СОСОРБАРАМЫН ТЭМҮҮЛЭН /1977-2015/
МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чанарын холбооны гүйцэтгэх захирал Сосорбарамын Тэмүүлэн нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй гарз, хохирол тохиолоо.
С.Тэмүүлэн нь 1977 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод Сосорбарамын Ууган хүү болон мэндэлж, бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөсөн билээ. С.Тэмүүлэн нь 1985-1991 онд Москва хотын 104-р дунд сургуулийг, 1991- 1994 Улаанбаатар хотын Орос-Монголын хамтарсан 3 дугаар дунд сургуулийг дүүргэсэн.
1994 -1998 онд ШУТИС-ийн Компьютер техник, мэдээллийн сургуулийг, 1999-2010 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотын их сургуулийг, 2012 -2014 онд Монголын үндэсний их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэж, 2015 оноос Батлан хамгаалахын их сургуульд Төрийн удирдлагын магистрантурт суралцаж байлаа.
С.Тэмүүлэн нь 2005 оноос Монголын чанарын холбоонд албаны дарга, гүйцэтгэх захирлын албыг хашиж байв. Мөн 2012 оноос МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагатай албыг хашиж байсан юм.
С. Тэмүүлэн нь хариуцсан ажилдаа чин сэтгэлтэй, итгэл үнэмшилтэй, идэвхи санаачлагатай ажилладаг байсан бөгөөд хөдөлмөрч, чадварлаг, хамт олондоо үлгэр дуурайлал нь болсон шилдэг залуу байлаа.
Тэрээр Монгол эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, монголын залуучуудын ирээдүйн хөгжлийн төлөө анхаарч ажилладаг шилдэг манлайлагч байсан юм.
Бидний эрхэм нөхөр С.Тэмүүлэнгийн хөдөлмөрч, нөхөрсөг, эгэл даруу зан төрх нь үеийн үед монголын залуучууд бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.
Ум сайн амгалан байх болтугай.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо, АШЁМЗХ