1941 оны 11-р сарын 7-ны домогт парад… Шинэ танкууд төмөр замын буудлаас Улаан талбайд шууд шилжив.
Тэдгээр танк, цэргүүд парадаас Москвагаас хэдхэн км зайтай орших байлдааны талбарт очиж байлаа. Сөрөг давшилт удахгүй эхэлнэ…
“Москваг эзэлсэний төлөө” одон медалиуд
…Тэр үед нийслэлийг булаан эзлэхийг Гитлерийн цэрэг хамаг чадлаараа оролдож байлаа. Маш олон хайрцаг дүүрэн одон медаль Москваг эзэлсэний төлөө цэргүүдээ шагнахаар Берлинээс ирүүлээд байв.
Эцэст нь Оросын хахир өвлийг мартаж Москвад дулаан байртай болно гэж Германы зэвсэгт хүчний дайчид гэртээ явуулсан захидлуудад бичиж байв.
Генералууд нь Кремлийн алтлаг бөмбөгөр оройг дурангаар харж байлаа. Гэвч тэдний төлөвлөгөө бүтсэнгүй. Цэргийн түүхч Виктор Баранец энэ тухай “Сүүлийн жилүүдэд архивын зарим баримт бичиг, засгийн газрын ба хувийн захидал харилцааг сонирхон үзлээ. Шуудуу, тэргүүн байрлалаас Улаан талбайд шууд очсон хүмүүсийн өндөр сэтгэгдэл бишрүүлэв.
Зөвлөлтийн танкчид хахир хүйтэн нөхцөлд парад өө сэвгүй хийснийг тунгааж үз л дээ. Арми байсан зэвсгээ үзүүлсэн.
Үнэн чанартаа Улаан талбайд хийсэн парад сэтгэл санааг бадруулж, хүчирхэг түлхэц үзүүлсэн. Мөн парадыг түүхэн үйл явдал гэвэл хэтрүүлэг болохгүй. Парадын дараа л фашистуудыг Москвагаас холдуулан хөөж явуулсан шүү дээ” гэжээ.
Домогт Будённый парадыг эхлүүлэв
Парад зохион байгуулах үүргийг Москвагийн Цэргийн тойрог, Москвагийн бүсийн хамгаалалтын цэргийн командлагч, дэслэгч генерал П.А.Артемьевт даалгажээ. Энэ үед Москвагийн төлөө хүнд хэцүү тулалдаан болж, дайны зурвас ердөө л 70-100 км зайтай байсан юм. Парадын бэлтгэлийг дээд зэргийн нууц байдалд хийсэн байна.
Гэтэл оркестр байдаггүй гэнэ. Алдарт В.И.Агапкиныг удирдаач болгож, хөгжимчид цуглуулах үүрэг өгчээ. Цуглуулсан хөгжимчдийн тоо цөөн учир Горький хотоос хөгжимчид нэмэн авчирчээ. Чимээ гаргахгүйн тулд хуучны морин тойруулгад хөгжмийн бэлтгэлээ хийж байв.
Метроны “Маяковская” өртөөг маш нууц байдалд бэлтгэв. Газар доорхи хонгилд хүртэл Дотоод яамны автоматчдын тусгай бүлгүүд байрлуулсан гэдэг.