Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх саадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хууль бус зар сурталчилгаа, хуурамч бараа бүтээгдэхүүнийг таслан зогсоох тал дээр Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Энэ санамж бичгийн хүрээнд тус газартай тодорхой хяналт шалгалтын ажлуудыг хамтран хийхээс гадна монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг тогтоох судалгааг хамтран хийх, хууль бус зар сурталчилгааг зогсоож, хуулийн хүрээнд шударгаар зар сурталчилгааг явуулах тал дээр хяналт тавих, хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх, гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа асуудлуудыг таслан зогсоох тал дээр ажиллана” хэмээн онцолсон юм.
Түүнчлэн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, өрсөлдөөний бодлого, соёлыг төлөвшүүлэх, хэрэглэгчийн эрхийг зөрчүүлэхгүй байх тал дээр ухамсарыг дээшлүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэсэн сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна гэдгийг ч мөн дурдлаа.
Мөн талууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хамгаалахад чиглэсэн төрөөс баримтлах бодлогыг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна бизнес дэх төрийн оролцоо, зохицуулалтуудыг багасгахад чиглэсэн бодитой алхамуудыг авч хэрэгжүүлэх, энэ чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулах аж.