Бид хоногийн гуравны нэг орчмыг унтаж өнгөрүүлдэг. Унтах нь үнэндээ цаг үрсэн явдал биш харин тархиа цэвэрлэж биеэ нөхөн төлжүүлдэг чухал үйл явц. Хэрвээ бид хангалттай унтаж амарч чадахгүй бол яг л согтуу байгаа юм шиг болно.
Huffington Post-ын Жэн Даймын бүтээсэн унталтын үйл явцын тухай инфографикыг орчуулан хүргэж байна.
Хүний унтах явц нь дөрвөн шатанд хуваагддаг гэнэ.
Дөрвөн шатыг дамжиж дуусахад 90-110 минут ордог тул нэг шөнө тав орчим удаа давтагддаг ажээ.
Шат 1: Давтамжийн эхний 5-10 минутад болдог. Энэ үед сэрэхэд хамгийн амархан байдаг ба булчингууд дөнгөж амарч эхэлдэг байна. Мөн энэ үед булчин татганах, эсвэл өндрөөс унаж байгаа мэт мэдрэмжүүд төрдөг.
Шат 2: Давтамжийн тал орчим хувийг эзэлдэг буюу 45-50 минут үргэлжилнэ. Хэрвээ энэ үед сэрвэл толгой эргэсэн, дүйнгэ мэт байдалтай байх болно.
Амьсгал уужирч, биеийн хэм буурч, зүрхний цохилт удааширдаг. Мэдрэлийн ажиллагаа ч удааширна.
Шат 3: 20 минут орчим гүн унталтын байдалд орно. Бие махбод өөрийгөө сэлбэн нөхөх явц өрнөнө. Тархины үелзэл удаашран тогтворжиж, булчингийн эд эсүүд сэргээгдэнэ. Биеийн эргэн тойронд янз бүрийн дааврууд ялгарч эхэлнэ. Тархины хаягдал удирдах систем идэвхжиж, оюун ухаанд хортой зүйлсийг гадагш шахна. Үүнтэй зэрэгцээд зарим хүнд энэ үед унтаагаараа босч явах, ярих үзэгдлүүд ажиглагддаг. Ингэж байгаа хүнийг сэрээх амаргүй байдаг.
Нүдний хөдөлгөөн хурдсах шат (REM-Rapid Eye Movement)
20 минут орчим үргэлжилдэг давтамжийн сүүлийн шат. Хэдийгээр нүдээ аньсан байсан ч нүд зовхин дороо маш хурдтай хөдөлж эхэлдэг. Тархины ажиллагаа эрчимжиж зүүдлэх үзэгдэл энэ үед явагдана. Гэвч булчингууд мэдээгүй болж элдэв хөдөлгөөн хийхээс сэргийлдэг байна.