй байгаа ч “Ойрын хугацаанд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьж Н.Төгсцогт өөрөө 10-аад тулаан хийсний дараа дэлхий аваргын төлөө тулалдахыг хүсч байгаа” хэмээн мэдээлсэн байна.
Өдгөө 22 настай Н.Төгсцогт албан бусаар “King Tug” гэх рингний нэртэй болоод амжжээ. 2009 оны Миланы дэлхийн аваргаас мөнгө, “Лондон-2012” олимпийн наадмаас мөн мөнгөн медаль зүүж, сонирхогчдын боксын хүрээнд жингийнхээ ангилалд нэрээ тамгалсан Н.Төгсцогт AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гаас 2010 анхлан зохион байгуулсан “Дэлхийн лиг”-т Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон юм. Хагас мэргэжлийн гэж болох тус лигт чамгүй амжилт гаргаснаар тэрээр мэргэжлийн рингэн дэх анхны алхмаа хийсэн билээ.
Эх сурвалж: Mongolcom.mn