Монгол Улс анх удаа гол Түнш орноор оролцох “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дэд дарга, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй үзэсгэлэнгийн зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд БОНХАЖЯ-ныАялалжуулчлалынбодлогозохицуулалтынгазрындарга Б.Маргад,БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д. Гантөмөр, ГХЯ-ныГадаадсурталчилгаа, мэдээллийнгазрынзахирал Х. Мандахцэцэг, Аялал жуулчлал-Ирээдүй ТББ-ын тэргүүн Х.Есөнмөнх нарын төлөөлөл оролцлоо.
Ирэх сарын 3-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд Монголын төр, засаг анх удаа өндөр ач холбогдол өгч түнш орноор оролцож буй тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэх юм. Энэ удаагийн үзэсгэлэнд 190 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллагууд оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс 170 мянга гаруй хүн үзэж сонирхох урьдчилсан тооцоо гарчээ. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж БОНХАЖЯ болон Нийслэлийн аялал, жуулчлалын газар, аялал жуулчлалын хувийн хэвшлийн 16 тур оператор компани, хоёр зочид буудал, зочин байгууллагаар 50 гаруй аялал жуулчлалын компани үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.
Гол түнш орны хувьд манай улс Монголын аялал жуулчлалын хөгжлийн талаарх форум, дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлсон семинарууд, хэвлэлийн бага хурлууд, адал явдалт аялал жуулчлал, хурал цуглаан, бизнес аяллын хэлэлцүүлэгт улсаа төлөөлөн оролцоно. Мөн Монголын гэсэн өвөрмөц онцлогийг харуулсан сурталчилгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийх юм. Монголын Улс “Монгол – Язгуурын нүүдэлчин”, “Монгол – Байгалиас заясан нүүдэлчин”, “Монгол – Байгальд ойр нүүдэлчин” гэх зэргээр монгол хэлнээ орчуулагдах “Mongolia – Nomadic by Nature” гэсэн нэгдсэн уриан дор “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна.
Монгол Улс уг үзэсгэлэнд оролцсоноор:
– 190 орны төлөөлөгчид оролцсон олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн зах зээлд 100 мянган худалдан авагч, 8000 хэвлэл мэдээллийнхэнд Монгол Улсаа сурталчилж, “Монгол Улс бол зайлшгүй зорин очих орнуудын нэг мөн”гэдгийг зарлана.
-Үзэсгэлэнгийн үеэр болон дараа нь бүтэн жилийн турш Монголын талаарх мэдээлэл, сурталчилгааны баримтат киног хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний сувгуудаар дамжуулан дэлхийн 570 сая гаруй хэрэглэгчдэд хүргэнэ.
– Манай улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлнэ. “ITB Berlin”-д түнш орноор оролцсон улс орнуудын туршлагаас харахад жуулчдын урсгал даруй 15-30 хувиар нэмэгддэг судалгаа байна.
– Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хөшүүрэг болно.
2014 онд Монгол улсад нийт 393 мянган жуулчин зорин ирж, салбарын орлого 253.8 сая ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 5.29 хувийг бүрдүүлжээ. Тэгвэл уг үзэсгэлэнд түнш орноор оролцсоны дараа буюу 2016 онд манайд зорин ирэх жуулчдын тоог нэг саяд, улмаар 2020 он гэхэд хоёр саяд хүргэх зорилт тавьж байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр “Гаднаас ирэх жуулчдын тоо нэмэгдлээ гэхэд дотооддоо хэр бэлтгэл хангах вэ. Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах вэ, аялал жуулчлалын компаниудад стандарт шаардлага тогтоох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хариуллаа.
Тэрбээр “Монгол Улс аялал жуулчлалын салбарынхаа хөгжилд өндөр ач холбогдол өгч, “утаагүй үйлдвэрлэл” гэж нэрлэгддэг энэ үр өгөөжтэй салбарыг хөгжүүлье гэвэл хэд хэдэн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Юуны өмнө монголчууд язгуурын нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээгчид хэдий ч орчин үеийн соёл, амьдралын хэв маягийг хэвшүүлж байж жуулчдыг татна. Тийм учраас аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангасан орчныг бүрдүүлэх чиглэлээр бид ажиллана. Аялал жуулчлалын компаниудад тодорхой стандарт тогтоож өгнө. Мөн аялал жуулчлалын маршрутыг тодорхой болгох, тэр чиглэлийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ мэт олон зүйлийг төрийн бодлогын төвшинд аваачиж, Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийг батлуулахаар бид ажиллаж байгаа. Аялал жуулчлалын хөгжилд томоохон түлхэц болох Казиногийн хуулийн төслийг манай яамнаас өргөн бариад байна. Цаашдаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа” гэв.