SANYO DIGITAL CAMERA

“Айлыг тараая гэвэл хүүхдийг нь эрхлүүл. Төрийг нураая гэвэл түшмэдийг нь самууруул”

Өнгөрсөн дөрвөн сарын 16-ны өдөр Ховд хотын иргэд хөдөлмөрчидтэй УИХ-ын гишүүн С.Ганбаатар очиж уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтын талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг тус аймгийн “Ховдын толь” сониноос манай редакцид ирүүллээ.

“Манай орны хүн болгонд сайхан амьдрах боломж бий. Харин цөөхөн шуналт хүмүүсийн шуналыг гүйцэлдүүлэх баялаг алга” /Махатма Ганди/

SANYO DIGITAL CAMERA
SANYO DIGITAL CAMERA

Гишүүн С.Ганбаатар энэ өдрийн 10 цагаас ХДТ-т аймгийн боловсролын байгуулалгын багш, ажилтнуудтай, мөн оройн 18 цагаас Ховд их сургуулийн их танхимд иргэд хөдлөмөрчидтэй уулзсан. Иргэд хөдөлмөрчидтэй уулзсан уулзалт тун чиг халуун уур амьсгалтай, өрнүүн болсон бол боловсролын салбарынхан цалин хөлс бага байна, нэмж өгөөч гэхээс өөр орон нутгийн амьдрал тулгамдсан асуудал, улс орны хувь заяатай холбоотой ямар ч яриа өрнүүлсэнгүй нь гайхалтай. Үүнийг ажигласан  нэгэн зохиолч “багш нар болоод албан хаагчдын маань оюуны багтаамж мөн чиг уйтхан болсон юм байна даа” хэмээн толгой сэгсэрч байлаа.

Иймээс Иргэд хөдөлмөрчдийн уулзалтын үйл явцыг уншигч олонд толилуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уулзлатанд оролцогсдын ярьсан зүйлийг засварлаж, редокторлохгүйгээр байгаагаар нь нийтэлсэн болно.

Гагцхүү уулзалтын зохион байгуулалтаас ажиглагдсан нэг зүйл гэвэл УИХ-ын гишүүн болон аймгийн Засаг дарга нарыг товч мэдээлэл хийсний дараа иргэд асуулт саналаа хэлсэн ба дараа нь аймгийн дарга болон УИХ-ын гишүүн хариулт хэлснээр уулзалтыг хаадаг нь учир дутагдалтай санагдаж байв. Яагаад гэвэл иргэдийн тодруулж мэдэх гэсэн, эрс шүүмжилсэн зарим асуудлуудад хариулт өгөхдөө бүдэгрүүлж булзайруулсан иргэд тодорхой хариулт авч чадахааргүй зүйлүүдийг олонтоо ярьж байсан. Бид уулзалтын явцыг нийтлэхдээ иргэдийн болон албаны хүмүүсийн ярьсан, түүнчлэн тухайн асуудлаар холбогдох мэргэжлийн эх сурвалжаас тодруулсан зүйлсийг таацуулан оноох замаар дөхөмчилөн боловсруулсан болно.

Иргэн Б.Түвшин (Мянгад сум өндөр настан)

Сонгуульд нэр дэвшигчдийг намаас дэвшүүлэх хуультай байгааг иргэний нийгэм гэдэг үгээр солих хэрэгтэй. Намынхан зөвхөн өөрсдийн эрх ашгийг хамгаалдаг. Хуулийг өөрсдийн болон бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж гаргадаг нь хэвшил болсон. Үндсэн хуулийг өөрчиллөө гэхэд анх боловсруулж, батлалцаж байсан АИХ-ын депутатуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Оюутолгой, Таван толгойн гэрээний асуудлаар эрх баригчид дандаа ард түмнийг хуурсан буруу шийдвэр гаргаж байна. Ард түмэн үгээ хэлээд байхад тоохгүй байна. Одоо ер нь  босох талдаа орсон нь дээр гэж бодож байна. Босоцгооё л доо. Ерөнхийлөгч маань “Арван долоотой охиноо айлд өгчихсөн, одоо өнгөрсөн” гээд сууж байдаг. Ард түмнээ ингэж доромжилж болдог юм уу. Тэр Оюутолгой, Тавантолгойг хаачихаад ард түмэн өөрсдөө тооцоогоо бодьё л доо.

Малчдын нийгмийн асуудал гэдэг юм орхигдсон. Төрөөс нийгмийн даатгалыг нь төлдөг болгомоор байна. Газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж дууслаа. Нэг компани нь малчдын нутагт ирж суучихаад малаа аваад зайлчих, зайлахгүй бол тийм тийм ял төлбөрт унана шүү гээд дураараа авирлаж байдаг болсон байна.

 Багуудын дарга нар гээд бас нэг намын далбаан дор сонгогдчихсон ажил хийдэггүй боловсрол, мэргэжилгүй, чадваргүй хүмүүс цалин аваад сууж байдаг боллоо. Төрийн тогтолцоо нь ийм байдалтай байхад ажил нь яаж сайн явах вэ. Ард түмний амьдрал яаж өөдтэй болох вэ?

Бэлчээрийн даац муудаж байна гээд байна. Энэ бол байгалийнхаа шалгарлын дагуу муудаад байгаа. Байгальтайгаа зөв харьцахгүй, сүйтгэж доройтуулж байгаагаас болж байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

МАНАН-гийнхан Монголыг үнэхээр идэж байна. Тэднээс илүү тэвчээртэй ухаалаг тэмцэж байж бид үр дүнд хүрнэ. Сая Дорноговьд нэг өвгөн манай нутгаас дахиж битгий эрдэнэ олдоосой гэж залбирч байна лээ. Зүрх шимширсэн.

Элбэгдорж Ерөнхийлөгчийн тэр “17-той охиноо өгчихсөн, одоо өнгөрсөн” гэж хэлснийг ярих юм биш. Нутагт нь ирчихээд муу хэлээд яахав. Гэхдээ тэр хүнд авах юм бий бий. Баян-Өлгийд цэргийн анги байгуулсан нь сайн зүйл. Хоршоололд ороогүй учраас ноосны урамшуулал олгохгүй гэж байгаа нь үнэхээр буруу буруу. Тэмцлийг хамаагүй хурц, ширүүн хийж мөргөлдөөнд хүрвэл ашиглах гээд анаад хүлээж байгаа гадаадын хүчин цаана чинь байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.

SANYO DIGITAL CAMERA
SANYO DIGITAL CAMERA

Иргэн Банзайдорж (Жаргалант сумын иргэн)  

Яг энэ танхимд УИХ-ын гишүүн хүн ирээд ард түмэнтэй уулзахдаа Монголын эдийн засагт хямрал, хүндрэл бий болоогүй, хүмүүс популизм хийгээд байна гэж хэлсэн. Энэ бодит байдалтай нийцэх үү? Миний бодоход үгүй л баймаар. Худал хэлдэг, хулгай хийдэг явдал төрийн дээд өндөрлөгт хүртэл бугшчихсан. Түүнийг нь бүх баримтаар нь дэлгээд тавиад байхад улайм цайм би тэгээгүй гээд суугаад байдаг. Гэтэл ядарсан нэг иргэн аргаа барахдаа 10 төгрөг хулгайлсан бол шоронд суудаг. Энэ явдал хэзээ засрах вэ?

Ард түмнийг нам гэдэг “мангас”-аас салгаж Монгол орныг маань аврах ямар боломж байна вэ гэдгийг бодоцгооё.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Эдийн засгийн хүндрэл бол бодитой байна гэдгийг би эдийн засагчийн хувьд хэлж байна. УИХ-ын гишүүн үүнийг популимз гэж байвал би ойлгохгүй юм байна. Сонгуулийн намын квотыг болиулаачээ гэсэн Баарай гуайн санал маш зөв. Бас таны намаас салья гэдэг ч үнэн үг. Хамтарч зөв шийдлийг олох хэрэгтэй.

Иргэн Идэш

Оюутолгой, Таван толгойгоос манай улсад орж байгаа юм байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг тодорхой хэлээд өгмөөр байна. Худлаа улс төржүүлж гацаамааргүй байна. Улс төрчид эв нэгдлээ бодох хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Идэш гуай Оюутолгойгоос юу орж байна гэж асуулаа. Роялти гэж зөвхөн 247.0 тэрбум төгрөгийн газрын татвараа л авдаг өөр юу ч авдаггүй. Гэтэл Эрдэнэтийн ГОК 672.0 тэрбумыг зүгээр татвартаа  л өгдөг. Харьцуулбал Оюутолгойн роялти 5 хувь, ГОК-ийн роялти 18 хувь. Асар их зөрүүтэй байгаа биз дээ.

Та бидний гэр орныг шатаах гээд шүдэнз зурж байгаа улс төрчдийн өмнө дуугүй хүлцэнгүй байна гэдэг бол эсвэл тэнэг хэрэг эсвэл маш өөдгүй, арчаагүй хэрэг. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэгт одоохондоо УИХ-ын гишүүдэд тийм ёс суртахууны эрх байхгүй гэж бодож байна6

Иргэн Д.Энхсайхан

Хамгийн гол зүйл сонгууль. Тэгэхээр сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлыг УИХ гишүүд тийм сайн төгс хийнэ гэхэд итгэх ямар ч боломжгүй. Тиймээс сонгуулийн хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцэж байж өөрчлөж шинэчлэх хэрэгтэй.

Сонгуулийн санал тоолоход хар  машин хэрэггүй. Түүнээс салах хэрэгтэй. Тэр бол луйвар хийх гэж бодлогоор оруулж ирсэн зүйл. Америкийн эдийн засгийн алуурчдын гол зэвсэг.

Монголд 3.0 сая хүний хагас нь л санал өгдөг. Сая гаруйхан хүний саналыг яагаад гараараа тоолж чаддаггүй юм. Тийм болтлоо дорд орчоо юу. Бусад өндөр хөгжилтэй орнууд ч хар машинаас татгалзсан шүү дээ.

Арьс ширний үйлдвэр цэвэрлэх байгууламжийн усыг дутуу боловсруулж, элс рүү, газрын хөрс рүү шингээх замаар хийх юм бол Ховдчууд усгүй болох аюул бий. Тиймээс үүний ТЭЗҮ-ийг хянан судлаж үзэх зайлшгүй шаардлагатай. Албан тушаалаа ашиглаж, идэж уусан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргамаар байна.

Аюушийн талбайг шинэчлэхээр 2012 онд тендер зарлаж, гэрээ хийгээд мөнгийг нь олгосон гэрээгээрээ бол 2012 ондоо багтаж бүрэн хийгдэж дуусаад ашиглалтанд орох,ёстой. Гэтэл одоо 2015 болоход ажил нь талдаа ч ороогүй. Мөнгийг нь аваад идчихсэн. Дараа жил нь дахиж мөнгө тусгуулсан, одоо энэ онд дахиад төсөвт мөнгө тусгуулсан гээд явж байна. Ийм юм байж болох уу.

Д.Цэвээнравдан (аймгийн Засаг дарга)

Ард Аюушийн талбайн ажил сунжирч байгаа улсын төсөвт нэмэлтээр мөнгө нь суусан. Малын ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж байгуулах гэж байгаа. ХАА-н түүхий эдийг дотооддоо боловсруулахын тулд улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж байгуулж, түүнийг тойроод ноос угаах, утас ээрэх, даавуу хийх гэх мэт 5-6 үйлдвэр бий болно.

. Усаа хөрсөнд оруулахгүй дахин боловсруулж байнгын эргэлтэнд байлгах үйлдвэр юм.

SANYO DIGITAL CAMERA
SANYO DIGITAL CAMERA

Иргэн Ганболд

Би орон нутгийн телевизээр аймгийн Засаг даргыг шүүмжилснийхээ төлөө цагдаад байцаагдаад явж байгаа. Байцаагч намайг хурал дээр хамаагүй юм ярьж болохгүй шүү гэж үг хэлэх эрхийг минь хорьж байгаа. Би амаа скочдих юм уу.

Би үг хэлэх, хэвлэх нийтлэх эрхийнхээ дагуу шүүмжлэлтэй зүйл ярьсан. Юу гэж хэлээд цагдаад байцаагдах болсон гэдгийг маш товч хэлье.

Нэгд: Ховд аймагт захын наймаачдыг өмчтэй болгоно. Аажмаар та нарт эзэмшүүлнэ гэж ойлгуулаад тэднээс 1.0 тэрбум төгрөг хурааж авч, мөн төсвөөс 3.9 тэрбум төгрөг нийт 4.9 тэрбумаар барьсан захын барилга гэгч нь маш чанаргүй, үсрээд л 2.0 Тэрбумаар барих барилгыг яагаад 4.9 тэрбумаар барьдаг юм. Увс Баян-Өлгийд яг ийм адилхан барилгыг 2.0 тэрбумаар барьсан байхад Ховд яагаад 4.9 тэрбумаар барьдаг юм. Барьсан барилга нь яагаад ийм чанаргүй, дээрээс нь бөөн хэрүүл, маргааны улмаас одоо болтол ашиглах боломжгүй байгаа юм

Хоёрт:. Хүүхдийн парк хүртэл явган зам дугуйн зам тавилаа гэсэн чинь, зураг төсөв дээрээ болохоор машин замын хоёр  талаар тавих ёстой хийгдсэн байдаг. Гүйцэтгэхдээ ганцхан талаар нь тавиад орхичихсон

Гуравт: Улаан богочийн орчимд орон нутгийн төсвөөс мөн бусад эх үүсвэрээс нийлээд 300.0 сая төгрөг зарцуулж барьсан жишиг хороолол гэгчид ямар ч айл очиж буухгүй гурван жил болж байна. Ард түмний хөрөнгөөр ингэж тоглодогоо боль

Дөрөвт: Өндөр нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг Ховд аймагт татаж авч ирэхийн тулд орон сууцаар хангана гэж төсөвт мөн 300.0 сая төгрөг батлуулж, тендер зарлуулаад тэр орон сууцанд нь аймгийн дарга Д.Цэвээнравдан яагаад өөрөө ороод суучихдаг юм. Ийм л зүйл ярьсныхаа төлөө гэмт хэрэгтэн болоод явж байна.

Д.Цэвээнравдан (аймгийн Засаг дарга)

Аймгийн 4 телевизээр Ганболд, Бямбазориг нарын хийсэн мэдээллийг би гүтгэлэг гэж цагдаад өгсөн юм. Эд нарын гүтгэсэн зүйлүүдийн талаар үнэнийг хэлье. Дугуйн замыг цаашид нөгөө талаар нь дахиж барина. Үнэхээр буруугаа хүлээгээд хэвлэл мэдээллээр худлаа ярьсан гээд хэлчихвэл би өргөдлөө буцааж авна гэж өөрт нь хэлж байгаа.

Битүү захын барилгын хувьд Увс 5400 м2 талбайтай, манайд 8200 м2 талбайтай барилга баригдсан Увс, Баян-Өлгийд улсын төсвөөс 3.0 тэрбум, харин манайд 3.6 тэрбум төгрөг гаргасан. Газрын талаар бол хууль зөрчиж захирамж гаргасан байна гэж байгаа. Захын барилгыг муу барьсан гэдэг нь үнэн. Ганц манай аймаг биш олон газар ийм дутагдал гарч байгаа. Улаан богочид ОНХС-аас 100 сая төгрөг гаргасан. Одоо айлууд очихгүй байгаа ч үнэд орно. Яагаад үнэд орно гэвэл Орос, Хятадыг холбосон зам хажуугаар нь өнгөрнө. Буруу зөрүү байвал би засаж залруулах чадвартай

480 айлын орон сууцыг анх удаа төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхлэж байна. Засгийн газрын тогтоолоор ийм, ийм хүмүүс албаны орон сууцанд сууна гээд тогтоол байдаг. Харин одоо 480 айлын орон сууцанд эмч багш гэх, мэт өндөр нарийн мэргэжлийн хүмүүсийг оруулна.Орон сууцны фондыг ингээд нэмэгдүүлж байгаа. Нарийн мэргэжилтэй хүмүүст орон сууцнуудыг бэлдэж байгаа.

Хоёр Монгол гутлыг аль алийг нь хүлээж аваагүй. Он дамжсан барилгатай адилхан. Хөөрөг, Тарвас, Домбо эд нар бол үндэсний онцлогтой, бас услалтын системийн зориулалтаар хийгдэж байгаа ажлууд. Хийсэн нь эхнээсээ шүүмжлэл дагуулаад байвал түр байя гэж байгаа.

Холбогдох эх сурвалжийн тодруулга ба байр суурь:

Улаанбогочийн орчимд баригдсан Жишиг хороололд одоо гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байхад ганц хоёроос илүү айл очихгүй байгаа. Учир нь энэ нь олон талаар айл өрх суурьших боломжгүй газар гэдгийг бид өмнө нь судалгаа, баримттайгаагаар нийтлэж байсан. Тэгэхээр энэ яаж шийдэх вэ гэдгийг илэн далангүй ярилцаж шийдэх шаардлага гарч ирэх байх.

Битүү захын асуудлаар баримт нотолгоотой, хангалттай олон нийтлэл мэдээллүүд гарсан болохоор уншигчид мэдэж байгаа байх. Увс баян-Өлгийтэй харьцуулахад асар өндөр үнээр барьсан гэдэг нь мэдээжийн асуудал. Дээр нь хувьцаа эзэмшигчдийн нэг тэрбум өтгрөг байна. Хөрөнгө мөнгө шамшигдуулсан, хариуцлагагүй, гэмт үйлдлийн шинжтэй зүйлүүд болсон нь нотолгоотой зүйл. Монгол гутал, Тарвас хөөрөг гэх мэтийн талаар бас л төсөв санхүүг үрэлгэн зарцуулж, хариуцлагагүй хандсан талаар мониторингийн дүгнэлт бий. Өндөр нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийн орон сууцтай холбоотой маргааны тухайд бас л хууль зөрчигдсөн, гэмт үйлдлийн шинжтэй зүйл гэдгийг баримтаар нотлох боломжтой. Холбогдох албан тушаалтнаас энэ бүхний талаар худал ярилгүй, булзааруулалгүй үнэн шудрагаар хандаж засаж залах нь зүйд нийцнэ гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Ганболд гуай, Цэвээнравдан гуай хоёр ширээн дээр суугаад ойлголцоорой гэдгийг та хоёрт уриалж байна. Цэвээнравдан дарга хүссэн мэдээллүүдийг нь бүгдийг нь гаргаж өгч үзүүл.

Иргэн Дуламсүрэн /Баатархайрхан баг/  

Элбэгдоржийг больё, Сайханбилэгийг больё. Ажилд орох гээд ажил хайхаар дандаа намын гэсэн хүнээ авдаг. Ядуу хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэдэг юм энэ цаг үед жинэхэнэ гамшиг болсон байна. Бараа таваар нь хүртэл дандаа хятадаас оруулж ирсэн хуурамч зүйлүүд. Монголын байгалийн баялгийг зөөгөөд дуусгалаа. Тэгээд бидний үр хүүхэд цаашид яаж амьдрах юм бэ? Би гурван хүүхдээ яаж тэжээх юм бэ. Үнэхээр хэцүү байна.

Хүмүүс яагаад Цэвээнравдан даргыг шүүмжлээд байгаа юм. Цэвээнравдан дарга чинь их юм хийж байгаа шүү.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Зөв зүйтэй асуудал анхааралдаа авна. Элбэгдорж ерөнхийлөгчийн үйл ажиллагааг маш муу байна гэж хүмүүс хэлж байгаа нь бас нэгийг бодогдуулж байна.

 Иргэн Чинбат

Төрийн албаны хүмүүс алдаа гаргачихаад албан тушаалаасаа явдаггүй. Гэмт үйлдлийг нь авилгатай тэмцэх газар өгөхөд шалгасан дүр үзүүлээд энэ хүн зүгээр байна аа хэрэгсэхгүй болгоё, хэрэгсэхгүй болгоё гэдэг.

УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг бүгдийг шууд ард түмнээс нэр дэвшүүлж, ард түмнээс сонгодог болгох хэрэгтэй. Нам хэрэггүй. Намаас сонгохоор л луйварчидыг сонгогдоод байна. Ганбаатар та бол Монголдоо эхний тавд дархан орох эх оронч, дайчин тэмцэгч шүү. Сэтгэлээр унаж болохгүй. Улам ч зоригтой тэмцэх хэрэгтэй тантай хамт бид байна. Тантай ард түмэн чинь хамт байгаа. Бид ялна. Монгол хөгжинө. Мундаг болно шүү. Битгий шантар.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Оюутолгойн эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурлаа гэсэн мэдээлэл аваад би жаахан сэтгэлээр унасныг хүмүүс битгий шантар гэж байна. Зүгээр ээ би шантрахгүй. Улам л тэмцэнэ. Маргааш шууд онгоцоор нисэж очоод Улаанбаатарт хэвлэлийн бага хурал зохион байгуулж үнэн байдлыг хүмүүст ойлгуулахын төлөө ажиллана.

Ариунжаргал /ҮХ-ны дарга/

Ард олон маань их бухимдалтай байна. Яагаад гэвэл төрийн түшээдийн маань ам нь наашаа эргэж худлаа ярьсан ч, сэтгэл нь цаашаагаа харчихсан байгаад л бухимдаад байна.

Авилгатай дайн зарлаад ч, утаатай байлдаан хийгээд ч үр дүн гарахгүй байна. Японы засгийн газрыг ард түмэн нь агаарын бохирдлыг бууруулж чадаагүйн улмаас шүүхэд өгөөд ард түмэн ялсан. Тэгээд одоо хорт хавдараар өвдсөн хүмүүсийг Засгийн газраас эмчигээний төлбөрийг нь дааж, үнэ төлбөргүй эмчилдэг болсон. Манай Засгийн газар тийм хэмжээний ёс суртахуунтай болох цаг хэзээ вэ?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Ариунжаргал дарга бол намайг Монголын ҮХ-ний ерөнхийлөгчөөр эрчтэй ажиллахад их тус болсон хүн. Манай Үйлдвэрчний холбооны дээд шатанд ч Үйлдвэрчний байгууллагын сайхан статусаар амьдардаг хүмүүс байдаг өчнөөн байр орон сууц, газрыг өөрийн болгож авсан байсныг би буцааж олон түмэнд нь өгсөн.

Иргэн Г.Хүрэлмөнх:

Монголын улс төр дампуурчихсан гэдэг нь харагдаж байна. Бид тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй болжээ. Улс төрийн шударга шинэ хүчин гарцаагүй үгүйлэгдэж байна.

Битүү худалдааны захыг барихад худалдаа эрхлэгчдээс нэг тэрбум төгрөг нийлүүлж, захыг тэдний эзэмшилд өгнө. Та нарыг хөрөнгөтэй болгоно гэж анх итгүүлээд мөнгө цуглуулж авсан ч тэр хүмүүсийн мөнгийг үрэн таран хийчихээд урьд нь ярьж байснаасаа буцаж, шал өөр болзол тулгаж байгаа. Үүний цаана газрын асуудлаас өгсүүлээд гэмт хэргийн шинжтэй зүйлүүд байгаа. Үүнээс болоод бид хоорондоо шүүхдэлцээд л байж байдаг. Мянгад сумын нутаг Халзан бүргэтэйд лиценз эзэмшиж байгаа комданий үйл ажиллагаанаас орон нутагт ноцтой гамшиг тарих магадлал ажиглагдаж байгаа. Ийм учраас лицензийг нь цуцлуулах хэрэгтэй байна. Түүний цаана өндөр албан тушаалтан нэр бүхий нөхөд байна гэж ойлгогдсон. Монголын улс төрийн тогтолцоог өөрчилж, зөв зам руу оруулахын тулд яах хэрэгтэй гэж Ганбаатар гишүүн та бодож байна. Ямар хүчнийг дэмжиж гаргаж ирвэл Монгол улс маань дээрээ ч, доороо ч хөл, толойгоо олох бол?

Д.Цэвээнравдан (аймгийн Засаг дарга)

Хүрэлмөнхийн хэлсэн Монголын улс төр дампуурч байна гэдэгтэй санал нэг байна. Үүний нэг нь энэ битүү захын асуудал. Хэсэг хүмүүс зохион байгуулаад төсвөөс барьж өгсөн энэ зүйлийг хүмүүс үнэ төлбөргүй авах ёстой гэсэн. Авилгатай тэмцэх газарт энэ талаар надтай холбогдуулж өгсөн гомдлыг хэрэгсэхгүй болголоо гэж надад утсаар мэдэгдэж байна лээ. Энэ захад та нарыг орохгүй бол. Улаанбаатараас бизнесменүүд ашиглая гэж санал тавьж байгаа.

Холбогдох эх сурвалжийн тодруулга ба байр суурь:

Битүү захын асуудлаар баримт нотолгоотой хангалттай олон нийтлэл мэдээллүүд гарсан болохоор уншигчид мэдэж байгаа байх. Эвийн хүч хоршооны 300 гаруй хүн бол өөрсдийн эрх ашгийн төлөө л хохирлоо барагдуулахын төлөө л тэмцэж байгаа. Авилгатай тэмцэх газар болон бусад холбогдох газрууд асуудлыг шалгаж байгаа. Ямар нэг дүгнэлт, шийдвэр гаргаагүй байгаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Халзан бүргэтэй, мөн битүү зах гэх мэттэй холбоотой буруу, бусармаг зүйлсийн талаар баримттай мэдээлэл байвал өгөөрэй. Хамтарч тэмцэхэд бэлэн байна. .

Улаанбаатарт залуучуудын гурван шинэ бүлэг ажиллаж байгаа. Шудрага ёсны төлөө гэсэн хүмүүс тэдэнтэй нэгдэж болно гэж бодож байна.

Махатма Ганди гуай “Манай оронд хүн болгонд сайхан амьдрах боломж байна. Цөөхөн шуналт хүмүүсийн шуналыг гүйцэтгүүлэх баялаг алга гэж хэлсэн байдаг. Одоо манайд энэ үг л орой руу орохоор байдлууд гараад байна.

Эрдэнэбүрэн сумын Шураг баг Нямдорж.

УИХ-ын гишүүд ард түмнээ төлөөлж чадахгүй, хариуцлага, сахилгагүйн зуданд ороод байна.

Улс орныхоо эдийн засгийг хямраах олигархийн бүлэглэл болж ажиллаад байгаа нь тун таагүй.

Төрийн хүмүүс өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай ярьсан хэлснээ ягштал биелүүлдэг байх ёстой гэтэл тийм байдал алдагдлаа. “Айлыг тараая гэвэл хүүхдийг нь эрхлүүл. Төрийг нураая гэвэл түшмэдийг нь эрхлүүл” гэдэг үгийг бодмоор байна.

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Таны хэлдэг энэ мэргэн үг бол гайхалтай үнэн үг байна. Өнөөдөр үнэхээр Монголын төр эрхлэж тарвалзсан түшмэдүүд, нам, бүлэглэлийн эрх ашигт хуваагдсан албан тушаалтнуудаасаа болоод дампуурахдаа тулсан байгаа.

Уул нь 76 гишүүн нэг нэг л асуудал барьж аваад 4 жил үнэн сэтгэлээсээ зүтгэвэл Монгол орон сэгийтлээ босно шүү дээ.

Иргэн (нэрээ хэлээгүй)

Их хуралд сонгогдчихлоо гэхээр яаж ч болдог гэж боддог юм шиг байна. Тэр их хуралд чинь сэтгэлтэй малчдыг аваачаад суулгачихад өлхөн хийчихнэ гэдгийг хэлмээр байна. Оюутолгой, Тавантолгойн гэрээ бол бидний хойч үеийн хувь заяаны асуудал. Түүгээр тэгж тоглож болохгүй. Аймагт гэхэд шудрага бус бугшсан зүйлүүд зөндөө л байж байдаг. Үүнийг доороосоо л засаж өөрчлөх хэрэгтэй дээрээсээ засагдана гэж хараад нэмэргүй гэж бодож байна.

 Г.Үнэнтоль

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …