УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхөөр томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийнсаналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 90,6 хувийн саналаар дэмжин баталлаа.
Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхөөр томилогдсон М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 6 дугаар сургуульд тус тус суралцаж, 1982-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Мөрдөн байцаах дээд сургуульд хууль зүйн бакалавр, 2003 онд ОХУ-ын МКСВУЗ-д хууль зүйн магистрын зэргийг тус тус эзэмшсэн. Дээд боловсролтой. Эрх зүйч мэргэжилтэй.
Тэрээр 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байв.