Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх байгууллагуудтай гэрээ хийлээ. 2015 онд нийт 989 байгууллага гэрээ хийж байгаагаас 103 нь төрийн өмчийн, хувийн хэвшлийн 162 эмнэлэг, 35 рашаан сувилал, 689 эмийн сан байгаа юм. Үүнээс Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 28, хувийн хэвшлийн 81 эмнэлэг, рашаан сувилал 16, 188 эмийн сантай гэрээг байгуулжээ. Өнгөрсөн жил 247 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ хийж байсан бол энэ жил ийнхүү тоо нь хэд дахин нэмэгдсэн байна. Байгууллагуудтай хийж байгаа гэрээнд даатгуулагчийн нийт төлбөр тооцооны 10-45 хувиас доошгүйг нийгмийн даатгалын үйлчилгээний Ко-брэнд болон төлбөрийн бусад картаар гүйцэтгэж, хөнгөлөлт, урамшууллын арга хэрэгслийг нэвтрүүлэх, үйлчилгээний төрөл бүрээр даатгуулагчдад тусламж, үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлтийг заавал үзүүлэх үүрэг бүхий заалтуудыг тусгаж өгчээ. Одоогоор гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалт бүрэн гараагүй байгаа ба байгууллагууд гэрээгээ байгуулж дуусмагц олон нийтэд мэдээлэх ажээ.
эх сурвалж: www.emch.mn