Манай улс оронд ашигт малтмал олборлож буй компаниуд тухайн орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, байгал орчны нөхөн сэргээлт хийх, болон нийгмийн хариуцлах хүлээх ёстой байдаг. Гэтэл эл хариуцлагаа хүлээн ажиллаж байгаа нь тоотой хэдхэн бөгөөд манай улсын хуулийг улан дороо гишгэж, монголчуудыг маань хохироосоор байгаа билээ. Үүний нэг жишээ нь Монгол улсын стратегийн өндөр ач холбогдолтой байж болохуйц Хөшөөтийн уурхайг эзэмшдэг “Монголиа Энержи корпораци” буюу “МоЭнКо” компани нийгмийн хариуцлага хүлээх нэрийдлээр 20 оюутны амьдралаар тоглож байгаа үйл явдал юм.
Энэ тухай “МоЭнКо” компаний “Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан” хэмээх тэтгэлэгт хамрагдаад одоо хүртэл сургалтын төлбөрөө авч чадаагүй яваа 20 оюутны төлөөлөл Х.Баасанжаргалтай ярилцлаа.
– Юуны түрүүнд энэ ямар учиртай тэтгэлэг болох талаар яриач?
– Манай Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг “МоЭнко” компани нь жил бүр /2010 оноос эхлэн/ 11-р ангиа төгсөж буй сурагчдын дунд “Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан” хэмээх шинээр оюутан болж буй залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарладаг юм. Энэ хөтөлбөр нь 2 үе шаттай явагдаж эцсийн шатанд шалгарсан 20 оюутан тус бүрийн дөрвөн жилийн сургалтын төлбөрийг даадаг юм.
– Та нар яг хэдэн оны тэтгэлэгт хамрагдсан оюутнууд вэ?
– Бид тус компани 2012 онд Ховд аймгийн ерөнхий боловсролын 11-р анги төгсөж буй бүх сурагчдын дунд зарласан уг тэтгэлэгт хамрагдсан. Нэгдүгээр шатанд 50 хүүхэд үлдэж, хоёрдугаар шатанд ярилцлаганд орсноор 20 оюутан шалгарч тэтгэлэг авахаар болсон. Бид ч орсон сургуульдаа ирэх дөрвөн жилийн турш төлбөрт санаа зоволгүйгээр суралцах болсондоо маш их баяртай байсан. Гэтэл “МоЭнКо” компани тэтгэлгээ олгоогүй.
– Тэгээд та нар бүгд сургуульдаа явж чадаагүй юм уу?
– Үгүй ээ бид өөрсдөө төлбөрөө төлж энэ хавар нэгдүгээр курсээ төгссөн. Бидний 20 оюутан дундаас 3 нь төлбөрөө төлж чадалгүй сургуулиасаа гарсан. Уг нь “МоЭнКо” компани амласан ёсоор тэтгэлгээ олгочихсон бол сургуулиасаа гарахгүй л байх байсан.
– Яагаад та нарын тэтгэлгийг өгөхгүй байгаа юм бэ?
– Тэтгэлэгт тэнцээгүй хүүхдүүдийн нэгнийх нь эцэг эхээс бидний 20 оюутны хоёрыг шударга бусаар тэтгэлэгт тэнцсэн гэж анх “МоЭнКо” компанид гомдол мэдүүлсэн юм билээ. Ингээд тус компаниас тэтгэлэг олгохыг түр түдгэлзүүлж “бид нарыг үнэхээр шударгаар уг тэтгэлгийг авсан эсэх”-ийг Ховд аймгийн цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахаар болсон юм. Уг нь бид 20-ыг биш тэр хууль бусаар тэнцсэн гэсэн хоёр хүүхдийг шалгачихаж болох байсан ч бүгдийг нь шалгуулж хугацаа их авсан. Ингээд цагдаа нар шалгаж дуусаад биднийг ямар ч шударга бусаар уг тэтгэлэгт хамрагдаагүй. Тэтгэлгээ авч болно гэсэн мэдүүлгийг “МоЭнКо” компаний тэтгэлэг харицсан газарт хүргүүлсэн.
Тэгтэл тус компани ахиад л тэтгэлээ түдгэлзүүлэх болсон. Түдгэлзүүлэх хугацаа нь ч тодорхойгүй , бас биднээс хамаарах ямар ч шалтгаан байхгүй байгаа.
– Та нарт хамааралгүй ямар шалтгаанаар тэтгэлгээ олгохгүй байгаа юм?
– “МоЭнкКо” компаний төв байр нь Улаанбаатар хотод байрлах “Centeral tower”-т байдаг. Бид уулзах гэж дөрвөн удаа тус байран дээр очиход ажил дээрээ байхгүй байна гэхчилэн шалтаг тавьж бидэнтэй уулзалгүй байнга зугтдаг. Ингээд 20 оюутны маань төлөөлөл 2 оюутантай “МоЭнКо” компаний тэтгэлэг харицсан мэргэжилтнүүд өнгөрсөн 5 сард уулзсан. Уулзахдаа тэтгэлэг өгөхгүй байгаа шалтгаанаа “Хөшөөтийн орд удахгүй стратегий орд болох гэж байгаатай холбоотойгоор ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа” тийм болохоор тэтгэлгийг чинь олгохгүй гэсэн утгатай зүйл хэлсэн юм билээ. Үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэх зэрэг шалтгаан нь “МоЭнКо” компаний дотоод асуудал учир бидэнд тэтгэлгээ олгох л ёстой. Анхнаасаа энэ тэтгэлгэд зориулж хөрөнгө мөнгөө төсөвлөсөн л баймаар юм.
– Та нар “МоЭнКо” компани эсрэг шүүхэд хандсан гэсэн…
– Тиймээ. Бид тус компани зарласан тэтгэлгийн дагуу материалаа бүрдүүлж, ярилцлаганд орж бүх шалгуурыг нь даван хууль ёсны дагуу тэтгэлэг авах эрхтэй болсон. Тэд ч тэтгэлэт тэнцсэн 20 оюутантай ирэх дөрвөн жилийн турш төлбөрийг нь 100 хувь даах гэрээ байгуулсан. Бүр гэрээ хүртэл байгуулчихаад эхний нэг жилийн ч төлбөрийг хийлгүй биднийг хохироож байгаа нь хууль бус үйлдэл. Тиймээс бид шүүхэд гомдол гаргаж, “МоЭнКо” компаниас тэтгэлгээ авахаар хөөцөлдөж эхэлсэн. Анхан шатны шүүх хурлаас “МоЭнКо” компанийг бидний төлбөрийг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Гэсэн ч бас л өгөөгүй байгаа. Одоо давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байна.
– Хэрвээ давж заалдах шатны шүүхээс та нарын талд шийдвэр гарсан ч гэсэн тэтгэлгийг тань өгөхгүй бол яах вэ?
– Хэрвээ энэ байдлаар үргэлжлээд байвал бид Монголын оюутны дуу хоолой болсон байгууллагуудад хандах болно. Мөн энэ бол зөвхөн бидний 20 оюутны асуудал биш тэтгэлэгт хамрагдсан бусад 200 оюутны ч гэсэн эрх ашиг хөндөгдөж байгаа зүйл. Бид зүгээр ингээд хэн нэгэн гадны хөрөнгө оруулалттай мөнгөтэй компаний хууран мэхлэлтэнд өртөөд хохироод явж чадахгүй. Юутай ч тэтгэлгээ авах л болно. Хөрөнгө мөнгөтэй нэг том компани нь ингээд Монгол улсын шүүхээс гарсан, монгол улсын хуулийг хүндлэхгүй иргэдийг нь хохироогоод байж болохгүй гэдгийг хэлэх байна.
Та нарыг тэтгэлгээ авч чадна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье!
Т.Анир