“Хоймор сайхан нутагтаа би дэндүү хайртай” хэмээн дуулж Хөвсгөлчүүдийнхээ хайр хүндлэлийн эзэн болж байсан хоймор нутгийн дууч хүү Ядамсүрэнгийн Гэрэлчулуун өдгөө түмэн олондоо нэртэй, төр улсдаа данстай дуучин болсон билээ. Бага наснаасаа дуу хууртай нөхөрлөж, аймаг улсын хэмжээний уралдаан тэмцээнд тэргүүлж, урлаг соёлын харгуйгаар урагшлан тэмүүлсээр Соёл урлагийн их сургуульд элсэн орж мэргэжлийн дуучны замналаа эхлэсэн.
“Ханилснаас илүү амраг” телевизийн олон ангит киноны дуу “Амьдрал хайраар гоёдог” дуугаараа хүүхэд залуусын танил болж, хайр, амьдрал, ухаарлын сэдэвтэй дуунууд дуулж байсан бол Монголоо санасан сэтгэл дуу нь Монгол цустай хэн бүхний сонорыг мялааж, сэтгэлийг огшоосон чансаатай уран бүтээл болсон байдаг. Дуулсан дуу бүрийнх нь үгийн утга, ая эгшиг чамин Я.Гэрэлчулуун дуучны Улаанбаатар хотноо хийсэн анхны бие даасан тоглолт нижгэр сайхан боллоо. Түүний тоглолтонд 6 гавъяат оролцож, Монгол бөхийн өргөөнд суух суудал байтугай, хөл гишгэх зайгүй дүүрэн үзэгчид цугласан нь тоглолтын цар хүрээ, дуучны чадал чансааг илтгэж байв.
Тоглолт эхлэх үед МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Д.Цоодол гавъяатын хүнгэнэсэн хоолой үзгчдийн анхаарлыг Цаатан ястны Урц зассан тайзруу эрхгүй татаж “Монголоо санасан сэтгэл тоглолт” эхлэхэд бэлэн болсныг дуулгаж, хурсан олны сэтгэлд догдлол нэмсэн юм.
Үзэгчдийн нижигнэсэн алга ташилт дор Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид бөөгийн бүжиг бүжиглэн, цан хэнгэрэг дэлдэж танан Цагаан дээлээр гоёсон Я.Гэрэлчулуун дуучны хамтаар тайгын чимэг болсон үзэсгэлэнт Цаа буга хөтөлсөн бяцхан Цаатан охин гарч ирсэн нь үзэгчдийг өндөлзүүлэн, өхөөрдүүлж халуун дулаан уур амьсгалаар тоглолт эхлэсэн юм.
Үзэгчдийн түрлэгтэй тоглолт үргэлжлэхэд “Чингис хаан”-ы тодотголтой МУГЖ Д.Жаргалсайхан, “Давхраатай алаг нүд чинь ээ хө” хэмээн дуулдаг ард түмний хайртай дуучин МУГЖ Ч.Амаржаргал нар ая дуугаа өргөсөн ба хамгийн онцгой хүмүүс нь нэгэн цагийн нийтийн дууны 2 өөр өнгө болж сонсогчид, үзэгчдийг хэсэгтээ л талцуулан, шуугиулж байсан МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ нар нэгэн тайзнаа дуулав. Мөн тоглолтын сүр хүчийг илтгэж ард түмний хайртай гавъяат Ш.Гүрбазар хөтлөхийн зэрэгцээ уран бүтээлээсээ хүргэсэн бол Я.Гэрэлчулуун өөрийн багш УГЗ Т.Сэр-Одын хамтаар болон МАРШАЛ хамтлагийн хамт амьд хөгжимтэй дуулан үзэгчдийг баярлууллаа.
Тоглолтын явцаас дурьдахгүй өнгөрч үл болох хэсгүүд нь тус тоглолт хоймор нутгийнхан болох Хөвсгөлчүүдийг тэр дундаа Шинэ-Идэр сумынхныг тодруулан харуулсан тоглолт болов. Учир нь нутгийн дуучныхаа анхны бие даасан тоглолтыг зохион байгуулах ажилд дуучны гэр бүл найз нөхдөөс гадна төрөлх Шинэ-Идэр сумын зон олон нь сэтгэл зүрхээрээ нэгдэн дэмжиж оролцсон байна.
Тухайлбал тоглолтын үеээр Шинэ-Идэр сумын Улаанбаатар дахь Нутгийн Зөвлөлийн Дарга Чимэдийн Батцогт нутгийн дуучиндаа баяр хүргэж Автомашин бэлэглэсэн бол нутгийн бизнесмэн Х.Эрдэнэшан хурдан удмын хүлэг бэлэглэлээ. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Соёмбо” даатгалын хамт олон ажилласан байна.
Ийнхүү Хөвсгөл нутгийн дуучин МУСТА Ядамсүрэнгийн Гэрэлчулууны “Монголоо санасан сэтгэл” тоглолт Монголчуудын сэтгэлд хүрсэн сайхан тоглолт болсон нь үзсэн үзэгчдийн алга ташилт, өргөө дүүрэн чуулсан оролцоо, урам мялаалга өргөсөн хүндэтгэл зэрэг олон зүйлээс харагдахуйц байв. Өнгөрөгч онд “Монголоо санасан сатгэл” төслийн хүрээнд Европын орнуудаар тоглолтоо хийж, энэ удаа Улаанбаатарчууддаа тоглолтоо хүргэсэн Я.Гэрэлчулуун дуучин цаашид энэхүү төслөө үргэлжлүүлэн, орон нутагт болон гадаадад суугаа ахан дүүс, элгэн садан Монголчууддаа уран бүтээлээ дээжлэн хүргэх ажээ.
Монголчуудыг нэгэн үдэш нэгтгэн, омогшил бахархал нэмж, гэгээн хайр, залуу нас, анд нөхөд, ухаарал, төрсөн нутаг, эх орон, эжий ааваа магтан дуулсан Я.Гэрэлчулууны тоглолт Монголын өргөн уудам нутаг орны үнэр ханхалсан, Эх оронч нүүдэлчин Монголчуудын ахуй, үзэл сэтгэлгээ нэвт шингэсэн ЖИНХЭНЭ МОНГОЛ тоглолт болж өнгөрлөө.
Шинэ залуу үеийнхний төлөөлөл болсон эрхэм дуучныг маань урлагийн бурхан өнөд ивээж, уран бүтээлийн онгод хиймороор омголон байхын ерөөл өргөе!
Д.Болор
Эх сурвалж: Shuurhai.mn