Улаанбаатар болон БНХАУ-ын Бээжин хотын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр “Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг хоёр өдрийн турш зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газрын инженер, техникийн ажилтнууд болон нийслэл, дүүргийн Онцгой байдлын газрын алба хаагчид зэрэг 80 гаруй хүн хамрагдлаа.

НОБГ-ын дэд дарга бөгөөд Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга Д.Хадбаатар “Энэхүү сургалтад нийслэл, дүүргийн Онцгой байдлын газрын төлөвлөлт, эрсдэл хариуцсан 20 гаруй мэргэжилтэн хамрагдаж, Бээжин хотод болзошгүй үерийн үед авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, сайн туршлагаас суралцлаа. Тухайлбал, БНХАУ-ын Бээжин хотод үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр “Хөвөн хот” аргачлалыг хэрэгжүүлдэг. Энэ аргачлалын шийдэл, технологийг судалж, Улаанбаатар хотод нутагшуулах боломжийн талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ. Сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа цаашид болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх гамшгийн төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжүүлнэ” гэв.

ГУББГ-ын Ерөнхий инженер О.Батсайхан “Бээжин хотын Усны газрын дарга Лю Бинь тэргүүтэй төлөөлөгчид “Хөвөн хот”-ыг хөгжүүлсэн туршлага, “Бээжин хотын үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын танилцуулга” зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсүүдэд ажиллаж, холбогдох зөвлөмжүүдийг өгч, Ногоон нуур орчмын тохижилт, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажилтай танилцаж, харилцан туршлага солилцож байна. Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалахын тулд гол дагуух орчныг ногоон байгууламжтай, иргэд амарч, аялахад тохиромжтой байдлаар тохижуулж, байгальд ээлтэй ногоон үерийн хамгаалалтын шийдлийг хэрэгжүүлэх, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэдэг зөвлөмжийг Бээжин хотын төлөөлөгчид онцолж байна” гэв.
Мөн БНХАУ-ын Бээжин хотын Усны газар болон нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар цаашид хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.



Эх сурвалж: ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл