Одоогоос 7 жилийн өмнө ярих бүрдээ шударга ёсны тухай хэлж байсан Их сургуулийн хуулийн багш залуу АН-ын “буян”-аар Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д 2 удаа сонгогдож, энэ хугацаанд Хууль зүйн сайдаар чамлахааргүй хугацаанд ажиллалаа.
Өнгөрсөн хугацаанд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн энэ салбарт хийсэн эерэг, сөрөг зүйлийг энэ салбарынхан төдийгүй олон нийт сайн ойлгож байгаа.
Хууль зүйн сайдаар ажиллаж байхад олон ажлын эхлэлийг тавьж хэрэгжүүлж эхэлсэн нь түрүүчээсээ буруудах болсон. Цагдаагийн цолыг албан тушаалтай холбож өгдөг болсноос болж 25 настай хурандаа, 45 настай дэслэгчийн мөрдөстэй албан хаагчид ил далдаар сайдынхаа бодлогод дургүйцэн хандах болсон. Шүүхийн тойргийн хэлбэрийг нэгтгэсэн нь Үндсэн хууль зөрчсөн болж одоо эргээд буцааж хуучнаар нь болгож байна. Үүний үр дүнд улсад их хэмжээний хохирол учруулсан байдаг.
Дээр нь цагдаагийн хувцсыг Туркаас нано технологиор бүтсэн даавуун материалаар хийсэн хувцас оруулж ирлээ гэсэн нь үнэндээ хятадын хамгаалалтын хувцас байж таарсан. Түүгээр зогсохгүй хувийн зүгээс 19 настай Д.Сарангэрэл гэх охинтой “учир ургуулж” тэр нь хар тамхины хэргээр цагдаагийн байгууллагад баривчлагдахдаа Х.Тэмүүжин сайд руу удаа дараа залгасан байдаг. Х.Тэмүүжин Д.Сарангэрэл охинд өмгөөлөгч гаргаж өг гэж үүрэг өгч байснаа өөрийн амаараа нийтэд хэлж байсныг ард иргэд одоо ч мартаагүй байна. Энэ охиныг Х.Тэмүүжинтэй холбоогүй, хүмүүс гүтгэсэн гэж бодоход Хууль зүйн сайд ямар хүнд өөрийн зүгээс өмгөөлөгч гаргаж өг гэж “лүндэн” буулгах вэ?
Мөн тэрбээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтын бусаар буюу албан тасалгаа болгон ашиглах шийдвэр гаргасан. Үүнээс болж салбарынхныхаа эсэргүүцэлтэй тулгарч, улсад тодорхой хэмжээний хохирол учруулж байж шийдвэрээ цуцалсан.
Энэ бүхний дараа УИХ –ын нэр бүхий гишүүн түүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан боловч уг асуудал нь УИХ дээр хэлэлцүүлэгдэхийн өмнө тухайн гишүүн огцруулах хүсэлтээ өөрөө татсан байх.
Монголын хууль эрх зүйн орчныг шинэчилнэ гэсэн Х.Тэмүүжиний гэгээн хүсэл онолын мэдлэгт практик буусан боловч, онол практикийн ялгаатай байдлыг тооцоогүйн улмаас өнгөрсөн 7 жилд албан тушаалын өөрчлөлт, амьдрал дээр хэрэгжих магадлал муутай хэд хэдэн хууль, Тахарын албыг шинээр байгуулсан явдал, Иргэний шилжилт хөдөлгөөн, харьяатын албанд хилийн цэргийн зарим хэсгийг нэгтгэсэн, шүүхийн тойргийг өөрчилсөн, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба буюу цагдаа, прокурорыг шалгадаг байгууллагыг татан буулгасан зэргээр дороо эргэлдэж, баахан бужигнууллаа.
Одоо харин энэ салбарыг бужигнааныг эргээд эв зүйд нь оруулах гэж салбарын сайд нь ажиллаж байна.
Гэтэл унасан бөх ууртайн үлгэрээр “өөртөө хамааралтай элдэв асуудлын бурууг шинэ сайдад тохож, уснаас өөрөө хуурай гарах”-ыг хичээж хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, камер хараад “энхийн цагаан тагтаа шиг” ярьж байгаа түүний арга ядсан үйлдлүүдийг нь хараад “одоо болно оо, Х.Тэмүүжин” гэж хэлмээр санагдах юм.
Тэр сайд байж үзсэн, эрх мэдэлтэй байж үзсэн, шинэчилж үзсэн, өөрчилж үзсэн, “сайн дүү”-тэй байж үзсэн. Одоо харин бусдыг буруутгах гэж биш, бодлогод саналаа нэмэрлээд явах нь зүйтэй мэт санагдана.
А.Гал