Нээлтээ хийсэн даруйдаа үзэгч олны анхаарлыг ихээхэн татаж буй “Зангараг” уран сайхны киноны талаархи сонирхолтой мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. Монголын кино урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх авьяаслаг жүжигчний дөрвөн үеийн удмын төлөөлөл энэхүү кинонд тоглосон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус киноны зохиолоос үүдэн найруулагч, продюссерыг нь манай томоохон рекетүүд эрэн сурвалжилж байгаа ноцтой мэдээлэл олныг шуугиулаад авсан. Энэ талаар “Зангараг” уран сайхны киноны зохиолч, найруулагч А.Батбаатараас тодруулга авснаа уншигч та бүхэнд хүргэе.
-Киноны нэрнээс эхлээд л үзэгч, уншигчдийн сонирхол татахуйц зүйл зөндөө байна. Тухайлбал, уг киног нээлтээ хийх сургаар найруулагч, продюссерыг нь рекетүүд эрж яваа тухай мэдээлэл олныг шуугиуллаа. Энэ үнэн үү?
-Энэ бүхнийг ор үндэсгүй яриа гэж би хэлэхгүй. “Зангараг” киноны найруулагч, продюссерыг нь рекетүүд эрж байгаа тухай яриаг бид хэдийнэ сонсч мэдсэн. Бас гадуур ч энэ талаар нэлээдгүй яригдсан байна лээ. Албан ёсоор тайлбарлаж хэлбэл, “Зангараг” нэртэй кино зохиол нэлээд олон жилийн өмнө бичигдэж байсан юм билээ. Гэхдээ манайхаас арай өөр л дөө. Монголын нийгмийн далд ертөнцөд амьдарч байгаа хулгайч, дээрэмчин, рекетүүдийн талаар хэтэрхий тод томруун харуулсан учраас тухайн үед мөнөөх хүмүүс нь уг кино зохиолыг устгаж үгүй хийсэн гэдэг юм билээ. Түүнээс хойш нэлээд хэдэн жилийн дараа яг ийм “Зангараг” нэртэй кино зохиол дахиад гарч ирэхээр тэр хүмүүст тодорхой хэмжээгээр болгоомжлох сэтгэл төрсөн байж мэднэ. Магадгүй, нөгөө хуучин кино зохиолыг нь сэргээж дэлгэцэнд гаргах гэж байна гэж хардсан байх л даа. Бид нар ч тэр хүмүүстэй уулзаж кино зохиолынхоо утга агуулгыг тайлбарлахдаа “Хэн нэгний муу муухайг үзэх ч юмуу нийгэмд байгаа далд бүхнийг уудлах гэж зорьсонгүй. Энэ бүтээл маань ямар нэгэн хар буруу санаа агуулаагүй. Адал явдалт, цэвэр уран бүтээл тал руугаа хийгдэж байгаа учраас кино маань сайн сайхан руу чиглэсэн утга агуулгатай” гэж тодорхой ярилцсан. Тэдгээр хүмүүсийн зүгээс бидэнд учруулсан ямар нэгэн дарамт шахалт ч байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.
-Сүүлийн үед бараг үнэгүйдээд байгаа эр хүний “Зангараг” гэгч жинхэнэ мөс чанарыг харуулсан бүтээл болжээ гэж үзэгчид маань ам сайтай байна. Таны хувьд, энэ сэдвийг хэрхэн сонгож авах болов. Ер нь зангараг гэж чухам юу вэ?
-Баярлалаа, их сайхан асуулт байна. “Зангараг” гэдэг зүйлийг чухам юун дээр харуулах гэж бид нар их бодсон. Ер нь, ямар ч орчин төрж өссөн хүмүүст тодорхой хэмжээгээр зангараг бий. Өөрөөр хэлбэл, тухайн хүн ямархуу зангарагтай болох вэ гэдэг нь түүний төрж өссөн орчноос огт хамаарахгүй гэсэн үг. Энэ бол цэвэр ухамсрын асуудал. Өөртөө тавьсан зорилгодоо үнэнч тууштай хандаж, нийгэмдээ хэрэгтэй хүн болж төлөвшөөд явбал ямар ч хүн зангарагтай байж чадна. Манайхан зангарагтай эр хүн гэхээр л буруу ойлгоод байдаг шүү дээ. “Энэ лаг баавартай, үнэтэй цайтай юм хэрэглэдэг энэ тэр” гэдэг ч юмуу… Ер нь зангарагтай эр хүн гэдэг бол хэлсэн үгэндээ үнэнч, хийсэн үйлдэлдээ эзэн нь байж, хэзээ ч нугарашгүй ноён нуруутай байхыг л хэлнэ дээ. Зангараг гэдэг маань эр хүний дотоод сэтгэлээс илэрхийлэгдэж гарч буй тэр хамгийн сайн мөн чанар юм шүү гэдгийг энэ киногоороо харуулахыг зорьсон юм. Залуус маань ч гэсэн цаашдаа энэ талаар сайн бодож байгаасай. Түүнээс биш зүгээр нэг баавартай яваад ч юмуу үнэтэй машин суусан хүмүүс зангарагтай болж харагдахгүй. Яг энэ тал руугаа л уран бүтээлчид маань чиглэж ажилласан хэрэг. Би энэ кинондоо олны нүдийг хужирласан гоё сайхныг тоглуулаагүй. Үнэтэй юм эдэлж хэрэглэсэн хүнийг хараад ямар ч үзэгч “Зангарагтай эр хүн” гэж дүгнэхгүй нь лав. Зангарагтай эр хүн гэж чухам ямар хүн байдгийг үзэгчид маань энэ киног үзээд маш сайн ойлгох байх аа.
-Та өмнө нь ямар бүтээлүүд дээр ажиллаж байв. Энэ таны хэд дэх кино вэ?
-Энэ бол миний бие дааж хийсэн анхны кино. Өмнө нь нэлээд хэдэн киноны зураглаачаар ажиллаж байлаа. “Зангараг” уран сайхны кино маань миний найруулагчаар ажилласан анхны бүтээл. Мөн “sky Pyramid” студийн маань анхны кино гэдгээрээ маш их онцлогтой болж байна даа.
Б.Содон
PHOTONEWS.MN