Мэдээж чи бол сайн ээж бас сайн халамжлагч. Гэхдээ яг одоо өсвөр насан дээрээ яваа охин эсвэл хүү чинь сайн халамжлагч, асрагчийн хүч хөдөлмөрийг үнэлж мэдэхгүй яваа. Тэд өөрсдийгөө эрх чөлөөгүй, бусдаас хараат байгаа мэт мэдэрч аль болох чамаас зугтаана. Харин яг ийм үед нь сайн найз, сайн хамтрагч байж чадах юм бол та хоёрын хоорондох уур амьсгал илүү сайхан болох болно. Гэхдээ ямар үед сайн хамтрагч бас сайн найз байх хэрэгтэй вэ?
Тохиол №1 Түүний хувцаслалт
Хэрвээ та хоёр хамт дэлгүүр хэсч байгаа бол түүний сонголтыг хэзээ ч бүү үл ойшоо. “Энэ ямархуу байна?” гэж асуух үед нь түүнд дэмжлэг үзүүл. Өмсөөд үзэхийг ятга. Тэр үүнийг өмсч үзэхийг бас авахыг хүсч байгаа ч өөрийг нь дэмжих найзын ятгалгыг л хүлээж байгаа. Хэтэрхий онгорхой, задгай, нэвсгэр, загваргүй, өнгө муутай байх нь хамаагүй. Тэр өөрийн гэсэн ертөнцтэй өөр нэгэн шүү дээ.
Тохиол №2 Түүнийг сонс
Бие нь өвдсөн юм шиг л уруу царайлсаар гэртээ орж ирэхэд нь шүүмжилж, зандарч загнан улам л тавгүй нөхцөл байдал бий болгохын оронд түүнээс юу тохиолдсоныг нь асуу. “Бүх юм зүгээр” гэсэн хариулт бол “Бүх зүйл зүгээр биш байна. Та надад туслаач” гэсэн үг шүү. Аль болох тайван найзархаг өнгө аясаар яриа өд. “Би өнөөдөр эрт гарах гэсэн амжсангүй. Миний охинд ямар нэг зүйл тохиолдоо юу? Ээж нь арван жилд байхдаа найзуудтайгаа маргалдахаараа эсвэл бүх зүйлээс уйдаад эхлэхээрээ л нэг ийм царайтай болдог байж билээ” гэх зэрэг өөрийнхөө хүүхэд насыг дурсан аль болох яриулах талаас хандаарай. Түүнийг сонсох найз л хэрэгтэй байгаагаас маяглаад бай гэж загнах хүн хэрэггүй. Тиймээс бүү түүнийг зовоо зүгээр л сонсож өгөхөд хангалттай шүү.
Тохиол №3 Түүний үлгэр жишээ найз
Өсвөр насны хүүхдүүдийг үглэж загналаа гээд тусыг олох нь ховор. Харин тэдэнд үйлдлээр харуулах юм бол илүү үр дүнтэй. Өглөө эрт босдог ээж аавын дэргэд өссөн хүүхэд бие даах үедээ өөрийн мэдэлгүй эртэч болчихсон байдаг. Хоорондоо сайхан харилцаатай байдаг хосуудын дунд хүүхэд ааш зан сайтай болж төлөвшдөг. Өсвөр насан дээрээ ирсэн ч гэсэн бусдыг хүндлэх ёстой гэдэг ухмсараа гээдэггүй. Тиймээс тэдэнд үлгэр жишээ үзүүлдэг найз нь болох хэрэгтэй шүү, та хоёр хоёулаа.
Тохиол №4 Үе тэнгийн мэт харилцаа
Түүнийг өхөөрдөхдөө ч том болсон хүн гэдгийг мэдрүүлж бай. “Миний залуу ч мундаг шүү” эсвэл “Миний том охин ажилсаг” гэх мэт тэднийг том болсон гэдгийг хүлээн зөвшөөрч харилцах хэрэгтэй. Хэрвээ түүнийг найзуудтайгаа хамт явж байхад нь таарах юм бол “Залуу минь хаа хүрэх гэж байна. Өнөөдөр ээждээ туслахаа мартав аа!” гэх зэргээр илүү хариуцлагатай яриа өрнүүлээрэй.
Сайн хамтрагч
Тохиол №1 Хамтдаа суралц
“Өнөөдөр ямар дүн авсан бэ?” гэж асуухын оронд “Сургуулиар нь сонин сайхан юу байна?” гэж асуувал илүү оновчтой. Бас шинээр үзсэн хичээлийг нь асууж хамтдаа түүнийг нь судалж ойлго. Онц сур гэж шаардахын оронд сониуч байж, аливаа зүйлийн учрыг нарийн сайн ойлгож мэддэг болоход нь туслах хэрэгтэй. Гэхдээ энэ нь зааж зааварлана гэсэн үг биш шүү. Хамтдаа суралцана гэсэн үг. Чи ч мөн арван жилдээ үзэж байсан зүйлсээ өдийд мартсан байгаа. Эсвэл тэр үед заадаггүй байсан зүйлийг ч хичээл дээрээ үзэж байж мэдэх юм. Тиймээс хамтдаа суралцаарай.
Тохиол №2 Хамтдаа клубт яв
Та хоёрын дуртай ямар нэг спортын төрөл байдаг бол хамтдаа тэр спортоор хичээллээд үзээрэй. Чамд ч хөдөлгөөн хэрэгтэй бас хүүхдэдээ цаг зав ч гаргах боломж олдох болно. Өдөр бүр нэг нэгнээ гэртээ харахаас илүү өөр орчинд бас тэгээд өрсөлдөж эсвэл нэг баг болж үзвэл та хоёр улам илүү дотно болох болно. Гэхдээ аль аль талаараа сайн үлгэр дуурайл үзүүлэх арга нь хүүхэдтэй болсон ч бай үгүй ч бай өөрийн гэсэн нэг хоббитой байх хэрэгтэй.
Тохиол №3 Хамтдаа галзуу зүйл хий
Үргэлж л “Болохгүй, бүтэхгүй, аюултай “ гэж хэлдэг ээж аавуудын дотор ч мөн ямар нэг галзуу зүйл хийх хүсэл байсаар л байдаг шүү дээ. Гэхдээ тийм ч осол эндэгдэлтэй бус өмнө нь огтхон ч хийж байгаагүй зүйлээ хүүхэдтэйгээ хамт хийгээд үз. Нисэх, усаар байлдах, пэйнтбол тоглох, явган аялалд гарах, усан гулгуураар гулгах гэх мэт маш олон зүйл энэ дэлхий дээр бий.
Тохиол №4 Хамтран ажилла
Хамтран ажиллах санал тавьж, гэрээ байгуул. Өөрт нь хадгаламжийн дэвтрийг нь өгөөд яаж мөнгө цуглуулж болох арга замуудыг хэлж өг. Хэрвээ нэг сарын дотор ээж аавынхаа өгсөн халаасны мөнгөнүүдээс тодорхой хэмжээгээр хадгалж чадах юм бол тэр мөнгийг нь нэг нугалж өгнө гэж гэрээнд тусгаад түүнийг хэр шаргуу байхыг нь ажиглаарай. Мөн нэмэлт ажил даалган багахан мөнгөөр цалинжуулсан ч болно.
“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг.”
Гоолингоо.мн