Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барилгын шинэ дэвшилтэт технологийн төвийн хурлын танхимд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлож, тэдэнд хандан үг хэлж, ярилцсан нь оролцогч ахмадуудын сэтгэлийг сэргээсэн урамтай үйл ажиллагаа боллоо.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, Олон улсын насжилтын асуудлаарх олон улсын стратеги, Монгол улсын хүн амын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд урт хугацааны бодлогын чиглэлийг тодорхойлсон ойрын болон дунд хугацааны төлөвлөлт, үйл ажиллагааг явуулах үндэслэл болсон “Монгол улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийг Монгол улсын Засгийн Газрын 2009 оны 156 тоот тогтоолоор баталсан нь нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үйл явцад насжилт, настны аж байдал, эрүүл мэндийн чиглэлд холбогдох яам байгууллага, салбар дундын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах шаардлагатай байгааг тусгасан баримт бичиг болсон юм.
Тус стратеги нь хүн амыг насжилтын үйл явцад бэлтгэх, ахмад настны аж байдлыг сайжруулах талаар 2030 он хүртэл баримтлах урт хугацааны бодлогын баримт бичиг бөгөөд хүн амын насны бүтцэд гарч буй өөрчлөлт хандлагад тулгуурлан төлөвлөлтийг ойрын ирээдүйн болон жил бүрээр боловсруулан нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, холбогдох яамд, байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөх замаар хэрэгжүүлэхийг заасан. Цаашид тус стратегийн хэрэгжилтийн хангахад салбарын хэмжээнд үйл ажиллагааг зохион байгуулахын тулд үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Иймд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, “Монгол улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийг хэрэгжилтийг хангах зорилгоор “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2013 оны 5 дугаар сард эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлого, халамж, санхүү эдийн засаг зэрэг бүхий л салбарыг төлөөлсөн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын түвшний төлөөллийн дунд хэлэлцүүлсэн. Өнөөдөр үүнийг ахмадууд та бүхэндээ танилцуулж байна.
Өнөөдөр энэхүү танхимд улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, ачааны хүндийг үүрэлцэж, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлж явсан ахмадууд та бүгд маань хамтдаа хуран чуулж байгаа тул манай энэхүү хөтөлбөрийг боловсруулахад та бүгдийн санал бүр бидэнд өндөр үнэ цэнэтэй байх болно гээд настнуудад хандан арвин мэдлэг туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөв.
Мөн Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Оюунханд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Сургалт судалгаа гадаад харилцааны албаны дарга Н.Занди хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус танилцуулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр 17 ахмад хөтөлбөртэй холбоотой санал, шүүмж, анхаарах зүйлсийг дэвшүүлж, 9 ахмад бичгээр саналаа ирүүлсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч настнуудын дэвшүүлсэн санал сэтгэгдлийг нэгтгэн ажлын хэсэгт танилцуулахаар шийдвэрлэлээ.
Уг хэлэлцүүлэгт нийслэл дүүргийн ахмадын хороодын дарга нар болон идэвхтэн сонгуультан, дүүргийн ахмадын эмч нар, ахмадын төлөөлөл зэрэг 145 настан оролцжээ.