Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд тусгай хамгаалалтад авч байгаа тухайн газрын хилийн заагийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа байгалийн бүсийн хэв шинжийг төлөөлж чадах экосистемийн онцлог, ландшифтын унаган төрх байдлаа хадгалж үлдсэн ач холбогдол, эрдэмтэн судлаачдын багийн судалгааны ажлын үр дүн, иргэдийн санал дүгнэлтэд үндэслэжээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл гурван заалтаас бүрдэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, хавсралтаар хилийн заагийг батлахаар тусгажээ.
Ноён уулыг хамгаалалтад авснаар тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг өнөөдрийн түвшинд хадгалж үлдээхээс гадна түүхийн хосгүй өв Хүннүгийн булш бунхныг хэвээр үлдээж, Хүннү гүрний төв одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт хэвээр үлдээх чухал ач холбогдолтой. Ноён уулыг дурсгалт газрын ангилалд оруулснаар Засгийн газрын тогтоолоор баталсан нормативын дагуу хоёр хүртэл тооны байгаль хамгаалагчийг нэмж ажиллуулах юм.