Дэлхийн усны өдөр 3 сарын 22-нд тохиодог билээ. “Ус тогтворшилтой хөгжил” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Усны салбарын тулгамдаж буй асуудлууд” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр “Эрдэнэ дрийлинг” ххк-ны хурлын тамхимд боллоо. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Монголын гидрогеологичдын холбооны төлөөллүүд оролцлоо.
Өмнөд говийн бүсийн гедрогеологийн судалгааны үр дүн болон томоохон хэрэглэгчдийн усан хангамжийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв, Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Геологийн ухааны дэд доктор З.Цэрэндоржийн яриаг онцлоход “Бид хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна. Усыг хэрэглэж болно. Гэхдээ тооцоотой, хэмнэлттэй хэрэглэх хэрэгтэй. Бэлэн юм гээд асгаж цутгаад байж болохгүй. Монголчууд усны хэрэглээнийхээ 90 орчим хувийг зөвхөн газрын доорх усаар хангадаг. Амьдралыг тэтгэгч усаа хайрлаж, хамгаалж, сэргээж, сэрэмжлэх хэрэгтэй. Үүний дагуу усны хэмнэлтийн дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх, усны үнэлэмжийг дээшлүүлэх, бохир ус цэвэрлэгээний дэвшилтэт технологийг нутагшуулах нь зөв бөгөөд ус цэвэрлэх байгууламжийн үйлдвэр байгуулах хэрэгтэй” гэв.
Л.Цэрэндолгор