Гудамжны шон дээр наасан цаасан дээр “Цэвэрхэн, гар утас, интернэтийн сүлжээтэй, 977, 366 чиглэлийн автобус очдог, халуун ус, гэрэл цахилгаантай, агаар ордог нэг өрөө байр түрээслэнэ” гэсэн зар байх аж. “Агаар ордог” хэмээх хачирхалтай тодотгол нь газар доорх байр гэсэн үг. Гэвч Жао Менгюн зэргийн оршин суугчдыг түрээсийн үнэ соронз мэт татдаг ажээ. “Эхэндээ унтаж байхад агааргүйдээд их тарчилдаг байлаа. Зургаан сарын дараа үүндээ дасаад тоохоо больдог” хэмээн тэрээр өгүүлж байна. Түүний өрөө хорооллын дөрөвдүгээр байранд байдаг. Гэхдээ газраас дээш боссон олон байрны нэг биш, харин газар доор 10-12 метрийн гүнд ажээ. Эндээс хэдхэн алхмын зайд буюу Хятадын нийслэл хотын баруун өмнөд Фэнгтай дүүрэгт таван одтой тансаг зэрэглэлийн Gran Hotel Shanxi зочид буудал байдаг. Shanxi зочид буудал дахь тансаглал болон Жаогийн амьдарч буй нөхцөл нь өнөөгийн Хятад орныг хөдөлгөж буй хоёр туйл болж байна. Худалдагчийн ажил хийдэг залуухан бүсгүй Жао Менгюн Бээжингийн хөгжилд татагдан ирээд газар доор амьдарч байгаа хэдэн зуун мянган хөдөөгийн цагаачдын нэг юм. Газар доор амьдардаг хүмүүсийг орон нутгийн хэвлэлүүд “Шүжү” буюу “Хүн харх” хэмээн нэрлэдэг аж.
“Биднийг юу гэж нэрлэх нь хамаа алга. Надад олон мөрөөдөл бий. Би том хотод амьдрахыг хүссэн учир тосгоноо орхиж ирсэн” хэмээн Хэнань мужийн уугуул бүсгүй ярьж байна. Тэрээр агаарын довтолгооноос хамгаалах оромжийг орон байр болгон хувиргасан байрандаа орохын тулд олон шатаар уруудах хэрэгтэй болдог. Газар доорх байр руу уруудан явж байхад агаар, чийгшилтийн өөрчлөлтийн улмаас бие арзайж, хотын их дуу чимээ шилэн хоолойн гэрэлтүүлгээс гарах байнгын дүнгэнэсэн чимээгээр солигдох аж. Бат бөх төмөр хаалганы цаана урт хонгил байх бөгөөд байрны оршин суугчид Будда болон эд хөрөнгийн хятад бурханд зориулсан жижиг тахил залжээ.
Шүжү буюу хүн хархнуудын ертөнц эндээс эхэлнэ. Урт хонгил, сувгийн дагуух жижиг өрөөндөө амьдрах хүмүүс жижигхэн гал тогоо, нэг угаалгын өрөө, хоёр жорлонг дундаа хэрэглэдэг. Жорлон гэдэг нь ялгадсаа унагадаг жижиг нүхийг хэлж байгаа бөгөөд зарим үед шүршүүр болгон усанд ордог. “Газар руу хог хаяж болохгүй” гэсэн бичиг ханан дээр байх аж. Гэвч үүнийг мөрдөж буй хүн алга, тэр хавийн газар хогондоо хөглөрч байх ажээ. Жао Менгюний хоног төөрүүлдэг байр нь таван метр кв-аас илүүгүй. Ор нь л өрөөнийх нь гуравны нэгийг эзэлжээ. Тэгээд хоёр жижиг ширээ, нэг хатаагч, хоол хийхэд ашигладаг ширэм байна. Хэд хэдэн хайрцагт гутал хувцсаа хийж давхарлан өржээ.
“Бид 60 юань төлөх юм бол интернэт холбуулж болно. Халуун устай байя гэвэл дахиад 60 юань. Харин өрөөний түрээс нь 700 юань” хэмээн Жао ярилаа. Хөршүүд нь хувцсаа хатаахын тулд өрөөнөөсөө гарч хонгил дахь кабель утас дээр өлгөдөг аж. “Хувцас бараг хатахгүй. Үргэлж чийгтэй байдаг” хэмээн Жаогийн хөрш Ванг Сяошин өгүүлэв. Тэрээр газар доорх сувагт байдаг 40 өрөөний нэгд нь амьдардаг. Зочид буудлын чиглэлээр сурдаг Ванг ийм нөхцөлд амьдрах аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. “Би азтай л даа. Зочид буудлын чиглэлээр сурч, энд ойрхон зочид буудалд дадлага хийдэг болохоор тэндээ усанд орчихдог” хэмээн нэмж хэллээ. Хайнань арлаас ирсэн 21 настай бүсгүй өрөөгөө Hello Kitty-ийн дүрсээр унтлагын өрөөгөө чимжээ. Сантехникийн хоолойн дээр өлгүүр, утас татаж өөрийн “хувцасны шүүгээ”-г хийсэн байна. “Газар доор амьдрах их хэцүү дарамттай” хэмээн тэрээр хүлээн зөвшөөрч байна.
Хятад улс 1969 онд ЗХУ-тай үзэл суртлын дайн өрнүүлж байхдаа Мао Зедун Бээжингийн хүн амд зориулж газар доорх оромж, хоргодох байр барих тушаал гаргасан юм. Дэн Сяопины эхлүүлсэн нээлттэй бодлогын ачаар хөдөөгийн олон сая тариачин хот руу нүүж ирсэн билээ. Бээжин хот 1995 онд есөн сая хүнтэй байсан бол, өнөөдөр 21 сая хүн амтай. Эрх баригчид нийслэл хот 2020 онд 18 сая хүнтэй байх ёстой хэмээн тооцоолж байсан юм. 1980-аад оноос хойш Бээжинд найман сая орчим хөдөөний иргэд орж иржээ. Үүний улмаас Бээжин дахь дундаж орон сууцны үнэ дундаж цалингаас 13.3 дахин их болсон байна. Нийслэлийн хэдэн зуун мянган оршин суугч газар доорх байрыг сонгохоос аргагүй болсон юм. Эрх баригчид 280 мянган шүжү байдаг гэж байгаа бол бодит байдалд энэ тоо нэг саяд хүрдэг ажээ.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин