Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн биржэд 470 гаруй нээлттэй ажлын байр байгаа аж.
Тодруулбал удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, худалдаа үйлчилгээний болон мэргэжлийн, мэргэжлийн бус ажилтан зэрэг ажил эзнээ хүлээж байна. Мөн зөөгч, тогооч, цахилгаанчин, үйлчлэгч, шатахуун түгээгч гэх мэтчилэн мэргэжил шаардаагүй ажлын байрны захиалга түлхүү ирдэг аж. Гэвч тус биржэд хандах ажил хайгчдын дийлэнх нь буюу 70 хувь нь бакалавр ба түүнээс дээш боловсролтой хүмүүс байдаг гэнэ.
Харин тэдэнд дээрх ажлын байрыг санал болгоход хийхийг хүсдэггүй төдийгүй “Оффисийн, биед амар, хотын төвд байрлалтай ажил байвал хийе гэж хариулах нь элбэг байдаг” аж. Угтаа залуучууд өөрсдийгөө ажил олддоггүй гэдэг ч яг ажлын байр олдмогц орчин нөхцөл болон цалинг чамлан өөрийгөө сайн дураараа ажилгүйчүүдийн эгнээнд элсүүлдэг байна. Тиймээс Монголын залуучуудын холбооны зүгээс аливаа ажлыг багаас нь эхэлж хөдөлмөрлөн түүнийхээ үр шимийг хүртэж амжилт гарган ажиллаж, амьдрахыг хүсдэг залуучуудад ажлын байр хангалттай байгааг дуулгалаа.
П.Жаргал