Үндэсний сэхээтэн үгүйлэгдэж байна

527-142966921011050146_924622870891417_3829408490591703797_nСэхээтэн гэдэг бол аль ч цаг үед нийгмийнхээ шилдэг тэргүүний хэсэг нь, хөгжил дэвшилд манлайлан үлгэрлэгч нь, шаардлагатай үед золиос, төлөөс ч болж чаддаг тийм элит хэсэг нь юм. Тийм ч учраас СЭХЭЭТЭН гэж оноож нэрлээ биз ээ. Нэг бус хэд хэдэн цаг үеийн сэхээтнүүдийнхээ сор манлай болсон Л.Түдэв абугай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч, ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн. Сэхээрч ухаарсан нийгмийн тэр хэсэг л чухам хөгжил дэвшлийн түүчээ болж, гэрэл гэгээ асааж ирснийг түүх бүрнээ батална. Хүн төрөлхтний бүхий л түүхэнд тийм байсан. .
Их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч, шашны зүтгэлтэн Д. Равжаа тэртээ хоёр зууны өмнөх бурангуй харанхуй цаг үедээ ганцаар гэрэл болон асч байлаа. Тэрбээр бурхан шашныг мунхаг ухаанаар мухарлан сүсэглэхийг эсэргүүцэж, ард түмэн харанхуй бүдүүлгийг шүтэхэд эмгэнэн, бас хилэгнэн шоолж, агсамнан цамнаж ч байв. Арга барахдаа ийн шүлэглээ биз…
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Монголд Театрийн урлагийн шанг тавьж, иргэний яруу найргийн эх ундарга болж явсан Равжаа хутагтын араас ард түмнээ соён гэгээрүүлэх ачааг дан биедээ данхайтал үүрч авсан бичгийн их хүмүүн Ванчинбалын Инжинаш “Ертөнцийн дээр буруу ёс удаж үл болно. Бусчир сургаал дэлгэрч үл оршино” хэмээн цаг үеийн ёс бусыг эсэргүүцэж,“Харгис түшмэл, ховдог сайд улсаар дүүрэн буй” хэмээн илчлэн чичилж, “Аяа, юутай учралтай хувь заяа, юутай хорсолтой хууль ёс вэ!” хэмээн халаглаж байв.
Гэвч цаг наашлах хэрээр ухаарч сэхээрсэн сэхээтнүүд олширсоор, XX зуунтай золгоходДандаа хутагт “Элдэв улсын мандан мөхөх нь гадаадын туслах хорлоход үгүй, харин дотоод засгийн ариун тодорхойд буй” хэмээж, тухайн үеийн шашин төрийг хослох хэмжээгүй эрхт хаант засаглалыг шүүн эргэцүүлж, ардчилсан Бүгд Найрамдах засаглалын үзэл санааг “Сонгож хэрэглэх засгийн зарчим” хэмээн анхлан гаргаж тавьж байлаа.
Ж. Цэвээн тэргүүтэй сэхээтнүүд тэр ачааг өртөөлөн авчээ. Тэд 1909 онд Монголын анхны сонин бичгийг хилийн чинадад гаргалцаж, 1913 онд “Шинэ толь хэмээх бичиг”-ийг Нийслэл хүрээнээ өлгийдөн авч, хөгжил дэвшлийн үзэл санааг хүчтэй сурталчлан мухар сүсэгт мунхарч харанхуйлсан ард олныхоо оюун тархинд гэгээрлийн дэнг асааж байв.

                            Өнгөрсөн зууны монголын сэхээтнүүдийн анхдагч Ж.Цэвээн
Энэ хөрс суурин дээр Сүхбаатар, Бодоо, Данзан, Дамбадорж, Чагдаржав, Догсом зэрэг үндэсний ардчилсан үзэлтэй сэхээнтнүүд шил даран гарч, хар хятадын саварт базуулсан эх орноо чөлөөлөх ариун тэмцэлд амь насыг үл хайхран ард түмнээ манлайлан зэвсэг барин босоцгоож байлаа.
Харийн дайсантай халуун цусаа урсган тэмцэхээс огтхон ч дутахгүй хүнд хэцүү тэмцэл бол дотооддоо үндэстнийхээ оюун санааны харанхуй хоцрогдолтой хийх тэмцэл байв. Үүний тулд юу юуны өмнө үндэстний сэхээтнүүдийг олноор бий болгох явдал байсан… Шинэ залуу Ардын засаг залуусаа хөгжилтэй орнуудад илгээн, дэлхий нийтийн хөгжил дэвшлээс бүхий л боломжоороо халбагдаж авахыг эрмэлзэв. Үр дүн нь маш тодорхой байсны нэгхэн жишээ бол 1920-иод оны эхээр Германд явуулж сургасан багачууд дотроос орчин үеийн Монголын Утга зохиолыг үндэслэгч Их Д.Нацагдорж төрж, хэдэн үеийнхний оюун сэтгэлд гэрэл болон ассан билээ.
Ер нь ийм туршлага бий. Мейжийн эриний эхлэлд ч Япончууд олон залуусаа Баруунд илгээж сургасан байдаг. Хятадын Үндэсний ардчилсан хувьсгалыг ч Сун Ят Сен тэргүүтэй сэхээтнүүд манлайлсан.
1920-30-аад оны сэхээтнүүдийг С.Буяннэмэх, Ц.Дамбадорж, Ши.Аюуш, А.Амар, Л.Дэндэв, С.Шагж, Ц.Дамдинсүрэн, Л.Наваан-Юндэн нарын олон хүмүүс тэргүүлж байлаа. Тэдний дунд үндэсний уламжлалт гэрийн боловсролтноос гадна дорнын болон барууны боловсролтон ч байв.
1942 оны 10 сард МУИС-ыг, улмаар шил даран хэд хэдэн их дээд сургуулийг байгуулан, олон зуун дээд боловсролтой залуусыг дотооддоо бэлдэж эхэлжээ. Түүний зэрэгцээ ЗХУ болон соц системийн орнуудад II Дайны дараагаас бүхий л мэргэжлээр аль болох олныг сургах бодлого барьжээ. 1990 он хүртэл эдгээр улс орнуудад 200 000 монгол залуус дээд, дунд, тусгай мэргэжлийн боловсрол эзэмшсэн байна.

                          Бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэж буй нь. Төв аймаг 1947-1950 он.
Ийнхүү эх орондоо болон гадаадад ертөнцийн боловсролыг олж, шинэ үзэл санаагаар сэрж сэхээрсэн залуус нойр хоол, нэгэн биеийн жаргалыг умартан явж Эх монгол орондоо Шинжлэх ухаан, Соёл урлаг, Боловсрол, шинэ цагийн Анагаах ухаан, үйлвэржилт, бүтээн босголт гээд нийгмийн салбар бүрийн үндэс суурийг мухар сүсгийн тоос пургисан хөрс шороон дээр тавьжээ. 1956 онд Монголын Анхны ШУ-ын доктор цолыг Б.Ринчен Унгарт хамгааллаа. Түүний араас Ц.Төмөр-Очир, Б.Ширэндэв нарын зэрэг үндэсний эрдэмтдийн эгнээ жагсаж ирэв.
1950-70-аад онд монголд үндэсний сэхээтнүүдийн бүхэл бүтэн арми нэгэнт бий болж, нийгэм соёлын салбар бүхэнд манлайлж байв. Тэд ангамал говийн хатмал худгийн дэргэд шинэ үсгийн багш болон наран шарагдан, алс уулын мухарт өөхөн дэнгийн гэрэлд хүнд өвчтөнд хагалгаа хийн дальдчиж, атар газрын шанг хэмжин тоосонд дарагдаж, Америкийн тэнгэрт, НҮБ-ийн өмнө төрийнхөө далбааг өндөрт өргөж явжээ. Чухам тэдний цаг наргүй хичээл зүтгэлээр 100 хүний нэг нь хагас бичигтэй явсан монголчууд нийтээрээ бичиг үсэгтэй болон, дундаж наслалт нь 37 байснаас 65 болж, улс орны хэмжээнд хэд хэдэн том хот, 300 гаруй жижиг тосгон суурин босов. Мал сүрэг эрүүлжин, чанаржиж, атар газрыг эзэмшин, үр тариагаа экспортолж, үндэснийхээ дуурь, балетийг үзэцгээж, үндэснийхээ утга зохиолыг бүтээж, дэлхийн оюуны өвтэй нийтээрээ танилцан байв. Аж үйлдвэржилтийн цуурай хүчтэй сонсогдож эхлэв. Зарим нь “сэхээтний төөрөгдөл”-д өртөж, ад үзэгдэн цөлөгдөж, амь амьдралаараа хохирч ч байв.

  Баруун гараас дээд мэргэжлийн анхны зоотехникч ХАА-н ухааны доктор Цэдэв 1950 он.
Утга зохиолын салбарт Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Ц.Дамдинсүрэн, Ц.Гайтав, С.Удвал, Э.Оюун, Ч.Чимэд, С.Эрдэнэ, Д.Сэнгээ, Ч.Лодойдамба, Ч.Лхамсүрэн, С.Дашдооров, Л.Ванган, Л.Бадарч нарын олон арван аваргууд төрж гарлаа.
Кино, тайзны урлагт Ц.Цэвэгмэд, Н.Цэгмэд, Д.Ичинхорлоо, Хандсүрэн, Г.Гомбосүрэн, Ё.Шаравдоо, Ч.Долгорсүрэн, Д.Цэвээнжав, Ч.Цэвээн, С.Гэндэн Чимид-Осор нарын зуу зуун авьяастнууд хоосон цулгай хөрсөн дээр Монголын Кино Урлаг гэдэг их айлын галыг асаалцаж, кино, тайз дэлгэцийн урлагийн дахин давтагдашгүй Алтан үеийг бүтээв.
Хөгжмийн салбарт Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” аялгуу дэлхий нийтээр хангинаж, Ж.Чулуун, С.Гончигсумлаа, Г.Цэрэндорж, Г.Бирваа, Л.Мөрдорж гээд авьяастнууд дуу дуугаа аван аялгуу яруу хөгжмийг дуурсгаж эхэлжээ.
– Дүрслэх урлагт О.Цэвэгжав, Г.Одон, Л.Гаваа, Н.Чүлтэм, А.Сэнгэцохио, Ү.Ядамсүрэн, Л.Амгалан, Л.Намхайцэрэн зэрэг
– Уран барималд Н.Жамбаа, А.Даваацэрэн, Д.Дандиймаа, С.Дамдинжав зэрэг,
– Түүх судлалд Ш.Нацагдорж, Ч.Далай, С.Санждорж гэх мэтээр салбарт бүрд зуу зуун хүмүүсийн нэрсийг жагсааж болно.
Энэ мэтчилэн Урлаг, соёл, Шинжлэх ухаан, Улс Ардын аж ахуйн салбар бүрд алдар цуутай, авьяас чадвартай олон зуун манлайлагчид төрөн гарч, улс орноо нүдний өмнө өөрчлөн бүтээж байлаа. Орхигдоогүй салбар гэж байсангүй
1980-аад он гарахад нийгмийн хөгжлийн зам нь мухардаж буйг сэхээтнүүд л эн түрүүнд сэхээрэн анзаарч, энэ мухардлаас гарах гарцыг идэвхтэй хайн, ил далдаар хэлэлцэж байв. Чухам энэ нь ардчилсан их өөрчлөлтийн оюун санааны хөрс суурь болсон билээ.
1990 оны Ардчилсан хөдөлгөөнийг монголын сэхээтнүүд л үй олноороо түрхрэн дэмжсэн бөгөөд чухам тэдний тэр өргөн дэмжлэггүйгээр энэ үйл явц эхлэх хийгээд үргэлжлэх боломжгүй байлаа…
Ингээд Ардчилсан хувьсгал эхлээд 25 жил боллоо. Өнөөгийн байдлаар зөвхөн дотооддоо гэхэд л Төрийн өмчийн 9 их, 7 дээд, 1 коллеж, Төрийн бус өмчийн 4 их, 54 дээд, 31 коллеж, Гадаадын их дээд сургуулийн 5 салбар, нийтдээ 110 гаруй их дээд сургууль, коллежтэй, тэдгээрт суралцаж буй оюутны тоо 150 орчим мянга. Дэлхийн бараг 40 гаруй улс оронд хэдэн арван мянган монгол оюутнууд суралцаж байна. Энэ хэдхэн жилийн хугацаанд нийтдээ 700 000 монгол залуус дотоод гадаадад их, дээд сургууль болон коллежид суралцаж төгсжээ. Бакалавр, магистр, докторуудын тоо ч арифматик прогрессоор өссөн.Хүн амь ногдох дээд сургууль, оюутнууд, мөн нэг хүнд ногдох ТВ, сониныхоо тоогоор дэлхийд манлайлав.
Хэрвээ энэ үзүүлэлтээр үнэлэх аваас монгол орон тунчиг хүчирхэг хөгжилтэй, соёлтой, оюунлаг, сэхээтэнлэг орон болно.
Гэвч бодит байдал дээр тийм бил үү? Өнөөгийн Монгол Улс маань ахуйн өндөр соёлтой, оюунлаг, сэхээтэнлэг орны тоонд орж чадах уу? Энэ үзүүлэлтээрээ дэлхийн 200 гаруй улс орнуудтай харьцуулбал альхан түвшинд нь явна вэ. Лавтай л эхний хагаст нь байхгүй юм.
Нэг л юм үгүйлэгдээд байна. Юу тэр вэ? ӨНӨӨХ СЭХЭЭТНҮҮД… 30 жилийн өмнө дотоодын 8000 оюутантай байснаасаа бараг 20 дахин олон, эрдэмтэн докторууд нь 10 дахин олон болчихсон байхад шүү дээ.
Сэхээтэн гэж үнэлэгдэхэд зөвхөн диплом, эрдмийн зэрэг цол төдий хангалттай биш аж. Хуучин цагийн сэхээтнүүдийг жинхнээс нь сэхээтэн болгож байсан тэр зүйл бол улс орны хөгжил дэвшил, үндэстнийхээ өв соёл, оюун сэтгэлгээ, хөгжил дэвшлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүн гүнзгий мэдэрсэн ухамсар, эх оронч үзэл санаа юм. Харин өнөөгийн энэ олон дипломтонгуудын үнэмлэхүй олонхийн цээжнээс ийм зүйлийг хичнээн эрж хайгаад ч олохгүй болчихсонд л асуудлын мөн чанар нь байна.
Өөрөөр хэлбэл өнөөгийн Монгол орны нүүр царай болсон сэхээтнүүд СЭХЭЭТЭН шиг байж чадахгүй байна. Хэдий их дээд сургуульд он жилээр сурч, боловсорсон, янз бүрийн алтан, мөнгөн сайхан диплом, ромбо, зэрэг цолтой ч харамсалтай нь тэдний цээжинд хувиа бодохоос өөр ямар ч үзэл санаа алга. Үзэл санаагүй нийгэм өөрөө аяндаа өмхөрдөг бол эх оронч үзэл санаагүй хувь хүн хар аяндаа нэг л мэдэхэд өтөл бэртэгчин болж дуусдаг юм байна. Хичнээн сайхан мэргэжлийн ур чадвартай байгаад ч улс орон, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг үл тоодог бол, эх оронч үзэл санаа байхгүй бол тэр мэргэжлийнх нь ур чадвар тийм их хүртээлтэй юм гэж үү… Зарим тохиолдолд тэр ур чадвар харин ч авилга, луйврийн хүчирхэг зэвсэг болох нь олонтаа байна.
Хувиа бодсон, аймхай, бэртэгчин ийм давхрааг яавч сэхээтний давхарга гэж хэлэхгүй. Диплом, зэрэг цолны гол болсон хүмүүсийг сэхээтэн гэж тооцохгүй. Үндэсний гэх бахархалгүй, өөрийн гэх оюун сэтгэлгээний хэлтэрхий ч үгүй тийм хүмүүс их олон байна. Сэхээтнүүдэд байдаг нийтлэг хэв шинж болох зарчимч, оюунлаг, суртхуунлаг төлөв байдал хаа сайгүй ихээр үгүйлэгдэж байна. Тэд зальхай улс төрчид хуйвалдан хууль гаргаж, баялгийг нь цөлмөж байхад дуугүй л байна. Тэд эрх мэдэлтэн дураараа дургиж, эд хөрөнгөтөн хуулийг уландаа гишгэж байхад дуугүй л байна. Тэд улаан хийрхэгчид, популистууд улс орных нь хувь заяагаар эзэнгүй мэт даажигнан тоглож байхад дуугүй л байна. Тэд нийгэмд бурангуй соёл газар авч, бусчир явдал дэлгэрч байхад дуугүй л байна. Тэд олон даяараа мухар сүсэгт автаж, хуурамч бөөд шуулуулж, зальжин ламд амь амьдралаа даатгаж, хөёөгөө цуглуулагч оготно мэт гүйлдэцгээж явахад дуугүй л байна. Тэд мэдлэг, оюун, ойлголтын хүрээнд мэтгэлцэж, ойлголцох нь сөөмхөн, тэрсэлдэж үгүйсгэлцэх нь тэнгэр шиг болжээ. Тэд бусдынхаа алдаанд харуусан халаглах биш, харин ч хэрээ мэт бархиран баярлах нь олонтаа. Тийм атлаа бусдынхаа амжилтад баярлан дэмжихээсээ илүү харуусан халаглах нь их байх юм.
Тийм ч учраас нийгмийн оюун санааг мухар сүсэг эзэлхийлж, овтон зальтнууд олны оройд заларч байна. Монголын оюун санааны ертөнц дэх сэхээтний орон зайг сайн дурынхан нөхөж, хөөрүү эх орончид эзлэн түрэмгийлж байна. Бүхэл бүтэн үндэстний оюун санаа Орифлаймын Оюунгэрэлд ойж буутлаа дэлсүүлж, Сарандаваад санаа алдатлаа савуулж, Арго багшид алга хавсран залбирч, Солонгос сериалыг солиорч ядартлаа гөлөрч байна. Харийн соёлд хүүхэд залуусаа алдаж, ийн алдах хэрээр өөрийн юм үнэгүйдэж, үндэсний бүхэн он цагийн тоосонд дарагдаж байна. Харийн үзэл санааны дөрөөр төр улсаа дөрлүүлж, ийн дөрлүүлэх хэрээр хөгжил маань хөөс болон замхарч байна. Нийгмийн ёсзүй гүнзгий шоконд орсон сэхээний өвчтөн шиг байна. Эмгэнэл биш гэж үү?
Хүүхэд залуусынхаа сэтгэл зүрхэнд үндэс язгуураа мэдэрсэн эх оронч, тэргүүлэгч үзэл санааг суулгаж, тэднийг үндэсний эрхэм сэхээтэн болгодог тийм тогтолцоо маань нэг л мэдэхэд алга болчихож… Ингэхэд улс орныг хөгжүүлдэг хамгийн хүчирхэг зэвсэг бол ямар ч их хөрөнгө оруулалтаас илүү эх оронч үзэл санаа байдаг. Тийм хүчирхэг зэвсэг байдаг гэдгийг нийгэм нийтээрээ бүр таг мартлаа… Зөвхөн хөрөнгө мөнгө, эдийн засаг, арга сүйхээ ярьдаг болж…
Залуус маань ч хэрхэн яаж арга чарга, сүйхээ самбаатай улс төрч болох вэ, эсвэл яаж их мөнгөтэй болох вэ гэсэн аар саархан зүйлд эрч хүчээ сорихоос бус ухаарч, сэхээрч, ойлгож, танин мэдэх гэж тэмүүлэх нь хомс байна.
Мэдээж хэрэг салбар бүрд шилдэг сайхан үндэсний сэхээтнүүд бий. Урлагийн салбарт Н.Жанцанноров гуай байна. Хуулийн салбарт С.Нарангэрэл, Хэл шинжлэлд Ш.Чоймаа гэх мэт. Бизнесийн салбарт ч бишгүй олон нэр хэлж болох байх. Салбар бүрд хэд хэдээрээ бий. Тэднийг үгүйсгээгүй. Гэвч тэд дэндүү цөөхөн, бүхэл бүтэн давхарга болж чадахааргүй цөөн байна. Тэр олон их дээд сургуулиуд, тэр олон мянган оюутан, докторуудын тоотой харьцуулахад дэндүү цөөхөн байна. Өнөөгийн энэ будангуй харанхуй цаг үед зуу зуун Жанцанноров, Нарангэрэл, Чоймаа хэрэгтэй байна. Монгол оронд Үндэсний сэхээтнүүдийн бүхэл бүтэн давхарга үгүйлэгдэж байна. Бүр маш ихээр…

Б.Номинчимэд

Эх сурвалж: http://greathistory.blogspot.com/

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …