S.Outlet’s-д өгөх Мэргэжлийн байгууллагуудын хариу
Дэлхийн брэндээр монголчуудаа гоёж байгаагаа гайхуулж, өдөр болгон шахуу задгай талбайн зад хямдрал хэмээн утсаар уриалан дууддаг “S.Outlets” бэлэн хувцасны дэлгүүрийнхэн урсгал нь татраад олон жилийн нүүрийг үдэж буй Сэлбэ голын улаан голыг таслахаар шийдэв бололтой. Тодруулбал, тэд Сэлбэ голын эргийг ашиглаж Сэлбийн эргийг түрээд зогсохгүй, гол дээр нь шороо асгаж, хэд, хэдэн барилгын ажилд ханцуй шамлан орж, хууль дүрмийг уландаа гишгээд чамгүй удлаа.
Сэлбэ гол цагтаа эргээ халин урсдаг байсан тухай дурсан санааширдаг нийслэлчүүд урсацыг нь сайжруулах төслийн тухай ч бас хожим түүх болгон ярих л үлдэв бололтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан С.Батболдын санаачилгаар “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчныг тохижуулах” төслийн хүрээнд өнгө төрхийг нь өөрчлөхийн сацуу голоо аврахаар бүтээн байгуулалтын ажлыг одоогоос дөрвөн жилийн өмнө өрнүүлсэн билээ.
Тухайн үед Сэлбэ голын эрэг дээгүүр өдөржин, шөнөжин машин холхилдож, ажлын хувцсаар жигдэрсэн хүмүүс бужигналдан, тун сүрхий бүтээн байгуулалт өрнүүлсэн. Гэвч тэд 350 метр газрыг чүй ай тохижуулаад, хаашаа ч юм, арилаад өгсөн юм. Тэд үүнийгээ 8.9 тэрбум төгрөг шаардлагатай төсөлд нийслэл болон дүүргийн төсвөөс 2 тэрбум төгрөг гаргаж өгсөн гэсэн шалтгаанаар цэвэрхэн тайлбарлачихсан гэж байгаа. Ийнхүү хоёр тэрбум төгрөгөөр “наргисан” уг төслийг зогсоомогц хувийн хэвшлийнхэн ч урай хашхираад л, дураараа дургиж эхлэв.
Иймд бид S.Outlet’s дэлгүүрийнхэн ямар учраас, хэний зөвшөөрлөөр Сэлбэ гол дотор шороо асгаж, хашаагаа өргөсгөөд зогсохгүй, Усны тухай хууль болон хэд, хэдэн хуулийг санаатайгаар зөрчиж, дур зоргоороо аашилж байгааг тодруулахаар сурвалжилсан юм.
Г.Мөнхтуул: “Иргэн аж ахуй нэгжүүд өөрсдөө хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй байна”
/НЕТГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн /
– Тус үйлчилгээний барилга нь НЕТГ-ын 2014 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 980 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавараар Д.Батзориг гэдэг иргэний нэр дээр гарсан. Энэ үйлчилгээний барилгад хоёр барилга орж байгаа. Нэг нь түр барилга, хэмжээ нь 16*30 метр, яг барилга нь 42*18 метрийн хэмжээтэй, доороо зоорийн давхартай, төмөр бетонон карказан 1-16 давхар үйлчилгээний барилга гэж зөвшөөрөл авсан.
Уг ажил нь Улаанбаатар хотын 2020 оны Ерөнхий төлөвлөгөө, Сэлбэ голын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж тохижилт, зам талбай, гэрэлтүүлгээ төлөвлөнө гэж зөвшөөрлөө авсан.
– Гэтэл олгосон зөвшөөрлийг урвуулан ашиглаж, Сэлбэ гол дотор шороо асгаж, хашаагаа өргөсгөөд, Усны тухай болон хэд, хэдэн хуулийг зөрчиж байна энэ талаар?
– Манай хяналтын албанаас шаардлага тавьж болно. Гэвч Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагчид л торгууль тавьж, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох эрх үүрэг нь байдаг. Төрийн байгууллагынхаа хувьд бидэнд хууль дүрэм зөрчөөд байгаа үйл ажиллагаанд шаардлага тавих л эрх бий, төлөвлөлт зөрчсөн гэдэг үндэслэлээр.
Хэрвээ мэдэгдэл шаардлагыг хүлээж авахгүй байвал санкц буюу арга хэмжээ авах эрх бүхий хүн нь улсын байцаагч. НЕТГ-аас ийм зөвшөөрлийг олгосон. Энэ бол ногоон байгууламж байх ёстой юм байна. Гэтэл барилгынхаа ажлыг хийхдээ голынхоо гольдрол руу оруулаад үйл ажиллагаа хийж байгаа юм байна. Үүнийг таслан зогсоох бүх эрх нь Мэргэжлийн хяналтын байцаагчид бий.