“1990 ОНЫ МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ БА
ХӨГЖЛИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ, ЦААШДЫН ЗОРИЛТ”
ИЛТГЭЛ
Эрхэм хүндэт Бундестагийн гишүүн М.Грунд,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Монголчууд монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэж, алдаа оноо, олз, гарзаа үнэлж цэгнэж байна. Өнөөдрийн нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа шинэ юм бүхэн Монголын ардчиллын монголчууддаа өгсөн үр дүн. Бас нүдэнд харагдаж, гарт баригдахгүй оюун санааны өөрчлөлтийг би дурдахгүй өнгөрч болохгүй.
Конрад-Аденауэрын сан 1993 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Би энэхүү танхимд өмнө нь ирж мөн улс төрийн намын туршлагаас судлах завшаан тохиож байсан. Иймд тус сангийнханд өнгөрснөөс өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж буй үйл ажиллагаанд нь талархал илэрхийлье.
Нэг. 1990 ОНЫ МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ БА ҮНЭТ ЗҮЙЛ
Монголчууд ардчиллыг аль нэг орноос импортлоогүй. Монголын ардчилал бол залуусын манлайлалтай хувьсгалын үр дүнд монгол нутагтаа дахин төрж, бойжиж, төгөлдөржиж байгаа унаган ардчилал. Ийм унаган ардчилалтай орон дэлхийд хуруу дарам цөөхөн. Магадгүй Грек, Франц, Америк, Англи, Швейцарь, Норвеги, Энэтхэг, Өмнөд Африк, Польш улсууд л өөрийн унаган ардчиллын түүхээр гайхуулж чадах байх.
1924 оноос манай хойд хөрш социализм, коммунизмын үзэл суртлыг импортлож, экспортлож эхэлсэн. 1990-ээд оноос энэхүү нийгмийн тогтолцооноос татгалзахдаа Монголчууд бид харамсаагүй. Энэ бол импортын зүйл байсан учир манай хөрсөнд нутагшаагүй.
Монголчууд ардчилсан хувьсгалыг хамгийн тайван замаар нэг ч цонх хагалалгүй хийсэн гэдгээрээ бахархдаг. Дэлхий нийт ч үнэлдэг. Бас улс төрийн болон нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг нэгэн зэрэг зоригтой хийснээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Нэг гараанаас эхэлсэн дундад Азийн орнуудтай харьцуулахад тэнд хуучны авторитари дэглэм үргэлжилж байна. Харин бид өнөөдөр эрх чөлөөтэй улс болсон. Бид ийм гайхалтай амжилтын эзэд болж чадсан нь Чингисийн монголчуудын эрх чөлөөт амьдралын өвөрмөц онцлогтой салшгүй холбоотой.
2200 гаруй жилийн түүхтэй монголчууд нүүдлийн соёл иргэншилд дасан зохицсон, морин дэл дээр эрх чөлөөгөө эдэлсэн, эрэмгий зоригтой ард түмэн байлаа. Монголчууд бол эрх чөлөөний онцгой мэдрэмжтэй ард түмэн.
Дэлхийн 200 гаруй улсаас Их гүрэн байгуулж дэлхийн хөгжлийг ургашлуулж явсан монголчуудын 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгал бүхэлдээ монголчуудын эрх чөлөөнийхөө төлөө хийсэн хувьсгал. Монголчууд социализм, коммунизмын авторитари дэглэмд 70 жил амьдарч, 2000 он гэхэд коммунизмд орно, зүгээр сууж байгаад хүссэн бүхнээ үнэгүй авч, сайхан амьдарна гэсэн мөрөөдөлтэй явсан. Гэвч тэд 1990 оны ардчилсан хувьсгалыг уухайлан хүлээн авч социализм, коммунизмд сайхан амьдрах хүсэл мөрөөдлөө хаясан. Хаяхдаа монголчууд огт харамсаагүй. Харин ч ардчилал эрх чөлөөг эрхэмлэдэг, түүнийг хүсдэг байсан ард түмний хувьд өөрийнхөөрөө дэлхийн ардчиллыг монголчлоод авч явсан. Богинохон хугацаанд сэргэж, 25 жилд монголын ардчилал өөрийнхөөрөө хөгжиж, үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёлоо сэргээн мандууллаа. Энэ бол унаган эрх чөлөөт сэтгэлгээ мах цусанд нь шингэсэн монголчуудын давуу тал.
Эрийн цээнд хүрэхдээ улс төрийн олон дарамт шахалттай тулгарсан ч Ардчилсан нам улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, шинэ Монгол Улсынхаа хөгжлийн төлөө эргэлт буцалтгүй тэмцэж олон арван үнэт зүйлийг бий болгосон. Тухайлбал,
Монгол Улс жинхэнэ утгаараа улс төрийн тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж монголын ард түмэн улс орныхоо жинхэнэ бүрэн эрхт эзэн боллоо. Нэг намын дарангуйллыг устгаж, олон намын тогтолцоонд шилжлээ. Монгол Улс дэлхийд нээлттэй орон болж, монгол хүний эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар баталгаажлаа. Улстөр, эдийн засгийн хувьд нэгэн зэрэг шилжилт хийж, эдийн засгийн зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орлоо. Малыг малчдад, орон сууцыг иргэдэд, улсын гэх өмчийг хувийн хэвшилд шилжүүлснээр хувийн өмч хүний амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн үндэс болж хувирлаа. Монгол хүн шашин шүтэх эрхээр хангагдаж, сүм хийд сэргэлээ. Монгол хүн дэлхийн улс гүрнүүдэд чөлөөтэй зорчих, сурч боловсрох, ажиллаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангагдлаа. Хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж хуульчиллаа. Хүн хүссэн боловсрол, мэргэжлээ эзэмших таатай орчин бүрдлээ. Төрийн эрх 1996 онд анх удаа нэг улс төрийн хүчнээс нөгөөд тайван замаар шилжиж, монголын ард түмний чөлөөт ардчилсан сонголт биелэлээ оллоо.
Энэ бүх үнэт зүйлсээ баталгаажуулахын төлөө Ардчилсан нам, монголын ард түмнийхээ хамт зүтгэж байна.
ХОЁР. МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХӨГЖЛИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ,
1989 оны өвлийн тэр нэгэн өдөр нэг намын коммунист дарангуйлал тогтсон БНМАУ-д өрнөсөн Ардчилсан хувьсгал үнэхээр эр зоригийн, хамгийн содон үзэгдэл байв. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалын түүчээ болсон “Монголын ардчилсан холбоо”, “Социалист ардчилсан хөдөлгөөн”, “Шинэ дэвшилт холбоо” хэмээх хөдөлгөөнүүдэд суурилсан “Монголын Ардчилсан нам”, “Монголын Социал демократ нам”, “Монголын Үндэсний дэвшлийн нам” байгуулагдаж монголд олон намын тогтолцоо бүрдэв. Тэдний үзэл санааг дэмжсэн ардчилсан үзэл баримтлалтай олон намууд бий боллоо.
Монголын залуучууд 70 жилийн түүхтэй МАХН-ын улс төрийн товчоог буулгаж чадсан ч намыг нь устгах бус шинэ намууд үзэл баримтлал үйл ажиллагаагаараа өрсөлдөх зарчим баримталсан нь монголын ардчиллын хамгийн том ололт байв. Ингэснээр улс төрийн хурцадмал байдлыг бий болгох аюулаас хамгаалж, ардчиллын үйл явц амжилттай өрнөх бодит нөхцлийг бүрдүүлж чадсан.
Харин олон намын тогтолцоо бий болсон хэдий ч бүх шатны сонгуульд ардчиллын төлөөх намууд хоорондоо өрсөлдөж олон удаа ялалт байгуулах боломжоо алдсан нь бидний хувьд бодит сургамж. Тийм ч учраас энэ алдааг засахын тулд 2000 онд МАСМН, МҮАН, МСДН, МоАН, МШАН нэгдэж өнөөдрийн АРДЧИЛСАН НАМ-ыг байгуулсан юм. Иинхүү Ардчилсан намыг байгуулснаар жижиг бүлгүүдийн өрсөлдөөнөөс том бүлгийн нэгдэл рүү, жижиг эрх ашгийн тэмцлээс том нэгдмэл эрх ашгийн тэмцэл рүү ардчилагчид шилжин орсон.
Өнөөдөр Ардчилсан нам ардчиллын төлөө олон намуудыг эгнээндээ нэгтгэсэн, монгол түмнийхээ итгэл сэтгэлийг хүлээж төрийн эрхийг барьж, хариуцлага хүлээх чадвартай хүчирхэг улс төрийн хүчин боллоо. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авч орон нутгийн сонгуулиар Улаанбаатар хотын 9 дүүргийн 6 дүүрэгт, 21 аймгийн 12 аймагт, 334 сумын 184 суманд ялалт байгууллаа. 2009, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгууллаа. Энэ бол Ардчилсан нам хэрхэн төлөвшиж, хүчирхэгжиж байгаагийн нэгэн баталгаа болж байна.
Монголчууд материаллаг болон оюун санааны өөрчлөлтийг зэрэг хийж чадсан гэдгээрээ бахархдаг. Улс төрийн эрх чөлөөг өгөх цаг нь болоогүй, харж байгаад бага багаар нь өгье. Өмч хувьчлах цаг болоогүй, гэрээ түрээсийн хэлбэрээс болгоомжтой эхэлье гэдэг хүмүүс байсан. Монголд тэрийг бодоод, төлөвлөөд, хүлээгээд байх цаг байгаагүй. Манай улсын зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт гэхэд зөвлөлтийн тусламж, манайд үйлдвэрлэдэг байсан бүтээгдэхүүнүүдийг авдаг байсан зах зээл нэг л өдөр зогссон. Яваагүй зам бүхэн сайхан гэдэг үг бий. Тэгэхээр 1990-1992 онд үүнийг бодож, төлөвлөх, тэгээд хүлээх цаг байгаагүй. Шилжилтийн үе хурдан өнгөрөх нь хүнд бэрх ч гэсэн чухал байсан. Тэр цаг хугацааг бид амжилттай давж, тодорхой үр дүнд хүрлээ.
Хэдхэн тоо хэлье. 1940-1990 оны хоорондох 50 жилд Монголын эдийн засаг 10,4 дахин өссөн бол өнгөрсөн 24 жилд 20 дахин өссөн байна. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 100 тэрбум байсан бол 2015 оны төсөвт энэ үзүүлэлт 7.670 тэрбум төгрөг болсон байна. Малын тоо толгой 1990 он хүртэл хэзээ ч 25 саяд хүрч байгаагүй бол 2014 онд 52 сая толгойд хүрээд байна. 1990 онд ямар ч шатлалгүй ганц банктай байсан бол арилжааны 17 банктай болж. Хүн амын тоо 3 саяд хүрч монгол хүний дундаж наслалт сүүлийн 25 жилд 7 жилээр нэмэгдэж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76, эрэгтэйнх 68 боллоо. Төрөөс эрүүл мэндэд гаргадаг төсвийн хэмжээ 1992 онд 415 сая төгрөг байсан бол 2015 онд энэ тоо 516 тэрбумд хүрлээ. 7 дээд сургуультай 16000 оюутантай байсан монгол өнөөдөр 150 орчим дээд сургуультай гадаадад суралцагчдыг оролцуулаад 200,000 орчим оюутантай болж.1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсан бол одоо автомашины тоо өрхийн тоотойгоо тэнцэж байна. Өрхийн тоо 500 мянга орчим байна.
Монголчууд ардчиллыг бид сонгосон, буцалтгүй үйл явц болчихсон, тэр дунд би амьдарч байна, намайг хэн ч албадаж хөдөө явуулахгүй, би хотод амьдарна уу, хөдөө амьдарна уу, малаа маллана уу, талхаа хийнэ үү, зах дээр худалдаа эрхэлнэ үү чөлөөтэй. Ажил мэргэжил, амьдрах газраа чөлөөтэй сонгох нь миний эрх гэж хэлдэг болсон. Энэ бол ардчиллын бодит үр дүн.
Амьдрал дээр мал маллах хэцүү байна гээд гомдол ярьдаг зарим хүмүүстэй уулзаж байсан. Буцаад 1990 оны өмнөх шиг малыг чинь улсынх болгож, танд малласан гээд хэдэн төгрөг өгчихье гэхээр тийм юм байхгүй шүү, энэ бол миний хувийн өмч гэдэг. Тэгэхээр энэ үйл явц эргэлт буцалтгүй болсон гэсэн үг.
Шууд ардчилалыг төлөөллийн ардчилалтай хослуулах монголын ардчилсан төрийн бодлого амжилттай хэрэгжиж эхэллээ. Төвөөс хэзээ ч шийдэгдэж байгаагүй нарийн нандин асуудлаа орон нутгийн иргэд өөрсдөө шийддэг болсон нь ардчиллын үнэ цэнэтэй ололт болж байна.
Монгол Улс ардчиллын үзэл санааг бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо нэгтгэж байна. Тухайлбал, Монгол Улс Ардчиллын замаар хөгжиж буй шинэ тулгар улс орнуудтай ардчиллын туршлагаасаа хуваалцах зорилгоор 2013 онд “Олон улсын хамтын ажиллагааны сан”-г байгууллаа. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд амжилттай даргаллаа. 2015 оны 5 дугаар сард Онлайн эрх чөлөө эвслийн бага хурлыг, 2016 онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотод тус тус зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ бол монголын ардчилал дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн баталгаа гэж үзэж байна.
Ардчилсан хувьсгалын эхний өдрөөс эхлэн нийгэм тэр аяараа шинэ үзэл бодол, шинэ сэтгэлгээ, шинэ хандлагын сургалтын талбар болсон. Энэ үйл хэрэгт Конрад Аденауерийн сан асар том үүрэг гүйцэтгэсэн. Үүний төлөө Та бүхэнд Ардчилсан намын даргын хувьд ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна.
ГУРАВ. МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХӨГЖЛИЙН ЦААШДЫН ЗОРИЛТ
Ардчилал бол өөрөө өөрийгөө засаад явж байдаг механизм, процесс. Цаашид улам л сайжрах ёстой. Энэ нь бас өөрөө сахилга, хариуцлагын тухай ойлголт.
Ардчилсан нам бол илүү баялаг бүтээж, баялаг бүтээгчдээ дэмжих замаар улсын төсвөө бүрдүүлж, баялаг бүтээх чадваргүй хүмүүстээ халамж үзүүлэх замаар ажиллаж амьдарна гэсэн барууны үзэл баримтлалтай нам. Нөгөө талд нийгмийн халамжийг илүүд үздэг олон арван жилийн түүхтэй зүүний нам байна. Тийм болохоор манай оронд нэг л өдөр коммунизмын мөрөөдөл шиг Ардчилал гэдэг сайхан нийгэмд орохоор ажил хийхгүй гэдсээ илээд хэвтэж байгаад өндөр цалин авна гэж бодсон хүн ч байхыг үгүйсгэхгүй. Тийм бодол өнөөдөр хэрэгжих боломжгүй. Ардчилал гэхээр юу дуртайгаа хэлж, хийж, замбараагүй байхын нэр огт биш, харин ч иргэн бүр сурч боловсрох, ажиллаж амьдрахын төлөө өөрөө зүтгэдэг, өөрийнхөө болон гэр бүлийнхээ өмнө өндөр хариуцлагатай байхыг шаарддаг хатуу тогтолцоо.
Ардчилсан нам ажил хийж байгаа хүн бүхэнд найман хувийн зээл аваад олон жилийн турш буцааж төлөх нөхцөлтөйгөөр орон сууцанд орох боломжийг олгож байна. Энэ бол та ажилтай байж гэмээн гэр бүлтэйгээ тохилог орон сууцанд сайхан амьдарч болно гэж өөрт нь хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг.
Өнөөдөр бидний олгосон эрх эрх чөлөөг эдлээд Андройд утас, Iphone-ий программыг гэртээ зохиогоод мөнгөтэй болж байгаа монгол залуус бий. Энэ нь монголын залуучуудад ямар их хүч бололцоо байгааг харуулж байна. Тийм ч учраас АН хүний хөгжил улс орны хөгжлийн шийдвэрлэгч хүчин зүйл гэж үзэж хүнээ яаж эрүүл болгох вэ? яаж эрдэм боловсролтой болгох вэ? гэдэг асуудалд онцгойлон анхаарч байна.
Сүүлийн үед ардчиллын зарим партизанууд “Миний хүссэн ардчилал, бидний зорьж тэмүүлэн тэмцэж явсан ардчилал энэ биш. Бид ийм нийгэм хүсээгүй” гэж ярих тохиолдол гардаг. Гэхдээ социологийн судалгаа хийгээд үзэхэд монголын ард түмний дийлэнх буюу 80-90 хувь нь сонгосон замдаа сэтгэл хангалуун байдаг. Монголчууд ганцхан телевизийн суваг үздэг байсан бол одоо зуу гаруй суваг үзэж байна. Хүмүүсийн амьдардаг байшин, унадаг машин, иддэг хоол хүнс, уншдаг ном, үздэг кино хүртэл өөрчлөгдлөө.
Монгол Улс дэлхийд мандан бадарч явсан түүх ч бий, мөхөөд устахын босгон дээр ирсэн үе ч бий. Ардчилал өөрөө тасралтгүй процесс. Улс орны хөгжлийг дагаад зорилтууд бас өөрчлөгдөж байна. Ардчилал өөрөө үйл явц болохоос маргааш хүрэхээр төлөвлөсөн зорилго биш. Энэ талаас нь харах юм бол алдаа нь юундаа байна, оноо нь юундаа байна, хэрхэн сайжруулах вэ гэдэг нь асуудлын гол. Мэдээж төгс төгөлдөр нийгэм гэж байхгүй.
Бид хуулийн байгууллагын реформыг хийж чадаагүй байна, шударга ёс сайн хангагдсан гэж хэлэхгүй. Иргэдийн амьдрал нийтээрээ ханалуун болоогүй байна. Ажилгүйдэл байж л байна. Энэ болгоныг бид цэвэрлээд явах ёстой болохоос биш, үүнээс болж ардчилал буруу байна, сонгосон зам маань буруу байна гэж бүхэлд нь дүгнэнэ гэдэг өрөөсгөл. Хүсээд байгаа нийгмээ бүтээхийн тулд хүн бүхэн хөдөлмөрлөх ёстой.
Өнөөдөр ардчилсан нам бусад нам эвсэлтэй нэгдэж засгийн газраа байгуулж орон сууцны найман хувийн зээл, “Шинэ сум” хөтөлбөр гэх мэтчилэн сөрөг хүчин байхдаа боловсруулж, мөрөөдөж байсан ажлууд маань эхнээсээ биелж байна. Чингис болон самуурай бондын хөрөнгөөр эрчим хүч болон үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, аймгуудыг нийслэлтэй авто замаар холбох, нийслэл болон аймгуудын төвийн замыг өргөтгөх, шинэчлэх бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж байна.
Ардчилал хөгжсөн орнуудад хамгийн сайн хэрэгждэг зүйл бол хууль. Бид шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлж улмаар хуулийн бусад байгууллагын шинэтгэлийг ч хийж байна. Ардчилсан нам бизнес эрхлэгчдэд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бус элдэв дарамт, шахалт үзүүлдэг явдлыг бүрмөсөн цэглэхийн төлөө байна.
Өнөөдөр хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан Өмчийн эрхийн тухай хууль үгүйлэгдэж байна. Монгол Улсын иргэн ч бай, манай улсад оршин суугаа гадаадын хөрөнгө оруулагч ч бай, нэгэн адил эрх зүйн хамгаалалтад ордог хууль хэрэгтэй байна. Ашигт малтмалын хайгуул, олборлолтын бодлого, түүний хэрэгжилтийг хангах, хариуцлагын тогтолцоог эрс дээшлүүлсэн хууль, эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага байна. Бид авлигатай тэмцэж байгаа ч цаашид улам сайжруулах шаардлагатай байна. Шилэн дансны хууль батлагдаж, хэрэгжиж эхэллээ. Иргэдийн хараа хяналт сайжрах тул үр дүн гарна. Ардчилсан нам үүний төлөө байна.
Монгол Улс тогтвортой хөгжлийн нэгдсэн зөв бодлогогүйгээс улс төрийн сонгууль бүхэнд намууд элдэв популист амлалт өгч, түүндээ бүдэрч улс оныхоо хөгжлийн эрч хүчийг сааруулж байна. Ардчилсан нам улс төрийн намууд аливаа сонгуульд орохдоо популист амлалтаар бус тухайн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх арга ухаанаараа уралддаг болохыг зорьж байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд ойрын хугацаанд сайтар боловсруулсан урт хугацааны хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулж УИХ-аар батлуулахын төлөө байна.
Ардчилсан нам хот хөдөөгийн ялгааг бодитой арилгахын тулд хөдөөгийн асуудлыг хотоос ярьж шийддэгээ больж бодит хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангаар дамжуулан өөрсдийнх нь мэдэлд өгдөг боллоо. Энэ бол хөгжлийн зөв гарц. Ийм л бодитой өөрчлөлтүүдийг зоригтой хийж байж бүх шатны төрийн байгууллагуудыг хариуцлагажуулах болно.
Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай орны хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан төмөр замын, авто замын, нефтийн болон хийн хоолойн, эрчим хүчний, интернетийн шилэн кабелийн дамжин өнгөрөх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хөрш орнуудтайгаа идэвхитэй, санаачлагатай ажиллаж байна. Энэ бол монголын эдийн засгийн хөгжлийг ургашлуулах томоохон боломж гэж Ардчилсан нам харж байна.
Өнөөдөр төрийн өмчит компаниудын засаглалд бизнесийн зарчимд суурилсан бодлогыг хэрэгжүүлж, төрийн өмчийн тогтолцоог шинэчилж төрийн өмчийн компаниудын засаглалыг шинэ шатанд гаргах зорилт тавьж байна.
Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын дарга байхдаа “Эдийн засгийн хувьсгал” гэж байсан. Би Үйлдвэржилт бол Монгол Улсын эдийн засгийн хувьсгалын үргэлжлэл гэж үзэж байна. Бид төмрийн хүдэр, зэсийн баяжмал, жонш гээд маш их баялгийг боловсруулахгүйгээр гадаад орнууд руу экспортлож байна. Энэ болгоныг үйлдвэр болгож чадах юм бол хүнд үйлдвэрээс салбарласан олон үйлдвэрүүдийг монголд байгуулж олон хүнийг ажилтай болгоно. Эрдэнэтийн гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулахад 1500 хүн ажлын байраар хангагдаж, гадаадаас ган импортлох шаардлагагүй болж байна. Цахилгаан, шатахуун, гангийн үйлдвэрүүдээ хөгжүүлбэл зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох боломж ч бий. Тиймээс үйлдвэржилтийн бодлого Монгол Улсын эдийн засгийн нэн тэргүүний зорилт болж байна.
Ардчилсан нам Оюутолгой, Тавантолгой болон бусад ордуудаа хариуцлагатай уул уурхайн зарчмаар ашиглахын төлөө байна. Эдийн засагт хоёр оронтой тооны өсөлтийг хадгалж явахад уул уурхай ашигт малтмалын салбар зайлшгүй хэрэгтэй.
Би илтгэлийнхээ эхэнд монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэж, алдаа оноо, олз, гарзаа үнэлж цэгнэж байна гэж хэлсэн нь учиртай. Ардчилал тусгаар тогтнолын баталгаа гэдэг утгаараа байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг. Гэтэл өнөөдөр манай нийгэм өнгөт зурагт гэж ярихаар өнгөггүй зурагт гэж байсан юм уу гэж асуудаг хүүхдүүдтэй болчихоод байна. Тийм учраас бид “Ардчилсан хувьсгалын өдөр”-ийг хуулиар баталгаажуулж жил бүр тэмдэглэж байна. Жил бүр 1990 оны цагаан морин жилд юу болсон, тэр үед ямар нийгэм байгуулахыг зорьж тэмцсэн, одоо бид ямар байдалтай байна, цаашид ийм зүйл хийнэ бүтээнэ гэдгээ хойч үедээ тайлбарлаж явах нь ардчиллыг баталгаажуулах үндэс болно.
Монгол хүн эх орондоо сайхан амьдарч, Монгол Улс хөгжих ёстой. Ардчиллын эцсийн үр дүн гэхээр нэг юманд тулж зогсох ёстой юм шиг бодоод байх хэрэггүй. Хамгийн Товчоор хэлэхэд, үүнд эцэс төгсгөл гэж үгүй. Ардчилсан хувьсгал одоо ч гэсэн дуусаагүй, үргэлжилж байна. Монголын ардчилсан хувьсгалын эцсийн үр дүн юу вэ? Мэдээж, монгол хүн эх орондоо сайхан амьдарч, Монгол Улс хөгжлийн өндөр түвшинд хүрэхэд оршино.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд
2015.03.17
Берлин хот