Монголын хил хөрөнгө оруулагчдад нээлттэй болно

1broquld1uemd82kbaiplc18t8Гадаадын хөрөнгө оруулагчид, гадаадын иргэд Монголыг “Hotel Mongolia” гэж нэрлэх болсоор удаж байна. Монгол руу орж болдог, эргээд гарахад хэцүү. Монголын хэн дуртай албан хаагч гадаад, дотоодын иргэнийг Монгол Улсын хилээр гадагш гарахыг хориглох боломжтой. Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, прокурор, АТГ, тагнуул гээд хилээр гарах эрхийг хасах дархан эрхтэй байгууллага олон бий. Энэ бүх асуудлыг цэгцэлж, “Хилээр зорчигчдыг хил зөрчигч болгохоо болих хэрэгтэй” гэдгийг Ерөнхий сайд энэ сарын эхээр “Шийдлийн цаг” уулзалтаараа онцолсон билээ.

Гэвч Ерөнхий сайдтай уулзалт хийх үеэр танилцуулагдсан гадаадын иргэдийн хоригийн асуудал нийгмийн анхаарлын гадна үлдээд байгаа нь энэ байдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй хүмүүс хаалт тавьсных уу, аль эсхүл бид асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзээд орхив уу.

Дахиж улс орны нэр хүндийг унагахгүйн тулд бид шалтгааныг нь ойлгох ёстой. Тэгвэл шалтгаан нь шинэчлэл гээд хэт том ярьж явснаас ийм мэтийн тэр дор нь шийдвэрлэх боломжтой асуудлуудаа шийдвэрлэж чадаагүйг нь харуулж байгаа юм. Шинэчлэл хийлгүй яахав. Гэхдээ тэрэндээ дуниартан өөрийгөө онгироож, бусдыг омогдож явахын оронд өдөр тутмын ажилдаа анхаарах, дороос ирж байгаа дохиог харж ажиллах байсан бус уу.

Өнгөрсөн хугацаанд гадаадын 3000 гаруй иргэн цагдаа, шүүхийн шийдвэрээр Монгол Улсын хилээр гарах эрхээ хасуулжээ. Уг нь Үндсэн хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөн хийх эрхийг мөрдөн байцаагчийн хүсэлтээр Шүүх, прокурорын байгууллагаас гаргадаг. Гэтэл энэ хууль хэрэгжихээ больж, зарим тохиолдолд хувь хүний хүсэлтээр хүртэл хилээр гарах эрхийг хязгаарлах болсон нь нууц биш болсон. Ямартай ч Хууль зүйн сайдын шийдвэрээр эмх замбараагүй болсон иймэрхүү олон шийдвэрүүдийг цэгцлэхээр болсон.

Нөгөөтэйгүүр гадаадын иргэдтэй холбоотой хууль, шүүхийн асуудал үнэхээр үүссэн байлаа гэхэд хилээр гарах эрхийг нь хязгаарлачихаад, тэгээд хэргийг нь мөрдөж, шийдсэн зүйл байхгүй. Нэг ёсондоо тухайн иргэний хилээр гарах эрхийг хасчихаад, тэгээд “мартдаг” жишиг ч бий болсон. Нэгэнт хэрэг үүссэн бол аль болох хурдан шийдвэрлээд, зохих ял, шийтгэлийг нь оногдуулдаг л байх ёстой. Эсвэл гэмт хэрэг мөн бишийг нь богино хугацаанд нягтлан шалгаад, тухайн иргэний эрхийг хүндэтгэх ёстой. Гэтэл энэ бүх ажлаа ёс журмынх нь дагуу, хуулийн хүрээнд хийдэггүйгээс болж, өнөөдөр “Hotel Mongolia” гэдэг нэршил бий болчихоод байна.

“Hotel Mongolia” гэх нэр томъёо бизнес эрхлэгчдэд хамгийн халтай. Учир нь манай татварын хуулиар 10 мянган ам.доллараас дээш хэмжээний татварын маргаан үүссэн бол эхлээд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг мөн, бишийг нь шалгадаг. Эрүүгийн хэрэг мөн гэж үзвэл хэрэг үүсгээд явна. Харин эрүүгийн хэрэг биш гэж үзвэл татварын байгууллага тухайн татварын зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг юм билээ. Энэ бүх процессын хугацаанд тухайн татварын маргаанд холбогдсон аж ахуйн нэгж, иргэн Монголоос гарах эрхгүй болдог. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд 10 мянган доллар гэдэг хэр их мөнгө билээ. Татвартай холбоотой асуудал гарахад хэтэрхий амархан гэсэн үг. Тэгээд Монголд орж ирээд, мөнгөө үрж, хөрөнгө оруулчихаад, тэгээд эргэж эх орондоо буцаж чадахгүйгээр гацахыг хэн ч хүсэхгүй.

Нэгэнт эргээд гарч, буцах найдвар бага байхад хэн ч Монголыг зорихгүй. Монгол хөрөнгө оруулалтыг татъя гэвэл иймэрхүү хууль, эрх зүйн орчиноо засах ёстой гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Ямартай ч энэ чиглэлд тодорхой ажлууд салбарын яамны төвшинд хийгдэж эхэлсэн байна. Удахгүй үр дүн нь гарах биз ээ. Өөрөөр хэлбэл, Монголын хил хөрөнгө оруулагчдыг “хил зөрчигч” болгодог өнөөгийн байдал өөрчлөгдөх бодит ажлууд хийгдэх нь чухал.

Дашрамд дурдахад энэ мэтчилэн хаягдсан хэчнээн асуудал байгааг бид мэдэхгүй. Дахин ийм байдал бүү давтагдаасай. Ер нь бол Х.Тэмүүжингийн гаргасан алдааны төлөө монголын төр тэрхүү гадаадын иргэдээс уучлал гуйх хэмжээнд хүрч байгааг хэн хүнгүй ойлгож байгаа болов уу.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, …