Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдлээ. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх, тухайн ажлын байран дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байгаагаараа оюутан залуучууд болон эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм.Уг хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууд дадлага хийх хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж, ажлын дадлага туршлагай болох боломжтой. Үүнээс гадна ажил олгогчдын хувьд хүний нөөц бүрдүүлэлт, хөдөлмөрийн зах зээлээс олдохгүй байгаа дадлага туршлагатай боловсон хүчнийг бий болгож, ажилтнуудын хооронд эрүүл өрсөлдөөн үүсгэн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сайн талтай юм.Өнөөдрийн байдлаар 19 оюутан өөрсдийн мэргэжлээр дадлага хийж байна. Тэдгээрийн нэг бол ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн Хүнс Үйлдвэрлэлийн менежментийн 4-р дамжааны оюутан Б.Анударь юм. Тэрбээр Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр зуучлуулан “СҮҮ” ХК-д мэргэжлээрээ дадлага хийж, амжилттай хамгааллаа.Түүнтэй бид цөөн хором ярилцсан юм.
Юуны түрүүнд ажлын санал хүлээн авсанд нь баяр хүргэе. Мэргэжлээрээ дадлага хийх ямар байв?
Баярлалаа. Манай улсын ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” ХК-д ажилд орох боломжийг нээж өгсөн МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн ах эгч нартаа талархсанаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Би өнгөрсөн намар тус биржэд хандсан. Өмнө нь олон газар цагийн ажил хийж байсан л даа. Гэхдээ энэ жил төгсөх ангийн оюутан учраас мэргэжлээрээ дадлага хийх нь надад чухал байсан. Ингээд тус биржээр зуучлуулан “Сүү” ХК-ийн маркетингийн албанд 28 хоног дадлага хийсэн.
“Сүү” ХК-ийн хамт олон хэрхэн хүлээн авсан бэ? Дадлага хийх хугацаандаа юуг сурч, мэдэж авав?
Би маркетингийн чиглэлээр дадлага хийсэн болохоор судалгааны ажил хийж, гэрээ бэлтгэж, мөн бэлтгэсэн материалуудаа хэрхэн яаж архивлах гээд олон зүйлийг сурч авсан. Мэргэжлээрээ дадлага хийх их сонирхолтой байсан. Багш нарын заасан хичээлийг бататгаад илүү их зүйлийг сурч мэдсэн. Мөн гадны зочид төлөөлөгчдийг хэрхэн угтан авах, тэдэнтэй харилцах арга барил гээд давхар харилцааны талын ч мэдлэгтэй болсон.
Дадлага хийх хугацаандаа өөр ямар ажлуудыг хийсэн бэ?
“Сүү” компаниас зохион байгуулдаг олон төрлийн үйл ажиллагаанд оролцсон.Жишээ нь “Халуун илчээ түгээцгээе” сайн үйлсийн аянд оролцсон. Энэ аян нь ТҮК болон албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаа, дунд сургуулийн сурагчдыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход тусалдаг “School police”-ийн эцэг эхчүүдэд халуун аарц түгээдэг.Их сайхан ажил.Эдгээр хүмүүс үргэлж хүйтэнд ажилдаг шүү дээ. Жаахан ч гэсэн сэтгэлийн дэм өгөх үүднээс энэ ажилд оролцож байсан.
Ойрын хугацааны зорилгоосоо хуваалцаач ?
Мэдээж сургуулиа амжилттай төгсөх. Би дипломны ажлаа “Сүү сүүн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах” гэсэн сэдвээр бичиж байгаа. Яагаад энэ сэдвээр бичих болсон бэ гэхээр “Сүү” компанид дадлага хийсэнтэй холбоотой.Дипломны ажлаа сайн бичээд тус компанийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой байна.
Үеийн залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
Би дадлага хийсэн хугацаандаа өглөө 09 цагт ирээд орой 18 цагт тардаг байсан.Надтай хамт өөр сургуулиудын оюутнууд бас дадлага хийсэн л дээ.Тэгэхэд бусад оюутнууд бараг л ажлын байран дээрээ ирэхгүй, ирсэн ч үр бүтээлгүй цаг нөхцөөж байгаад л явчихдаг байсан. Уг нь төгсөх ангийн оюутнууд хариуцлагатай байх ёстой.Иймд бусад залуустаа хандан хэлэхэд дадлага хийх нь ажлын туршлагатай болгож, ядаж л чи сайн ажилвал үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгоно. Иймд хичээгээрэй л гэж хэлье дээ.