“Содура” бүтсэн түүхээс..

7299944aa3ca7404537509aa137e2ca22825590582015-04-04-11-05[www.urlag.mn]Унаган юм устдаггүй, удаан хугацаа өнгөрсөн ч арилчихдаггүй ажээ. Төрсөн биенийхээ хаа нэгтээ далдхан боловч оршиж л байдаг. Төрмөл шинж чанартай тордож арчилбал илүү тодрох авьяас гэгч агуу юм.
Хичээл сургуулиар түүнийг олохгүй, ханцуй дотроо наймаалцаад хаа нэг газраа наачихаж болохгүй, бусдаас зээлдэж хэрэглэчихээд буцаагаад өгчихнө гэж байдаггүй адармаатай эд байх нь.
Ойрын өдрүүдэд онцгой авьяастнуудын дунд амьдарч, ажиллаж байгаагаа хэт ихээр мэдрэв. Мэдрэмжээ бусадтай хуваалцах гэж төрмөлүүдийн тухай таримал би үг өгүүлбэр холбов оо хөөрхий

БОДЛОО ЗАНГИДАЖ БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ ЗОХИОЛЧ АГУУ ЮМ 

Санааныхаа мухарт хадгалсан цөөнхийн тухай бодол нь Содура болж дэлгэцэнд амилаад цөөнгүй хүнийг уйлуулж байх юм. Авьяасгүй нэгэн байсан бол амьдралын явцад бодолдоо дарагдаад, эсвэл эсэргээрээ бодол нь эзэндээ дарагдаад бүтээл болж төрөхгүй байсан биз. Сар жилийн уртад сааралтуулж бүдгэрүүлээгүй урыг, санааныхаа мухарт сайтар хадгалсан эзнийг магтая.
Ухааны урыг төрхөөр таньдаг байсан бол урт сахал, шар царайтай жирийн тэр эрийг урьд нь би онцлох л байсан. Тэр хэт энгийн тэгээд бас онцгой биш. Гэхдээ сэтгэлд нь гал асч, тархинд нь бодол эрчилж явдгийг Содура надад таниулав. Урьд эртэд ч тэр ураараа гайхагдаж байсныг Үхэж үл болно, Аравт зэрэг бүтээл аргагүй гэрчилнэ.

Багийн спортод амжилт гаргадаггүй гэх хэний ч юм зохиосон үлгэрт хэт итгэчихэж бид. Содура бол багийн бүтээл. Зохиолчийн багт багтсан зоримог залуухан эмэгтэйгээр бахархаад баршгүй нь.  Энэ бүтээлийг төрүүлэх гэж энгэрээс нь сүү асгарах хөхүүл эхээс ч олон шөнийг нойргүй өнгөрүүлснийг нь би мэднэ. Халширмаар, хаяад зугтмаар олон бэрхийг нулимс инээд хоёроор сүлж давсныг бас мэднэ.

ӨӨРИЙНХӨӨ НҮДИЙГ ӨРӨӨЛД ЗЭЭЛДҮҮЛЭГЧ 

Хэн хүссэн бүхэн хорьдол сарьдагт хүрэхгүй ч, дэлгэцнээс дурандах боломж хүн бүрт бий. Энэ боломжийг зураглаач бүрдүүлдэг байх нь. Өөрийнхөө нүдээр ертөнцийн сайхныг тольдоод өрөөлд байгаа чигээр нь хүргэх, өнгө будаг, өнцөг буланг нь тааруулна гэдэг нарийн ажил.
Үүрэх багажийг нь машинаар зөөмөөр, барилддаг ноцолддог хүмүүст бариулмаар том эд. Гэтэл энэ багажаар цэцэгсийн тоос, шорооны ширхэгийг ч харуулах аж. Нямбай зан, нарийн мэдрэмж эр хүнд бол “эгчидсэн” ачаа. Гэхдээ л ийм мэдрэмжээр эзэн төхөөрөмж хоёр нэгдэж бүтээл төрүүлдэг байх нь.

КИНОНЫ ЗҮРХ НЬ ХӨГЖИМ

Утсан хөгжим эгшиглэнэ. Уяхан нэгэн асгаруулна. Ил биш ч ийм ид шид хөгжим гэгч тансаг зэмсэгт байх юм. Хөгжимд биш хүн л ид шид нь байгаа хэрэг л дээ.
Учир мэдэхгүй над мэтэд бол галын сэтгүүр шиг тахир харагдах нот гэгч илдээр гайхамшиг бүтээнэ. Энд өгүүлэх хөгжим тэнд өгүүлсэн дүрстэй нийлэхээр хүний сэтгэлийг хөвсөлзүүлж, аньсага чийгтүүлнэ. Үг хэлэхгүй, үйлдэл үзүүлэхгүй атлаа хөгжим гэгч хий хоосон биедээ бүхнийг багтаах юм. Өв уламжлал, үнэт зүйлсийг, хүн ард, хөөр баярыг, гуниг гутрал, ухаарал харууслыг хөг хэмнэлээр илэрхийлдэг ажээ.
Сэтгэл гэгч биегүй эрхтэн нь бурханаас сэтэртэй төрсөн нэгэн хөгжмийн хэлээр хүний сэтгэлийг эзэмддэг байх нь.

ЖИЖИГХЭН БИЕТЭЙ ТОМ АВЬЯАСТАН

Үг нийлүүлж өгүүлбэр бүтээхдээ дүрэм баримталдаг нэг хэсэг бий. Тарималын төлөөлөл бид л дээ тэр нь. Ураар учиг сүвлэж, ухаанаар шүлэг  шагладаг нэг хэсэг байна. Тэд бол төрмөлүүд. Тэдний нэг нь миний найз.
Удган нуурын уснаа үүрийн цолмон тольдлоо
Үүлэн нулимстай хөх тэнгэр нь үнэгчлэн сэрлээ…
Хаанаас нь ч юм ундрах яруу үгс, хаагуур нь ч юм хүний сэтгэлд нэвт шингэнэ.

ХҮЧИРХЭГ ХАМТ ОЛОН

Хүний нүүрэн дээр нас зурж, хүний мөрөнд түүх нөмөргөх зураачийг, өвсөн дундаас зүү эрэх мэт эвлүүлэгчийн ажлыг, тайгад төрсөн мэт нутагшсан жүжигчдийн авьяасыг гээд нэрлээд байвал олон олон төрмөлийн тухай энд өгүүлж болно.
Телевиз нийлмэл урлаг гэдгийг улиг болтол сонссон ч учрыг нь ойлгоогүй байсан мэт. Зохиодог, найруулдаг, зурагладаг нь байхад бүтдэг биш сэтгэл, итгэл, зүтгэл нийлж сайн бүтээл төрүүлдгийг харлаа. Ондоо өгөгдөлтэй оюун ухаанууд нэг л зорилгын төлөө нэгдэж чаджээ.

                        Ц.Шинэбаяр

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …