Хууль зүйн шинжлэх ухаанд нэгэн даацтай бүтээл олны хүртээл болсон нь “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл юм.
УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачлагаар УИХ-ын Тамгын газар, Монголын залуучуудын холбоо, Монголын хуульчдын холбооноос “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулсан.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын хэрэгжилтийг хангах, улам боловсронгуй болгох, өнгөрснөө эргэн харж алдаагаа засах, ололтоо батжуулах, өнөөдрөө дүгнэж ирээдүйд батлан гаргах шаардлагатай хуулиудын хэрэгцээг тодорхойлох зорилгоор энэхүү уралдааныг санаачилж зохион байгуулжээ.
Хуульчид болон эрх зүйн мэргэжлээр сурч буй оюутнуудын дунд зарласан илтгэлийн уралдаанд 40 гаруй илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд найман хуульч, зургаан оюутны бүтээл тунаж үлдсэн билээ. Эдгээр илтгэлийг эмхэтгэсэн “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” хуульчид, эрх зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын хувьд чухал гарын авлага болох юм.
Дашрамд дуулгахад, “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” илтгэлийн уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.
эх сурвалж: barimt.mn